1 Израилийн хаан, Давидын хөвгүүн Соломоны сургаалт үгс нь
2 Мэргэн ухаан ба сахилга батыг мэдэх,
Билиг ухааны үгсийг ойлгох,
3 Зөв, үнэн, шударга зүйлсийг үйлдсэнээр
Сахилга бат болон хэрсүү байдалд суралцах,
4 Гэнэн нэгэнд хэрсүү байдлыг,
Идэр нэгэнд бодлоготой үйлдэл ба мэдлэгийг өгөхөөр;
5 Мэргэн нэгэн нь сонсож, мэдлэгээ тэлэх,
Ухаалаг нэгэн нь мэргэн зөвлөгөөг авахын тулд;
6 Сургаалт үгс хийгээд сургаалт зүйрлэлүүд ба
Мэргэн ухаантнуудын үгс хийгээд оньсого таавруудыг нь ухаж ойлгохын тулд юм.
7 ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн.
Харин мунхгууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсорлодог.
8 Хүү минь, эцгийнхээ сургамжийг сонс.
Эхийнхээ зааврыг бүү огоор.
9 Чухамдаа эд л тэргүүнд чинь нигүүлсэлт цэцгийн титэм,
Хүзүүнд чинь чимэг билээ.
10 Хүү минь, хэрэв нүгэлтнүүд чамайг уруу татах гэвээс бүү зөвшөөр.
11 Хэрэв тэд чамд
"Бидэнтэй яв, хэн нэгний цусыг урсгахаар бүгэцгээе.
Гэмгүй нэгнийг отоцгооё.
12 Тэднийг Үхэгсдийн орон мэт амьдаар нь,
Бас нүхэнд унагсад мэт бүхлээр нь залгицгаая.
13 Бид үнэт эрдэнэсийг төрөл төрлөөр нь олж,
Орон гэрээ олзоор дүүргэх болно.
14 Бидэнтэй хамт шавга хая.
Тэгвэл бидний хувьд нэг л хөрөнгө зоорь байх болно" гэвэл,
15 Хүү минь, тэдэнтэй хамт бүү яв.
Жимээс нь хөлөө хол байлга.
16 Учир нь тэдний хөл хорон муу уруу ухасхийдэг бөгөөд
Тэд цус урсгах гэж яарч сандарна.
17 Чухамдаа, шувууг харсаар байтал нь
Өмнө нь тор тавих нь талаар хэрэг биз ээ.
18 Харин тэд өөрсдийн цусны төлөө бүгэх аж.
Тэд өөрсдийн амийг отох аж.
19 Ийнхүү хүчирхийллээр олж авах юмсын төлөө явдаг хэний ч зам тийм болой.
Тэрхүү эд юмс нь эзэмшигчийнхээ амь насыг бүрэлгэнэ.
20 Мэргэн ухаан нь гудамжнуудад чангаар зарлан дуудаж,
Олон хөлийн газар дуугаа өндөрсгөдөг.
21 Шуугиант гудамжнуудын гол газруудад тэр орилон хашхирдаг бөгөөд
Хотын дааман хаалган дээр өөрийнхөө үгсийг хэлдэг юм.
22 "Гэнэн хүмүүс ээ, гэнэн мунхаг байдлаа та нар хир удаан хайрлах вэ?
Хэдий хүртэл басамжлагсад доог тохуу хийж,
Мунхаг хүмүүс мэдлэгийг үзэн ядах юм бэ?
23 Миний зэмлэлд эргэн ханд.
Харагтун, би та нарын дээр сүнсээ бялхуулна,
та нарт үгээ мэдүүлнэ.
24 Би та нарыг дуудсан, харин та нар үл хэрэгссэн.
Гараа сунгахад минь хэн чинь ч анхаарсангүй.
25 Та нар бүх зөвлөгөөг минь үл ойшоон, зэмлэлийг минь эс хүссэн.
26 Та нарын гамшиг сүйрэл дээр чинь би инээж,
Айдас хүйдэст нэрвэгдэх цагт чинь би элэг доог хийнэ.
27 Айдас хүйдэс шуурга мэт ирж, гамшиг хуй салхи мэт нөмөрч,
Зовлон зүдгүүр, гай тотгор та нарт ирэхэд би тийн хандана.
28 Тэр үед тэд намайг дуудах боловч би хариу эс өгнө.
Тэд намайг хичээнгүйлэн хайх боловч эс олно.
29 Яагаад гэвэл тэд мэдлэгийг үзэн ядаж,
ЭЗЭНээс эмээхүйг эс сонгов.
30 Тэд миний зөвлөгөөг хүлээж авахгүй,
Миний бүх зэмлэлийг хайхраагүй.
31 Тийнхүү тэд өөрсдийн үйлсийн үр жимсийг идэж,
Өөрсдийн сэдсэн зүйлдээ сэтгэл ханамжтай байх болно.
32 Учир нь гэнэн хүний гуйвамтгай байдал тэднийг хөнөөнө.
Мунхгийн маадгар байдал тэднийг устгана.
33 Харин намайг сонсдог хүн аюулгүй байж,
Хорон муугийн айдас хүйдэсгүй амар тайван амьдарна".
[Өмнөх] |                  | [Дараах] |
Сургаалт үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]