1 Самуел [29]

1 Филистчүүд бүх цэргээ Афект цуглуулах үед, израильчууд Иезреел дэх булгийн дэргэд буудаллав.
2 Филистчүүдийн ноёд зуут, мянгатаараа өнгөрөн явахад, Давид болон түүний хүмүүс ч Ахиштай хамт тэдний араас явав.
3 Тэгэхэд филистчүүдийн удирдагчид
-Эдгээр еврейчүүд энд юу хийж байгаа юм бэ? хэмээн асуув. Ахиш филистчүүдийн удирдагчдад
-Энэ хүн Израилийн хаан Саулын зарц Давид биш үү? Тэр надтай хамт нэг хоёр жил байсан бөгөөд тэр над уруу оргож ирснээс хойш эдүгээ хүртэл би түүнээс ямар нэгэн гэм бурууг олоогүй хэмээн өгүүлэв.
4 Гэвч филистчүүдийн удирдагчид Ахишт уурлаж, түүнд хандан
-Энэ хүнийг бидэнтэй хамт тулалдаанд явуулалгүй, таны түүнийг суурьшуулсан газар уруу нь буцаагтун. Эс тэгвэл тулалдааны үед тэд бидний дайсан болж болзошгүй. Энд байгаа хүмүүсийн толгойгоор биш бол энэ хүн яаж эзнийхээ өршөөлийг олох вэ?
5 Энэ хүн "Саул мянгыг алж, Давид түмийг алав" хэмээн дуулагддаг Давид биш үү? хэмээв.
6 Тэгээд Ахиш Давидыг дуудан,
-ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Чи зөвт байжээ. Надтай хамт цэргийг удирдаж байгаа чинь миний таалалд нийцэв. Учир нь чамайг над уруу ирснээс хойш өдий хүртэл би чамаас ямар ч бузар муу юм олсонгүй. Харин эдгээр ноёдод чи таалагдахгүй байна.
7 Тийм учраас филистчүүдийн ноёдын дургүйг хүргэхгүйн тулд эргэж, тайван буцагтун! хэмээн өгүүлэв.
8 Давид Ахишт
-Гэвч би юу үйлдсэн юм бэ? Таны өмнө ирсэн өдрөөс хойш өдий хүртэл таны боол ямар алдаа гаргаснаас болж би эзэн хааныхаа дайснуудтай тулалдахаар явж болохгүй билээ? хэмээн асуув.
9 Харин Ахиш Давидад хариулан
-Чи Бурханы тэнгэр элч адил миний нүдэнд зөв гэдгийг би мэдэж байна. Харин филистчүүдийн ноёд "Тэр бидэнтэй хамт тулалдаанд явж болохгүй" хэмээн хэлсэн билээ.
10 Чи өөртэйгөө хамт ирсэн, эзнийхээ зарц нарын хамт маргааш өглөө эрт босонгуутаа, үүр цайхаар буцагтун хэмээн өгүүлэв.
11 Ийнхүү Давид болон түүний хүмүүс өглөө нь филистчүүдийн газарт буцахаар эртлэн босов. Филистчүүд Иезреел уруу явлаа.



[Өмнөх]                [Дараах]

1 Самуел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]