1 Самуел [12]

1 Тэгээд Самуел бүх Израильд хандан
-Харагтун! Та нарын надад хэлсэн бүгдийг би сонсож, та нарын дээр хааныг томилов.
2 Одоо та нарын өмнө алхаж яваа хаан энэ байна. Харин би өтөлж, үс минь бууралтлаа. Мөн миний хөвгүүд ч та нартай хамт байна. Би залуу наснаасаа энэ өдрийг хүртэл та нарын өмнө явлаа.
3 Би энд байна. ЭЗЭНий өмнө болон тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг гэрчлэгтүн. Би хэний үхрийг, эсвэл хэний илжгийг авсан бэ? Эсвэл би хэнийг хууран мэхэлсэн бэ? Би хэнийг зовоон дарлаж, хэний гараас хээл хахууль авч, өөрийн нүдийг тагласан бэ? Хэрэв тэгсэн аваас, би та нарт буцааж өгье гэв.
4 Хүмүүс
-Та биднийг хууран мэхлээгүй, зовоон дарлаагүй, хэний ч гараас юу ч аваагүй гэцгээв.
5 Самуел тэдэнд
-Та нар миний гараас юу ч олоогүй явдлын тухайд өнөөдөр та нарын дунд ЭЗЭН гэрч болж, ЭЗЭНий тосолсон хүн мөн гэрч болж байна гэхэд тэд түүнд
-Тэр бол гэрч мөн гэцгээв.
6 Тэгэхэд Самуел ард олонд
-Мосе, Аарон нарыг томилж, та нарын эцэг өвгөдийг Египетээс авчирсан нь ЭЗЭН мөн юм.
7 Тиймээс одоо босогтун. Та нарт болон та нарын эцэг өвгөдөд үйлдсэн ЭЗЭНий бүх зөв үйлсийн талаар би ЭЗЭНий өмнө та нартай хэлэлцье.
8 Иаковыг Египетэд очсон үед та нарын эцэг өвгөд ЭЗЭНд хашхирсанд та нарын эцэг өвгөдийг Египетээс гаргаж, энэ газарт суурьшуулсан Мосе, Аарон хоёрыг ЭЗЭН илгээв.
9 Гэвч тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНийг мартсанд ЭЗЭН тэднийг Азорын цэргийн жанжин Сисерагийн гарт, филистчүүдийн гарт болон Моабын хааны гарт тушаахад тэд тэдний эсрэг дайтаж байв.
10 Тэд ЭЗЭНд хашхиран "Бид ЭЗЭНийг орхиж, Баалууд болон Аштаротад үйлчилсэн учраас нүгэл үйлджээ. Харин одоо дайсны маань гараас биднийг аварч өгөөч. Бид Танд үйлчилнэ" гэж гуйсан билээ.
11 Тэгэхэд ЭЗЭН Иеруббаал, Бедан, Иефта болон Самуел нарыг илгээж, та нарыг тойрон хүрээлж байсан дайснуудын чинь гараас аварсан билээ. Тэгээд та нар амар тайван амьдарч ирэв.
12 Та нар Аммоны хаан Нахаш та нарын эсрэг ирэхийг хараад, хэдийгээр Бурхан ЭЗЭН хаан чинь байсаар атал "Үгүй, биднийг хаан захирах ёстой" гэж та нар надад хэлэв.
13 Одоо тийм учраас та нарын хүсэж сонгосон хаан энд байна. Харагтун, ЭЗЭН та нарын дээр хааныг тавив.
14 Хэрэв та нар ЭЗЭНээс эмээж, Түүнд үйлчилж, Түүний дууг сонсож, ЭЗЭНий тушаалыг үл эсэргүүцэх бол та нар ч, та нарыг захирах хаан ч Бурхан ЭЗЭНээ дагах болно.
15 Хэрэв та нар ЭЗЭНий дууг үл сонсож, харин ЭЗЭНий тушаалыг эсэргүүцэх аваас, ЭЗЭНий мутар та нарын эцэг өвгөдийн эсрэг байсны адил та нарын ч эсрэг байх болно.
16 Одоо ч гэсэн зогсож, ЭЗЭН та нарын нүдний өмнө үйлдэх энэ их агуу үйлсийг үзэгтүн!
17 Өнөөдөр улаан буудай хураах цаг бус уу? Би ЭЗЭНийг дуудахад, ЭЗЭН аянга цахилгаантай бороо оруулна. Та нар өөрсдөдөө хааныг гуйснаар ЭЗЭНий мэлмийн өмнө үйлдсэн бузар муу чинь агуу их байна гэдгээ ойлгож, ухаарах болно гэв.
18 Тийнхүү Самуел ЭЗЭНийг дуудахад ЭЗЭН тэр өдөр аянга цахилгаантай бороо оруулав. Бүх хүмүүс ЭЗЭН болон Самуелаас маш их айжээ.
19 Тэгээд бүх хүмүүс Самуелд
-Бид өөрсдөдөө хааныг гуйснаараа өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн тул биднийг үхүүлэхгүйн тулд боол биднийхээ төлөө Бурхан ЭЗЭНдээ залбираач гэцгээв.
20 Самуел хүмүүст
-Бүү айгтун. Та нар энэ бүх нүглийг нэгэнт үйлдэв. Гэсэн ч та нар ЭЗЭНийг дагахаас эргэхгүй, харин бүх зүрхээрээ ЭЗЭНд үйлчлэгтүн.
21 Хэрэг үл болох, аврал өгөхгүй, дэмий юмыг дагаж, замаасаа бүү салагтун! Тэд бол дэмий учраас та нарт ямар ч тус болохгүй бөгөөд та нарыг аврахгүй.
22 Учир нь Бурхан агуу нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг орхихгүй. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө ард түмэн болгохдоо баяртай байв.
23 Үүнээс гадна, би та нарын төлөө залбирахгүйгээс болж ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэх нь надаас хол байг. Харин би та нарт сайн зөв замыг заана.
24 Зөвхөн ЭЗЭНээс эмээж, бүх зүрхнээсээ үнэн дотор Түүнд үйлчлэгтүн! ЭЗЭН та нарт ямар агуу их зүйлс үйлдсэнийг санагтун!
25 Харин хэрэв та нар буруу зүйлс үйлдсээр байвал, та нар ч, та нарын хаан ч устгагдах болно гэжээ.



[Өмнөх]                [Дараах]

1 Самуел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]