1 Ийнхүү Самуелын үг Израиль даяар тархав. Израиль филистчүүдтэй тулалдахаар гарч, Ебенезерийн дэргэд буудаллав. Филистчүүд ч Афект буудаллав.
2 Филистчүүд Израильтай уулзан тулалдахаар жагсаалаар иржээ. Тулаан газар авахад, Израиль филистчүүдэд ялагдсан ба филистчүүд дайны талбарт дөрвөн мянга орчим хүнийг алав.
3 Ард олныг хуаранд буцаж ирэхэд Израилийн ахлагчид
-ЭЗЭН яагаад өнөөдөр биднийг филистчүүдийн өмнө ялагдалд хүргэв? Шилогоос ЭЗЭНий гэрээний авдрыг өөрсдөдөө авчиръя. Тэр нь бидний дунд ирж, биднийг дайснуудын гараас аврах юм хэмээн өгүүлжээ.
4 Тиймээс ард олон Шило уруу хүмүүсийг явуулж, херубуудын дээр орших түмэн цэргийн ЭЗЭНий гэрээний авдрыг тэндээс авч ирэв. Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар Бурханы гэрээний авдрын хамт тэнд байлаа.
5 ЭЗЭНий гэрээний авдрыг хуаранд авчрахад, газар доргитол бүх Израиль уухайлан хашхирав.
6 Филистчүүд тэр их уухайлах дууг сонсоод,
-Еврейчүүдийн хуаранд гарсан ийм уухайлах дуу нь юу вэ? гэлцэв. Тэгээд ЭЗЭНий гэрээний авдар хуаранд ирснийг тэд мэдлээ.
7 Филистчүүд
-Бурхан тэдний хуаранд залран ирэв хэмээн өгүүлж айцгаав. Тэгээд
-Бидэнд гай ирэв. Урьд нь ийм юм тохиолдож байгаагүй.
8 Бидэнд гай ирэв. Хэн биднийг эдгээр хүчит бурхдын мутраас аврах вэ? Эдгээр нь египетчүүдийг цөлд элдэв төрлийн гамшгаар устгасан бурхад мөн билээ.
9 Филистчүүд ээ, эрэлхэг, зоригтой байгтун. Эс тэгвээс еврейчүүд та нарын боол байсны адил та нар еврейчүүдийн боол болно. Эрэлхэг байж, тулалдагтун гэлцэв.
10 Тэгээд филистчүүд тулалдсанд Израиль ялагдан, хүн бүр майхан уруугаа зугтав. Израилиас гучин мянган явган цэрэг алагдсан нь аймшигтай том аллага байлаа.
11 ЭЗЭНий авдар булаагдаж, Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар үхэв.
12 Нэгэн Бениамин хүн байлдааны тэргүүн шугамаас зугтан тэр өдрөө Шилод ирэв. Тэр хувцсаа урж, толгойдоо шороо цацсан байв.
13 Түүнийг ирэхэд Ели замын хажуугийн сандал дээр суун, түүний зүрх Бурханы авдрын төлөө түгшиж байсан учир тэр хичээнгүйлэн харуулдаж байлаа. Тэр хүн хот уруу орж мэдээг дуулгахад, хотынхон бүгд уйлалдан бархиралдав.
14 Ели уйлалдан бархиралдах дууг сонсоод,
-Энэ юун дуу шуугиан бэ? хэмээн асуухад, өнөөх хүн яаравчлан ирээд, Елид мэдүүлэв.
15 Ели ерэн найман настай, түүний нүд нь харанхуйлан, юм үзэхээ больсон байв.
16 Тэр хүн Елид
-Би байлдааны тэргүүн шугамаас ирээд байгаа нэгэн байна. Би өнөөдөр дайны талбараас зугтаж ирлээ гэсэнд Ели
-Юу болсон бэ? Хүү минь гэж асуув.
17 Тэгэхэд мэдээ хүргэж ирсэн хүн
-Израиль филистчүүдээс зугтааж, олны дунд аймшигтай том аллага болж, таны хоёр хүү Хофни, Финехас нар үхэж, Бурханы авдар булаагдав гэж хариуллаа.
18 Тэрээр Бурханы авдрын тухай дурьдахад Ели хаалганы хажууд суудлаасаа гэдрэгээ унан, хүзүүгээ хугалж үхэв. Учир нь тэр өндөр настай, хүнд биетэй байжээ. Тэр дөчин жилийн турш Израилийг шүүв.
19 Түүний бэр буюу Финехасын эхнэр нь жирэмсэн, төрөх дөхсөн байлаа. Бурханы авдар булаагдаж, хадам эцэг нь болон нөхөр нь үхсэн тухай мэдээг сонсонгуутаа тэр сөхөрч унан, хүүхдээ төрүүлэв. Учир нь төрөх өвдөлт нь эхэлсэн билээ.
20 Тэр эмэгтэйг үхэх гэж байхад хажууд нь байсан эмэгтэйчүүд
-Бүү айгтун. Чи хөвгүүн төрүүлэв гэж хэлсэн боловч тэр хариу ч хэлсэнгүй, анхаарсан ч үгүй.
21 Бурханы авдар булаагдаж, хадам эцэг нь болон нөхөр нь үхсэн тул тэр эмэгтэй
-Алдар нь Израилиас салав гээд хөвгүүнийг Ихабод гэж нэрлэв.
22 Тэр эмэгтэй
-Бурханы авдар булаагдсан учир алдар нь Израилиас салав хэмээн өгүүлэв.
[Өмнөх] |                  | [Дараах] |
1 Самуел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]