1 Самуел [8]

1 Самуел өндөр настай болж, өөрийн хөвгүүдийг Израилийн шүүгчид болгон томилов.
2 Ууган хөвгүүнийх нь нэр Иоел, удаах хөвгүүнийх нь нэр Абиа байсан бөгөөд тэд Беершебад шүүгчид байв.
3 Харин түүний хөвгүүд нь эцгийнхээ замаар явалгүй, шударга бус олз ашиг хайн эргэж, хээл хахууль аван, шударга ёсыг гажуудуулав.
4 Израилийн бүх ахлагчид цугларан, Рама дахь Самуел уруу иржээ.
5 Тэд түүнд
-Та одоо настай болов. Таны хөвгүүд ч таны замаар явахгүй байна. Одоо бусад улсуудын адил биднийг захирах хааныг бидэнд томилж өгнө үү? гэв.
6 Тэд
-Биднийг захирах хааныг бидэнд өгнө үү? гэж хэлсэн нь Самуелын сэтгэлд нийцсэнгүй. Самуел ЭЗЭНд залбирлаа.
7 ЭЗЭН Самуелд
-Ард олны чамд өгүүлэх бүхний талаарх тэдний дуу хоолойг сонсогтун. Учир нь тэд чамайг үл хэрэгсэж байгаа юм биш, харин тэднийг захирах хаан байхаас Намайг эсэргүүцэж байгаа хэрэг юм.
8 Би тэднийг Египетээс гаргасан өдрөөс өнөөдрийг хүртэл тэдний хийсэн бүх үйлстэй адил тэд Намайг орхин, өөр бурхдад үйлчилсээр ирэв. Тэд чамд мөн адил үйлдэж байна.
9 Тэгэхлээр одоо тэдний дууг сонсогтун. Харин чи тэдэнд хатуу сануулж, тэднийг захирах хааны эрхийг тэдэнд мэдүүлэгтүн хэмээн зарлиг айлджээ.
10 Тийнхүү өөрөөс нь хааныг хүссэн ард түмэнд Самуел ЭЗЭНий бүх үгсийг өгүүлэв.
11 Тэр хэлэхдээ
-Та нарыг захирах хааны эрх нь ийм байх юм. Хаан та нарын хөвгүүдийг авч, тэднийг өөрийн морин тэрэгнүүдэд суулган, мориндоо мордуулан, тэд хааны морин тэрэгнүүдийн өмнө явах болно.
12 Хаан өөрийнхөө төлөө мянгат болон тавьтын дарга нарыг томилж, зарим хүнээр газраа хагалуулан, тариагаа хураалгаж, зэр зэвсгээ болон тэрэгнийхээ тоноглолыг хийлгүүлнэ.
13 Хаан бас та нарын охидыг авч, тэд нараар үнэртнийг бэлдүүлэн, хоол хийлгүүлэн, талх бариулна.
14 Хаан та нарын тариалангийн талбай, усан үзмийн болон чидун модны талбайнуудаас хамгийн сайныг авч, өөрийн зарц нарт өгнө.
15 Тэр та нарын үр тариа болон усан үзмийн аравны нэгийг авч, өөрийн түшмэд, зарц нартаа өгнө.
16 Хаан бас та нарын эрэгтэй, эмэгтэй боолууд, хамгийн ажилсаг залуус, илжгийг авч, тэдгээрийг өөрийнхөө ажилд хэрэглэнэ.
17 Тэр та нарын хонин сүргүүдээс аравны нэгийг авч, та нар өөрсдөө түүний боолууд болно.
18 Тэр өдөр болоход та нар өөрсдөдөө зориулж сонгосон хаанаас болж хашхирсан ч, тэр өдөр ЭЗЭН та нарт хариу өгөхгүй гэв.
19 Гэсэн ч ард олон Самуелын үгийг сонсохоос татгалзан,
-Үгүй. Харин биднийг захирах хаан байх ёстой.
20 Бид ч бусад бүх улс үндэстний адил байж, манай хаан биднийг захирч, бидний тэргүүнд явж, тулалдааныг минь удирдах болтугай гэцгээв.
21 Самуел ард олны өгүүлэх бүх үгсийг сонсоод, тэдгээрийг ЭЗЭНд давтан хэлжээ.
22 ЭЗЭН Самуелд айлдан
-Тэдний дуу хоолойг сонсож, тэдэнд хааныг томилогтун хэмээв. Тийнхүү Самуел Израилийн эрчүүдэд
-Хүн бүр өөр өөрсдийн хот уруу буцагтун гэж хэлэв.



[Өмнөх]                [Дараах]

1 Самуел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]