Сургаалт үгс [9]

1 Мэргэн ухаан нь байшингаа барьж, долоон баганаа босгов.
2 Тэрээр хоол хүнсээ бэлтгэж, дарсаа хутгаж, бас ширээгээ засав.
3 Тэр зарц бүсгүйчүүдээ явуулан, хотын хамгийн өндөр газраас дуудав.
4 Ингэхдээ "Гэнэн нэгэн нь наашаа эргэгтүн!" гэдэг аж.
Ухаан мөхөс нэгэнд тэрээр
5 "Нааш ир, хоол хүнснээс минь зоогло.
Хутгасан дарснаас минь уугтун.
6 Мунхаг явдлаа орхин амьд яв.
Оюун ухааны замаар яв" гэж хэлдэг.

7 Басамжлагчийг залруулдаг хүн нэр төрөө гутаадаг.
Хар санаатанг зэмлэдэг хүн өөртөө доромжлолыг авдаг.
8 Басамжлагч нэгнийг бүү зэмлэ,
Учир нь тэр чамайг үзэн ядна.
Мэргэн нэгнийг зэмлэ.
Тэр чамайг хайрлана.
9 Мэргэн хүнд заавар өг.
Тэгвээс тэр хүн улам мэргэн болно.
Шударга зөв хүнийг сурга.
Тэгвээс тэр хүн мэдлэгээ арвижуулна.
10 ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл мөн.
Ариун Нэгэнийг таньж мэдэх нь оюун ухаан мөн.
11 Учир нь өдөр хоног чинь надаар уртсах болно.
Амьдралын он жилүүд чамд нэмэгдэх болно.
12 Хэрэв чи мэргэн бол өөрийнхөө л төлөө мэргэн байгаа хэрэг.
Хэрэв чи басамжилдаг бол өөрөө л үүнийгээ үүрэх болно.

13 Мунхаг эмэгтэй нь чимээ дуулиантай агаад юу ч мэддэггүй, гэнэн нэгэн юм.
14 Тэрээр гэрийнхээ үүдэнд болон хотын өндөрлөг газруудын суудал дээр суун,
15 Өнгөрөн явагсдыг, чигээрээ цэх алхагсдыг дууддаг юм.
16 Тэр эм "Гэнэн нэгэн нь нааш эргэгтүн" гэдэг аж.
Ухаан мөхөс эрд хандан тэрээр,
17 "Хулгайлсан ус чихэрлэг.
Нууцлан идсэн талх амттай" гэдэг.
18 Харин тэнд нь үхдлүүд байх бөгөөд
Тэр эмийн зочид гийчид нь Үхэгсдийн орны гүнд байдгийг мөнөөх эр мэддэггүй ажээ.



[Өмнөх]                [Дараах]


Сургаалт үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]