Езекиел [27]

1 Түүнээс гадна ЭЗЭНий үг надад ирж,
2 -Хүний хүү чи Тирийн тухай гашуудлыг гарга.
3 Далайн үүдэнд оршиж, олон эргүүдийн хүмүүсийн худалдааны газар болох Тирт өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
"Тир ээ. "Би төгс үзэсгэлэнтэй юм" хэмээн чи өгүүлэв.
4 Чиний хил хязгаар нь далайн зүрхэнд буй,
чамайг босгогчид чиний үзэсгэлэнг төгс болгов.
5 Тэд Сенирийн гацуур модоор чиний хамаг банзнуудыг хийж,
тэд чамд шураг хийхээр Ливаны хуш модыг авав.
6 Башаны царс модоор тэд чамд сэлүүрүүдийг хийж,
Киприйн арлуудын нарс модоор хийсэн чиний тавцанг тэд зааны соёогоор шигтгэсэн.
7 Чиний дарвуул нь Египетийн нэхмэл маалингаар хийгдсэн ба
энэ нь чиний ялгах тэмдэг болов.
Чиний сүүдрэвч нь Елишагийн арлуудаас авчирсан хөх, нил ягаан өнгийн бөс даавуу байжээ.
8 Сидон, Арвадын оршин суугчид чиний сэлүүрчид байв.
Тир ээ, чиний мэргэн хүмүүс онгоцон дотор чиний залуурчид байв.
9 Гебалын ахмадууд болон түүний мэргэн хүмүүс нь чамтай хамт чиний эвдрэлийг засаж байв.
Далайн хамаг онгоц болон тэдний усан цэргүүд нь чиний худалдаа наймаанд оролцохын тулд чамтай хамт байв.
10 Перс, Луд ба Пут нь чиний цэрэгт, чиний дайчдын дунд байв. Тэд чиний дотор бамбай, дуулгыг зүүжээ. Тэд чиний сүр жавхланг нэмэв.
11 Арвадын хөвгүүд болон чиний цэргүүд эргэн тойронд чиний хэрмэн дээр байсан бөгөөд гаммадчууд чиний цамхагт байв. Тэд эргэн тойронд чиний хэрмэн дээр бамбайнуудаа өлгөж, чиний үзэсгэлэнг төгс болгосон.
12 Бүх төрлийн эд баялгаар дүүрэн байсан учраас Таршиш нь чиний худалдан авагч байсан. Тэд чиний барааг мөнгө, төмөр, цагаан тугалга ба хар тугалгаар худалдан авч байв.
13 Иаван, Тубал, Мешех нар чиний худалдаачид байсан. Хүний амь, хүрэл саваар тэд чиний барааг солилцож байв.
14 Бет-тогармагаас ирсэн хүмүүс чиний эд барааны үнэд морьд, дайны морьд, илжигнүүдийг өгсөн.
15 Деданы хөвгүүд чиний худалдаачид байсан. Олон эрэг хавийн газрууд чиний зах зээл болж байсан. Тэд зааны яс, хар модыг төлбөр болгон чамд авчирч байв.
16 Чиний барааны элбэг дэлбэгээс болж Арам нь чиний худалдан авагч байсан. Тэд чиний барааг маргад чулуу, нил өнгийн бөс, нэхсэн даавуу, нарийн маалинга, шүр хийгээд бадмаараг чулуугаар худалдан авч байв.
17 Иуда болон Израиль нь чиний худалдаачид байсан. Тэд чиний барааг Миннитийн улаан буудай, боов, зөгийн бал, тос болон гавраар худалдан авч байсан.
18 Чиний барааны элбэгээс болж, бүх төрлийн баялаг эрдэнэсийн элбэгээс болж, Хелбоны дарс болон цагаан ноосноос болж Дамаск нь чиний худалдан авагч байсан.
19 Ведан ба Иаван нь Узалаас чиний барааны үнийг төлж байсан. Чиний барааны дотор ширэм, шанц болон амтат чихрийн нишингэ байв.
20 Дедан нь эмээлийн тохмоор чамтай худалдаа хийж байв.
21 Араб болон Кедарын хамаг ноёд хурганууд, хуцнууд болон ямаануудаар чиний худалдан авагчид байсан.
22 Шеба ба Раамагийн худалдаачид чамтай худалдаа хийж байсан. Тэд чиний барааг бүх төрлийн халуун ногооны дээдээр, бүх төрлийн эрдэнийн чулуу ба алтаар төлж байсан.
23 Харан, Канне, Еден, Шебагийн наймаачид, Асшур болон Хилмад нар чамтай худалдаа хийж байв.
24 Тэд чамтай тансаг дээлүүд, хөх өнгийн хувцаснууд, нэхмэл бөс болон эрээн хивс, чанга гөрсөн олсоор худалдаа хийж байв.
25 Таршишийн онгоцнууд нь чиний барааг зөөж байв.
Чи дүүрч, далайн зүрхэнд ихэд алдаршив.

26 Чиний сэлүүрчид чамайг их усанд хүргэж,
дорнын салхи чамайг далайн дунд цохиж эвдэв.
27 Чиний сүйрлийн өдөрт чиний баялаг, чиний ачаа, чиний эд бараа,
чиний далайчид, чиний залуурчид, чиний эвдрэлийг засагчид,
чиний барааны худалдаачид, чиний дотор буй бүх дайчид, чиний дунд буй хамаг чуулгантай хамт далайн дунд живэх болно.
28 Залуурчдын хашхирах дуунд бэлчээр нутгууд доргих болно.
29 Сэлүүрийг баригч бүх далайчид ба тэнгисийн залуурчид хөлөг онгоцнуудаасаа буух болно.
Тэд газар дээр зогсоно.
30 Тэд чиний төлөө дуу хоолойгоо өндөрсгөн, гашуунаар уйлах болно.
Тэд өөрсдийнхөө толгойд шороо цацан, үнсэн дотор хөлбөрөх болно.
31 Бас тэд чиний төлөө өөрсдийгөө халзан болгож, өөрсдийгөө таараар хувцаслана.
Тэд чиний төлөө сэтгэл шимшрэм гашуудан уйлах болно.
32 Түүнээс гадна уйлах дуундаа тэд чиний төлөө гашуудлын дууг гарган, гашуудан дуулах болно.
"Хэн Тиртэй адил, хэн түүнтэй адил далайн дунд чимээгүй байна вэ?
33 Чиний ачаанууд далайгаас гарахад чи олон ард түмнийг цатгажээ.
Өөрийнхөө баялаг эрдэнэс болон эд барааны элбэг дэлбэгээр чи газрын хаадыг баяжуулав.
34 Одоо чи усны гүнд далайгаар сүйтгэгдэхэд чиний эд бараа болон чиний хамаг чуулган чиний голд унав.
35 Эргийн газруудын хамаг оршин суугчид чамайг харан гайхаж байна.
Тэдний хаад нь ихэд айж байна.
Тэдний царай нь түгшүүрт автжээ.
36 Ард түмнүүдийн дундах худалдаачид чам уруу исгэрч,
чи айдас түгшүүр болж, хойшид байхгүй болно" гэв.



[Өмнөх]                [Дараах]



Езекиел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48]