1 Самуел [5]

1 Филистчүүд Бурханы авдрыг олзлон аваад, түүнийг Ебенезерээс Ашдод хот уруу авчрав.
2 Дараа нь филистчүүд Бурханы авдрыг Дагоны дуганд авчран, Дагоны дэргэд тавив.
3 Ашдодчууд дараагийн өглөө эртлэн босож харвал, Дагон ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт уначихсан байв. Тэд Дагоныг авч, байранд нь дахин тавив.
4 Гэвч тэд дараагийн өглөө нь эрт босон харвал, Дагон ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт уначихсан байв. Дагоны толгой болон хоёр гар нь тасарч босгоны дэргэд байсан ба Дагоны их бие нь л үлдсэн байв.
5 Тиймээс Дагоны тахилч нар Дагоны дуганд ирэгч хэн боловч өнөөг хүртэл Ашдодод байдаг Дагоны босгыг алхсангүй.
6 ЭЗЭНий мутар ашдодчуудын дээр хүндээр дарж, Тэр Ашдод болон түүний хязгаар нутгийн хүмүүсийг сүйрүүлж, хавдар өвчнөөр цохив.
7 Ашдодын хүмүүс үүнийг үзээд
-Израилийн Бурханы авдрыг бидний дунд үлдээж болохгүй. Учир нь тэр Бурханы мутар бидний дээр болон бидний бурхан Дагонд гай зовлон учруулсан билээ гэцгээв.
8 Тэгээд тэд хүмүүсийг явуулж, Филистийн бүх ноёдыг цуглуулан,
-Израилийн Бурханы авдрыг бид яах вэ? гэж асуув. Тэд
-Израилийн Бурханы авдрыг Гатад аваачъя хэмээв. Тэд Израилийн Бурханы авдрыг аваачив.
9 Түүнийг Гатад аваачсаны дараа Бурханы мутар энэ хотын эсрэг аймшигтай үймээн авчран, Бурхан энэ хотын хүмүүсийг хөгшин, залуугүй зовоож, тэд бүгд хавдар өвчтэй болов.
10 Тэд Бурханы авдрыг Екрон уруу илгээв. Бурханы авдар Екронд хүрсэнд екрончууд хашхиралдан,
-Тэд Израилийн Бурханы авдрыг бидэн уруу авчирсан нь биднийг болон манай ард олныг үхүүлэхийн тулд юм гэцгээв.
11 Тийм учраас тэд хүмүүсийг илгээж, Филистийн хамаг ноёдыг цуглуулан,
-Биднийг болон манай ард олныг үхүүлэхгүйн тулд Израилийн Бурханы авдрыг байсан газар уруу нь буцаан явуулагтун хэмээн шаардав. Учир нь хот даяар үхлийн үймээн самуун байв. Бурханы мутар тэнд маш хүндээр тэднийг дарж байв.
12 Үхээгүй хүмүүс нь хавдар өвчинд баригдаж, хотын орь дуу тэнгэрт хадав.



[Өмнөх]                [Дараах]

1 Самуел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]