1 Самуел [15]

1 Самуел Саулд
-Таныг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон, тослуулахаар ЭЗЭН намайг илгээсэн. Тийм учраас одоо ЭЗЭНий зарлигийг сонсогтун.
2 Түмэн цэргийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Израиль Египетээс гарах замд Амалек түүний эсрэг довтолсон учир Израильд үйлдсэн зүйлийнх нь төлөө Би түүнийг шийтгэнэ.
3 Одоо явж, амалекчуудыг бут цохиж, тэдний хамаг юмсыг хүйс тэмтэрч, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхдийг нь ч, үхэр ба хонь, тэмээ ба илжиг зэргийг бүгдийг нь ал" хэмээв гэж хэлэв.
4 Тэгээд Саул ард түмнээ дуудаж, Телаимд тэднийг тоолоход, хоёр зуун мянган явган цэрэг, арван мянган Иудагийн эрчүүд байв.
5 Саул Амалекийн хот уруу ирж, талд хүлээж бүгэв.
6 Саул кенчүүдэд
-Явцгаа, би та нарыг тэдэнтэй хамт хөнөөхгүйн тулд амалекчуудын дундаас салж, явагтун. Учир нь та нар Израилийн бүх ард олныг Египетээс гарч явах үед тэдэнд элэгсэг хандсан билээ хэмээн өгүүлэв. Тийнхүү кенчүүд амалекчуудын дундаас салж явав.
7 Ийнхүү Саул Хавилагаас Египетийн зүүн талд буй Шурын хязгаар хүртэл амалекчуудыг бут цохив.
8 Тэрээр амалекчуудын хаан Агагийг амьдаар нь олзолж, ард олныг нь үлдээлгүйгээр илдийн ирээр хүйс тэмтрэв.
9 Харин Саул ба түүний ард олон нь Агаг болон хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал хурга ба сайн бүхнийг өршөөж, тэр бүгдийг хүйс тэмтрэхийг үл хүссэн юм. Харин тэд зөвхөн хэрэггүй, үнэ цэнэгүй зүйлсийг хүйс тэмтрэв.
10 Тэр үед Самуелд ЭЗЭНий үг ирж,
11 -Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний тушаалыг үл сахив гэв. Самуел санаа зовж, шөнөжингөө ЭЗЭНд хандан уйлав.
12 Самуел Саултай уулзахаар өглөө эрт босов. Нэгэн хүн Самуелд
-Саул Кармелд ирж, тэнд өөрийн алдар хүндэд зориулж хөшөө босгов. Тэндээсээ эргэж, Гилгал уруу явлаа хэмээн өгүүлжээ.
13 Самуел Саул уруу очиход Саул түүнд
-ЭЗЭН таныг ивээх болтугай! Би ЭЗЭНий тушаалыг сахилаа хэмээн өгүүлэв.
14 Харин Самуел
-Тэгвэл миний чихэнд буй хонины майлаан, надад сонсогдож байгаа үхрийн мөөрөлдөөн чухам юу вэ? гэв.
15 Саул
-Тэдгээрийг амалекчуудаас авчирсан юм. Учир нь хүмүүс хонь, үхрийн хамгийн сайныг үлдээсэн нь таны Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд юм. Гэвч бусдыг нь бид хүйс тэмтрэв хэмээн өгүүллээ.
16 Самуел Саулд
-Хүлээгтүн. Урьд шөнө ЭЗЭН надад юу гэж айлдсаныг танд мэдүүлье гэхэд Саул түүнд
-Яригтун хэмээв.
17 Самуел
-Хэдийгээр та өөрийгөө өчүүхэн хэмээн санаж байсан боловч, Израилийн овгуудын тэргүүн болсон бус уу? ЭЗЭН таныг Израилийн хаан болгож, тосолсон билээ.
18 ЭЗЭН таныг аян замд илгээн, "Явж, нүгэлтнүүд болох амалекчуудыг устган, тэднийг бүрмөсөн устаж дуустал нь тулалд" гэсэн.
19 Та юунд ЭЗЭНий дуу хоолойг үл дагаж, харин олзыг шүүрэн авч, ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв? гэжээ.
20 Саул Самуелд
-Би ЭЗЭНий дуу хоолойг дагаж, ЭЗЭНий намайг илгээсэн аян замд явсан билээ. Би Амалекийн хаан Агагийг олзлон авчирч, амалекчуудыг хүйс тэмтэрсэн билээ.
21 Гэвч ард олон Гилгалд таны Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд устгахаар зориулагдсан юмнуудаас шилмэлийг нь хонь, үхэр буюу олзноос заримыг авчирсан билээ хэмээн өгүүлэв.
22 Самуел
-ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь
ЭЗЭНд шатаалт тахил, өргөлүүдийг өргөж баярлуулахаас илүү бус уу?
Харагтун, дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү,
сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү.
23 Учир нь тэрслэх нь ид шидийн нүгэл адил,
захирагдахгүй байх нь гэм ба шүтээнд мөргөхтэй адил билээ.
Чи ЭЗЭНий үгээс татгалзсан тул
ЭЗЭН бас чамайг хаан байлгахаас татгалзлаа
24 Саул Самуелд
-Би нүгэл үйлдэв. Би ард олноос айж, тэдний үгийг дагасан учраас ЭЗЭНий тушаал болон таны үгийг үнэхээр зөрчлөө.
25 Тиймээс одоо миний нүглийг уучилж, надтай хамт буцагтун. Би ЭЗЭНд мөргөл үйлдье хэмээн өгүүлэв.
26 Гэвч Самуел Саулд
-Би тантай хамт буцахгүй. Учир нь та ЭЗЭНий үгээс татгалзсан бөгөөд ЭЗЭН ч таныг Израилийн хаан байлгахаас татгалзсан билээ гэв.
27 Самуел явахаар эргэтэл Саул Самуелын дээлийн хормойноос зуурч урав.
28 Самуел түүнд
-ЭЗЭН өнөөдөр танаас Израилийн хаанчлалыг таслан авч, түүнийг танаас илүү сайн, таны хөршид өгөв.
29 Мөн Израилийн Алдар худал ярихгүй, санаагаа ч өөрчлөхгүй. Учир нь Тэр хүнтэй огт адилгүй бөгөөд санаагаа өөрчилдөггүй хэмээв.
30 Саул
-Би нүгэл үйлдэв. Гэвч одоо миний ард олны ахлагчид болон Израилийн өмнө намайг хүндэлж, надтай хамт буцаж, Бурхан ЭЗЭНд мөргөл үйлдүүлж өгнө үү? хэмээн гуйв.
31 Тийнхүү Самуел Саулыг даган хамт буцав. Саул ЭЗЭНд мөргөл үйлдлээ.
32 Түүний дараа Самуел
-Амалекчуудын хаан Агагийг над уруу авчрагтун гэв. Агаг түүн уруу баяртайгаар ирж,
-Үхлийн зовлон үнэхээр өнгөрлөө хэмээн хэлэв.
33 Самуел
-Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил, эмэгтэйчүүдийн дундаас чиний эх хүүхэдгүй болно хэмээн өгүүлэв. Самуел Агагийг ЭЗЭНий өмнө Гилгалд тас цавчив.
34 Самуел Рама уруу явж, харин Саул нь Саулын Гибеад байдаг гэр уруугаа буцлаа.
35 Самуел нас барах өдөр хүртлээ Саулыг дахин харсангүй. Гэвч Самуел Саулын тухайд ихэд гашуудаж байв. ЭЗЭН ч Саулыг Израилийн хаан болгосондоо харамсав.



[Өмнөх]                [Дараах]

1 Самуел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]