1 Саул дөчин насандаа хаан болов. Тэр Израилийг гучин хоёр жил захирав.
2 Саул өөртөө Израилиас гурван мянган эрчүүдийг сонгон авснаас хоёр мянга нь түүнтэй хамт Михмаш болон Бетелийн уулархаг нутагт байсан ба нөгөө нэг мянга нь Ионатантай хамт Бениамины Гибеад байв. Харин үлдсэн хүмүүсийг тэр өөр өөрсдийн майхан уруу нь буцаав.
3 Ионатан Гебад байсан филистчүүдийн харуулын ангийг цохисон билээ. Филистчүүд үүнийг сонсов. Тэгэхэд Саул орон даяар эвэр бүрээ үлээж,
-Еврейчүүд сонсогтун! хэмээн зарлав.
4 Саулыг филистчүүдийн харуулын ангийг цохиж, филистчүүд Израилийг үзэн ядах болсон гэсэн мэдээг бүх Израиль сонслоо. Ард олон Гилгалд байгаа Саул дээр дуудагдан цугларав.
5 Филистчүүд Израильтай байлдахаар цугласан нь гурван мянган тэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон хүмүүс байв. Тэд ирж, Бет-авены зүүн талд, Михмашт буудаллав.
6 Израиль хүмүүс (ард олон ихээр шахагдсан байв) аюулд учирсныг хараад агуй, хавцал, хадны завсар, газар доорх нүх, худагт нуугдав.
7 Мөн зарим еврейчүүд Иорданыг гаталж, Гад болон Гилеадын нутагт очжээ. Харин Саул Гилгалд байсаар байсан ба түүнийг дагасан бүх хүмүүс чичирч байв.
8 Самуелын тогтоосон хугацаа болох долоо хоног Саул хүлээсэн боловч Самуел Гилгалд ирсэнгүй. Хүмүүс түүнийг орхин тарцгааж байв.
9 Тийнхүү Саул
-Шатаалт тахил болон эвийн тахилуудыг надад авчрагтун гэж хэлэв. Тэгээд тэр шатаалт тахил өргөв.
10 Түүнийг шатаалт тахил өргөж дуусаад харахад, Самуел ирэв. Саул түүнийг угтан мэндчилэхээр гарчээ.
11 Харин Самуел
-Та юу хийчихсэн бэ? гэж асуухад, Саул
-Хүмүүс намайг орхин, бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй бөгөөд филистчүүд Михмашт цугларсныг би үзсэн билээ.
12 Тиймээс би "Одоохон Филистчүүд Гилгалд миний эсрэг ирцгээх болно, харин би ЭЗЭНий тааллыг гуйгаагүй" гэв. Тиймээс би аргагүй шатаалт тахил өргөв гэж хариулав.
13 Самуел Саулд
-Та мунхаг хэрэг үйлдэв. Та Бурхан ЭЗЭНийхээ танд тушаасан тушаалыг сахисангүй. Тэгээгүй байсан бол одоо ЭЗЭН Израильд таны хаанчлалыг мөнхөд тогтоох байсан.
14 Гэвч одоо таны хаанчлал тогтохгүй. ЭЗЭН Өөртөө Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүнийг олж, тэр хүнийг Өөрийн ард түмний удирдагчаар томилсон. Учир нь ЭЗЭН танд тушаасныг та биелүүлсэнгүй гэв.
15 Тэгээд Самуел босож, Гилгалаас Бениамины Гибеад очив. Саул өөртэйгөө хамт байгаа хүмүүсийг тоолбол, зургаан зуугаад хүн байв.
16 Саул болон түүний хүү Ионатан болон тэдэнтэй хамт байсан хүмүүс Бениамины Гебад байхад Филистчүүд Михмашт буудалласан хэвээр байв.
17 Филистчүүдийн буудлаас гурван анги болон хуваагдаж, дээрэмчид гарав. Нэг анги нь Офрагийн замаар, Шуалын газрыг чиглэн,
18 нөгөө анги нь Бет-хороны замыг чиглэн, гурав дахь анги нь цөлийн зүгт буй Зебоимын хөндийн хязгаар замыг чиглэн гарчээ.
19 Израиль бүх нутгийн хаана нь ч төмрийн дархан байхгүй байв. Учир нь
-Тэгэхгүй бол еврейчүүд илд, жад хийх болно гэж филистчүүд хэлжээ.
20 Тиймээс бүх Израиль анжис, зээтүү, сүх, хадуураа ирлүүлэхийн тулд филистчүүд уруу очдог байжээ.
21 Анжис, зээтүү, сэрээ, сүх болон хадуурыг ирлэхэд гуравны хоёртой тэнцэх үнийг төлдөг байв.
22 Тулалдааны өдөр Саул болон Ионатантай хамт байсан ард олны хэнийх нь ч гарт илд ч, жад ч байсангүй. Харин Саул болон түүний хөвгүүн Ионатанд л байв.
23 Филистчүүдийн цэргийн анги Михмашийн гармаар гарав.
[Өмнөх] |                  | [Дараах] |
1 Самуел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]