1 Балчир хөвгүүн Самуел Елигийн өмнө ЭЗЭНд үйлчилж байв. Тэр үед ЭЗЭНий үг ховор, үзэгдлүүд ч цөөн байв.
2 Тэр үед Ели өөрийнхөө газарт хэвтэж байхад (Нүд нь муудаж эхэлсэн бөгөөд тэрээр сайн харж чадахгүй болсон байв.)
3 мөн Бурханы дэнлүү хараахан унтраагүй үед, Бурханы авдар орших ЭЗЭНий сүмд Самуел хэвтэж байв.
4 ЭЗЭН Самуелыг дуудахад
-Би энд байна гэж тэр хэлэв.
5 Тэгээд тэр Ели уруу гүйж очин,
-Та намайг дуудсан тул би энд байна гэж өгүүлэв. Харин Ели
-Би дуудаагүй. Буцаж яваад хэвтэгтүн гэсэнд Самуел буцаж яваад хэвтэв.
6 ЭЗЭН дахин
-Самуел! гэж дуудав. Тиймээс Самуел босож, Ели уруу очин,
-Та намайг дуудсан тул би энд байна гэв. Гэвч Ели
-Би дуудаагүй. Хүү минь, буцаад хэвтэгтүн хэмээн өгүүлэв.
7 Самуел ЭЗЭНийг хараахан мэддэггүй, ЭЗЭНий үг ч түүнд хараахан илэрхийлэгдээгүй байжээ.
8 Ийнхүү ЭЗЭН гурав дахь удаа Самуелыг дахин дуудахад Самуел босож, Ели уруу очин,
-Та намайг дуудсан учир би энд байна хэмээн өгүүлэв. Тэгэхэд балчир хөвгүүнийг ЭЗЭН дуудаж байжээ гэдгийг Ели ойлгов.
9 Ели Самуелд
-Явж, хэвт. Хэрэв Тэр чамайг дуудвал "ЭЗЭН минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна" хэмээн өгүүлэгтүн гэв. Ингээд Самуел явж, орондоо хэвтэв.
10 Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил
-Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел
-Айлдаж хайрла. Боол тань сонсож байна хэмээн өгүүлэв.
11 ЭЗЭН Самуелд айлдахдаа
-Харагтун! Би Израильд нэгэн зүйлийг үйлдэх гэж байна. Түүнийг сонссон бүх хүмүүсийн хоёр чих нь хангинах болно.
12 Тэр өдөр Би Елигийн гэрийн талаар Өөрийн өгүүлсэн бүхнийг эхнээс нь дуустал түүний эсрэг гүйцэтгэнэ.
13 Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг зэмлээгүй тул өөрийнх нь мэдсэн гэм нүглийн төлөө түүний гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд айлдсан билээ.
14 Тиймээс Елигийн гэрийн гэм нүгэл нь өргөл, эсвэл тахилаар хэзээ ч цагаатгагдахгүй гэж Би Елигийн гэрт тангараглав гэв.
15 Ийнхүү Самуел өглөө хүртэл унтлаа. Дараа нь ЭЗЭНий өргөөний хаалгыг тэр нээв. Гэвч Самуел энэхүү үзэгдлийг Елид хэлэхээс айж байлаа.
16 Дараа нь Ели Самуелыг дуудаж,
-Миний хүү, Самуел аа гэв. Самуел
-Би энд байна гэж хариуллаа.
17 Ели
-ЭЗЭН чамд айлдсан үг нь юу вэ? Надаас бүү нуугаач. Чамд айлдсан үгсээс ганцыг нь ч гэсэн чи надаас нуувал, Бурхан чамд тэр үгсийн дагуу болон түүнээс ч илүүгээр хандах болтугай гэв.
18 Ийнхүү Самуел юу ч нуулгүй бүгдийг түүнд ярив. Тэгэхэд Ели
-Тэр бол ЭЗЭН мөн. Түүнд таалагдсан бүгдийг Тэр үйлдэх болтугай! гэв.
19 Самуелыг ийнхүү өсөж торниход ЭЗЭН түүнтэй хамт байж, түүний үгнээс нэг нь ч хөсөр хаягдсангүй.
20 Данаас Беершеба хүртэлх бүх Израиль Самуелыг ЭЗЭНий эш үзүүлэгч мөн болохыг мэдэв.
21 ЭЗЭН Шилод дахин үзэгдэж, ЭЗЭН Шилод Өөрийн үгээр Өөрийгөө Самуелд илчлэв.
[Өмнөх] |                  | [Дараах] |
1 Самуел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]