Езекиел [33]

1 ЭЗЭНий үг надад ирж,
2 -Хүний хүү, өөрийнхөө ард түмний хөвгүүдтэй ярьж "Хэрэв Би нэг улс дээр илд авчирч, тэр улсын ардууд өөрсдийнхөө дундаас нэг хүнийг сонгож, өөрсдийн харуул болгох аваас,
3 улс дээр нь илд ирж байхыг тэр хүн хармагц бүрээ үлээж, ардуудад сэрэмжлүүлэг өгвөл,
4 тэгээд хэн нэгэн нь бүрээний дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг эс авбал, илд ирж түүнийг аваад явбал түүний цус өөрийнх нь толгой дээр байх болно.
5 Тэр бүрээний дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг аваагүй юм. Түүний цус өөр дээр нь байх болно. Гэвч хэрвээ тэр сэрэмжлүүлгийг хүлээн авсан бол өөрийн амиа аврах байсан юм.
6 Гэвч хэрвээ харуул нь илд ирж буйг хараад бүрээ үлээлгүй, ард түмэнд сэрэмжлүүлэг өгөөгүй бол илд ирж, тэдний дотроос хэн нэгийг авбал тэр хүн нь өөрийн хууль бусын төлөө авагдсан юм. Харин түүний цусыг Би харуулын гараас нэхэх болно" гэж хэл.
7 Хүний хүү чиний хувьд гэвэл, Би чамайг Израилийн гэрийн төлөө харуул болгон томилсон. Тиймээс чи Миний амнаас гарах үгийг сонсоод, Надаас өгөх сэрэмжлүүлгийг тэдэнд өгөх болно.
8 Би хорон муу хүнд "Хорон муу хүн ээ, чи заавал үхэх болно" хэмээн айлдах үед чи тэр хорон муу хүнд өөрийнх нь замаас эргэхийг сануулан хэлэхгүй бол тэр хорон муу хүн өөрийн хууль бус үйлсийн дотор үхэх боловч, харин түүний цусыг Би чиний гараас нэхэх болно.
9 Харин хэрвээ чи өөрийн талаас тэр хорон муу хүнд замаасаа эргэхийг сэрэмжлүүлсэн боловч тэрээр замаасаа эргэхгүй бол тэр өөрийн хууль бус үйлсийн дотор үхэх болно. Гэвч чи өөрийн амийг аварсан билээ.
10 Хүний хүү чиний хувьд гэвэл, Израилийн гэрт өгүүл. "Та нар ийнхүү ярьж "Үнэнээр бидний гэм буруу, бидний нүгэл нь бидэн дээр буй. Бид түүний дотор ялзарч байна. Тэгвэл бид яаж амьд үлдэх вэ?" хэмээв".
11 Тэдэнд өгүүл. "Би Өөрийн амьд буйгаар тангараглая" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Би хорон муу хүний үхэлд огтхон ч баярлахгүй. Харин хорон муу хүн замаасаа эргэж, амьдрахад Би баярлах болно. Өөрийн муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?"
12 Хүний хүү чи нутгийнхандаа "Зөвт хүний зөв байдал нь ч түүний гэм буруугийн өдөрт түүнийг үл аварна. Хорон муу хүний хорон муу үйлдлийн хувьд, тэрээр хорон муугаасаа эргэх өдөрт түүнээсээ болж бүдрэхгүй. Тэгэхэд зөвт хүн ч нүглийг үйлдэх өдөрт өөрийнхөө зөвөөр амьдарч үл чадна." гэж хэл.
13 Би зөвт хүнд түүнийг заавал амьдарна гэж айлдсан боловч тэрээр өөрийн зөвт байдалд хэт найдсаар хууль бусыг үйлдвээс түүний зөв үйлсийн нэг нь ч дурсагдахгүй. Харин түүний үйлдсэн яг тийм хууль бус үйлдэл дотор тэр үхэх болно.
14 Гэвч Би хорон муу хүнд "Чи заавал үхэх болно" хэмээн айлдахад, тэрээр өөрийн нүглээс буцаж, шударга ёс, зөвт үйлсийг үйлдвэл,
15 хэрвээ хорон муу үйлстэн барьцаалсан юмыг буцааж, тоносон юмсыг буцаан төлж, хууль бусыг үл үйлдэн амийн баталсан журмыг дагаж явбаас тэр заавал амьдарна. Тэр үхэхгүй.
16 Түүний үйлдсэн нүглийн нэг нь ч түүний эсрэг дурсагдахгүй. Тэрээр шударга ёс болон зөвийг үйлдсэн. Тэр заавал амьдрах болно.
17 Гэсэн ч чиний нутгийнхан "Эзэний зам нь буруу юм" хэмээн өгүүлж байхад тэдний өөрсдийнх нь зам буруу байдаг.
18 Зөв хүн ч өөрийн зөвт байдлаасаа эргэж, хууль бусыг үйлдвээс тэр нь түүн дотроо үхэх болно.
19 Харин хорон муу хүн өөрийн хорон муу үйлсээс эргэж шударга ёс болон зөвт үйлсийг үйлдвээс тэр түүгээрээ амьдрах болно.
20 Гэвч та нар "Эзэний зам нь буруу юм" хэмээн өгүүлдэг. Израилийн гэр ээ, Би та нарын хүн тус бүрийг өөрийнх нь замаар шүүх болно".
21 Бидний олзлолын арван хоёр дахь жилийн аравдугаар сарын таванд Иерусалимаас нэгэн дүрвэгч над уруу ирэн "Хот эзлэгдэв" хэмээн өгүүлэв.
22 Тэрхүү дүрвэгчийг ирэхээс өмнө, үдэш ЭЗЭНий мутар миний дээр байсан. Өглөө болж түүнийг над уруу ирэхийн өмнө Тэр миний амыг нээв. Ийнхүү миний ам нээгдсэн, би дахин хэлгүй байгаагүй.
23 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа
24 -"Хүний хүү, Израилийн газар дахь тэдгээр балгаснуудад амьдрагчид нь "Абрахам нь ганцаараа атал энэ газрыг эзэмшиж байв. Тиймээс бид олон тул энэ газар бидэнд эзэмшил болгогдон өгөгдсөн юм" хэмээж байна.
25 Тиймийн тулд тэдэнд хэл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Та нар махыг цустай нь идэж, шүтээнүүд уруугаа нүдээ өргөн, цус урсгаж байна. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу?
26 Та нар өөрсдийн илдэнд найдаж, жигшүүрт хэргийг үйлдэн, та нарын хүн бүр хөршийнхөө эхнэрийг бузарладаг. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу?"".
27 Чи тэдэнд ийнхүү хэлэх ёстой. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр балгаснуудад буй хүмүүс нь илдэнд унаж, хээр талд буй хүмүүсийг Би араатнуудад тастчуулахаар өгч, цайз болон агуйд буй хүмүүс нь тахлаар үхэх болно.
28 Би тэр газрыг эзгүйрүүлж, балгас болгож, түүний хүч чадлын бардамнал нь үгүй болно. Израилийн уулс нь хоосорч, тийнхүү хэн ч түүгээр үл өнгөрнө.
29 Тэдний үйлдсэн хамаг жигшүүрт үйлсээс нь болж Би тэр газрыг эзгүйрүүлж, балгас болгох үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно"".
30 "Хүний хүү чиний хувьд гэвэл, чиний тухай хэрмийн дэргэд болон гэрүүдийн үүдэнд ярилцаж, өөр зуураа болон ах дүүтэйгээ хэлэлцдэг чиний нутгийнхан "Одоо ирэгтүн, ЭЗЭНээс ямар үг гарахыг сонс" хэмээн өгүүлж байна.
31 Ард түмэн ирж байгаа мэт тэд чам уруу ирж, Миний ард түмэн мэт чиний өмнө сууж, чиний үгийг сонсох болно. Гэвч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь тэд өөрсдийн амаар гаргасан тачаангуй хүслүүдээ үйлдэж, тэдний зүрх нь олз ашгийнхаа араас явдаг.
32 Харагтун, тэдний хувьд чи бол хөгжмийн зэмсгүүд дээр сайн тоглодог, сайхан хоолойтой хүний дуулсан тачаангуй дуу мэт юм. Учир нь тэд чиний үгийг сонсдог боловч түүнийг биелүүлдэггүй.
33 Тиймээс тэр нь биелэлээ олоход (заавал биелнэ) өөрсдийнх нь дунд нэгэн эш үзүүлэгч байсныг мэдэх болно.



[Өмнөх]                [Дараах]



Езекиел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48]