1 Самуел [27]

1 Давид өөртөө
-Би нэгэн өдөр Саулын гарт устгагдах байх. Филистчүүдийн нутагт зугтаж очихоос өөр арга надад алга. Тэгвэл Саул намайг Израилийн хязгаар нутаг даяар эрж хайхаас цөхөрч, ингээд би түүний гараас зугтана хэмээн өгүүлэв.
2 Тэгээд Давид босож, өөртэйгөө хамт байсан зургаан зуун хүнээ дагуулан Гатын хаан Маохын хөвгүүн Ахиш уруу очив.
3 Давид болон түүний хүмүүс өөрсдийн гэр бүлүүдийн хамт Гатад Ахишийн хамт суув. Давид хоёр эхнэр, Иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан Кармел эмэгтэй Абигаилтай хамт байв.
4 Давидыг Гат уруу зугтсаныг Саулд мэдэгдсэнд Саул дахин Давидыг мөшгөсөнгүй.
5 Дараа нь Давид Ахишт
-Хэрвээ би одоо таны тааллыг олсон бол, уг нутгийн нэг хотод нэг газрыг надад өгч, тэнд намайг суулгаж өгнө үү. Боол чинь хааны хотод тантай хамт яагаад суух ёстой билээ? хэмээн өгүүлэв.
6 Ийнхүү Ахиш тэр өдөр Зиклагийг Давидад өгөв. Тийнхүү Зиклаг нь өнөөдрийг хүртэл Иудагийн хаадын мэдэлд байдаг ажээ.
7 Филистчүүдийн нутагт Давидын суусан хоногийн тоо гэвэл нэг жил дөрвөн сар байв.
8 Давид өөрийн хүмүүсийн хамт явж, гешурчууд, гирзичүүд болон амалекчуудыг дайран тонов. Тэд эртнээс Египетийн нутаг хүртэлх Шурын хязгаар нутагт сууж байв.
9 Давид эдгээр нутаг уруу дайрч, нэг ч эрэгтэй, эмэгтэй хүнийг амьд үлдээлгүй, хонь, үхэр, илжиг, тэмээн сүргүүд болон хувцас зэргийг булаан авч, дараа нь буцаж Ахиш уруу ирэв.
10 Ахиш
-Өнөөдөр чи хэн уруу дайран тоносон бэ? гэж асуухад нь Давид
-Иудагийн Негев, Иерахмеелийн Негев, Кенийн Негев зэргийн эсрэг гэж хариулдаг байв.
11 Давид нэг ч эрэгтэй, эмэгтэй хүнийг амьд үлдээлгүй, Гатад ганц ч хүнийг дагуулж ирсэнгүй.
-Эс тэгвэл тэд "Давид ийм хэрэг үйлдэж филистчүүдийн нутагт сууж байхдаа үргэлж ийм хэрэг үйлдэж байв" хэмээн өгүүлж, бидний тухай мэдэгдэх вий гэж байв.
12 Ийнхүү Ахиш Давидад итгэн,
-Давид өөрийн ард түмэн Израилийн дунд жигшигдэх хэргийг үйлдэж байгаа тул тэр мөнхөд миний боол болно хэмээн бодож байв.



[Өмнөх]                [Дараах]

1 Самуел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]