1 Давид Нобт, тахилч Ахимелех уруу очив. Ахимелех Давидтай уулзахдаа дагжин чичирч, түүнд
-Яагаад та хэнтэй ч биш, ганцаараа явж байна вэ? хэмээн асуув.
2 Давид тахилч Ахимелехт
-Хаан нэг хэргийг тушааж, "Чамайг илгээж, чамд тушаах зүйлийг нэг ч хүнд мэдүүлж болохгүй" Би залуустай нэгэн газарт уулзахаар болзов" гэсэн.
3 Тийм учраас одоо чамд юу байгаа вэ? Таван талх ч хамаагүй, юу байгаагаа надад өгөөч гэв.
4 Тахилч Давидад хариулан,
-Миний гарт жирийн талх алга. Гэсэн ч ариусгасан талх бий бөгөөд эмэгтэйчүүдтэй хавьтаагүй эрчүүд идэж болох юм гэв.
5 Давид тахилч нарт хариулан,
-Үнэхээр намайг гарснаас хойш өдий хүртэл манайхан эмэгтэйчүүдийг цээрлэж ирсэн бөгөөд хэдийгээр энэ жирийн аялал боловч залуучуудын бие нь бузартаагүй. Өнөөдөр ч гэсэн бузартаагүй хэмээн өгүүлэв.
6 Тийнхүү тахилч түүнд ариусгасан талхыг өгөв. Учир нь тэнд оронд нь халуун талх тавихаар ЭЗЭНий өмнөөс салгаж авсан оршихуйн талхнаас өөр талх байсангүй.
7 Тэр өдөр Саулын боолуудын нэг нь тэнд ЭЗЭНий өмнө саатан үлдсэн байв. Түүний нэрийг едом хүн Доег гэдэг байсан бөгөөд тэр Саулын хоньчдын ахлагч байв.
8 Давид Ахимелехт
-Энд чиний гарт жад, илд байхгүй юм уу? Би өөрийн илдээ ч, зэвсгээ ч авчраагүй. Учир нь хааны тушаал яаралтай байв гэв.
9 Тэгэхэд тахилч
-Елагийн хөндийд чиний алсан филист хүн Голиатын илдийг үзэгтүн. Тэр нь ефодын ард даавуунд ороолттой байгаа. Хэрэв хүсвэл түүнийг өөртөө авагтун. Энд түүнээс өөр юм байхгүй хэмээн өгүүлэв. Давид
-Тийм илдийг хаанаас ч олохгүй. Надад өгөгтүн гэв.
10 Дараа нь Давид босож, тэр өдөр Саулаас зугтан, Гатын хаан Ахиш уруу очив.
11 Гэтэл зарц нар нь Ахишт
-Энэ хүн тэр нутгийн хаан Давид гэдэг нь биш үү? Тэд түүний тухай "Саул мянгыг алж, Давид түмийг алав" хэмээн дуулж бүжиглэдэг биш үү? гэцгээв.
12 Давид энэ үгийг зүрхэндээ хүлээн авч, Гатын хаан Ахишаас ихэд эмээв.
13 Ийнхүү Давид тэдний өмнө эрүүл саруул ухаантайгаа нуун, галзуу солиотой юм шиг байн, хаалганы самбар дээр юм сараачин, сахал уруугаа шүлсээ гоожуулав.
14 Тэгэхэд Ахиш зарц нартаа
-Та нарын харж байгаа энэ хүн галзуу солиотой юм шиг байна. Юунд та нар түүнийг над уруу авчрав?
15 Би галзуу солиотой хүнээр дутлаа гээд миний өмнө галзуу солиотой хүнийг үзүүлэхээр та нар авчрав уу? Энэ хүнийг миний гэрт оруулах гээ юү? хэмээн өгүүлэв.
[Өмнөх] |                  | [Дараах] |
1 Самуел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]