Езекиел [1]

1 Гуч дахь жилийн дөрөвдүгээр сарын тавны өдөр намайг Хебар голын дэргэд цөлөгдөгсдийн дунд байсан үед тэнгэр нээгдэж, би Бурханы үзэгдлүүдийг үзэв.
2 (Иехоиахин хааны цөллөгийн тав дахь жил байв. Тэр сарын таванд
3 халдеичуудын нутгийн Хебар голын дэргэд Бузын хөвгүүн тахилч Езекиелд ЭЗЭНий үг тодорхойгоор иржээ. Тэнд ЭЗЭНий мутар нь түүний дээр ирэв).
4 Намайг харж байхад, харагтун, умардаас салхи, шуурга үргэлжлүүлэн урагш гялбах галтай асар том үүл ирж байсан. Түүнийг тойрон хурц гэрэл байж, голд нь гал доторх улайссан төмөр мэт нэгэн зүйл байв.
5 Түүн дотор дөрвөн амьд биетэй төстэй дүрс үзэгдсэн. Тэдний дүрс нь энэ байв. Тэд хүмүүний дүрстэй байв.
6 Тэдний тус бүр нь дөрвөн нүүр, дөрвөн далавчтай байв.
7 Тэдний хөл нь цэх, хөлийн ул нь тугалын туурай мэт бөгөөд тэд өнгөлсөн хүрэл адил гялалзаж байв.
8 Далавчнуудынх нь доор, тэдний дөрвөн талд нь хүний сарвуу байв. Тэр дөрвийн нүүр болон далавчнуудын хувьд гэвэл,
9 тэдний далавчнууд нь хоорондоо шүргэн, тэднийг хөдөлж байхад нүүрнүүд нь эргэхгүй байсан бөгөөд тус бүр чигээрээ урагшилсан.
10 Тэдний нүүрнүүдийн дүрс нь гэвэл, тус бүр хүний нүүртэй байв. Тэд дөрвүүлээ баруун талдаа арслангийн нүүртэй, зүүн талдаа бухын нүүртэй, мөн дөрвүүлээ бүргэдийн нүүртэй байв.
11 Тэдний нүүрнүүд нь ийм байв. Тэдний далавчнууд нь дээд талаасаа дэлгэгдэн, тус бүр нь нөгөө биетээ шүргэсэн хоёр далавчтай ба биеэ бүрхсэн хоёр далавчтай байв.
12 Тэд тус бүр чигээрээ урагшилсан. Сүнсний явах гэж байсан ямар ч газарт тэд явж, явах үедээ эс эргэв.
13 Амьд биесийн голд, галд шатаж буй нүүрс мэт, амьд биетнүүдийн дунд нааш, цааш хөдөлж буй бамбарууд мэт харагдах нэг юм байв. Гал нь гэрэлтэй байсан ба тэр галаас аянга гялбаж байв.
14 Амьд биес аянгын сумнууд мэт нааш цааш гүйлдэж байв.
15 Намайг амьд биесийг харж байхад, харагтун, тэдгээр дөрвөн амьд биесийн дэргэд, дөрвүүлэнгийнх нь тус бүрд зориулагдсан нэг дугуй газар дээр байв.
16 Дугуйнуудын гадна төрх болон хийц нь гялалзсан биндэрьяа мэт бөгөөд тэд дөрвүүл адил хэлбэртэй байв. Тэдний гадна төрх ба хийц нь нэг дугуй нөгөө дугуйны дотор байгаа мэт байв.
17 Тэд хөдлөх бүрдээ өөрсдийн дөрвөн зүгийн аль нэгэн уруу чиглэн явж, хөдлөх үедээ тэд эс эргэнэ.
18 Тэдний мөөрнүүдийн хувьд гэвэл, тэд сүрлэг болоод аймшигтай бөгөөд тэр дөрвөн дугуйны мөөрнүүдийг тойрон дүүрэн нүд байв.
19 Амьд биес хөдлөх бүрд дугуйнууд тэдэнтэй хамт хөдөлж, мөн амьд биес газраас дээш өргөгдөх бүрд дугуйнууд ч бас өргөгддөг байв.
20 Сүнсний явах гэж байсан ямар ч газарт тэд тэр чиглэлд явсан. Дугуйнууд нь тэдний дэргэд ойрхон өргөгдөв. Учир нь амьд биесийн сүнс нь дугуйнуудын дотор байсан ажээ.
21 Тэдгээрийг явах бүрд эдгээр ч явж, тэдгээрийг тогтуун зогсох бүрд эдгээр ч тогтуун зогсох ажээ. Тэдгээрийг газраас өргөгдөх бүрд дугуйнууд тэдний дэргэд ойрхон өргөгдөв. Учир нь амьд биесийн сүнс нь дугуйнуудын дотор байсан ажээ.
22 Амьд биесийн толгой дээгүүр нь уудам зай мэт, тэдний толгой дээгүүр дэлгэгдсэн гялалзах болор мэт нэгэн зүйл байв.
23 Уудам зайн дор тэдний далавчууд нь, нэг нь нөгөөгийнхөө зүгт, шулуухан сунгагдсан байв. Тус бүр нь өөрийнхөө биеийг нэг талд ба нөгөө талд бүтээсэн хоёр далавчуудтай байв.
24 Тэднийг явах үед бялхсан их усны чимээ адил Төгс Хүчит Нэгэний дуу мэт тэдний далавчнуудын чимээг, хуарангийн чимээ мэт хөл үймээний чимээг би мөн сонсов. Тэд тогтуун зогсох бүрдээ далавчнуудаа буулгав.
25 Тэдний толгой дээрх уудам зайн дээрээс дуу гарсан. Тэд тогтуун зогсох бүрдээ далавчнуудаа буулгав.
26 Тэдний толгой дээр байсан уудам зайн дээд талд гадна төрхөөрөө сапфир чулуу мэт сэнтийтэй төстэй нэгэн юм байжээ. Сэнтийтэй төстэй уг юмны дээр өндөрт хүний төрхтэй дүрс байв.
27 Тэгээд Түүний ууц болон түүнээс дээших төрхнөөс нь дотроо ба эргэн тойрондоо гал мэт харагдах улайссан төмөр мэт юмыг би ажигласан ба Түүний ууц болон түүнээс дооших төрхнөөс нь гал мэт юмыг би харсан. Түүний эргэн тойронд туяа байв.
28 Бороотой өдөр үүлэн дотор байдаг солонгын төрхтэй адил эргэн тойрных нь туяаны төрх нь тийнхүү байв. ЭЗЭНий цог жавхлангийн төстэй байдлын төрх нь тийм байв. Би түүнийг хармагцаа нүүрээрээ хөсөр унасан бөгөөд айлдах дууг сонсов.



[Өмнөх]                [Дараах]



Езекиел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48]