Сургаалт үгс [6]

1 батлан даасан бол,
2 Амныхаа үгээр өөрийгөө занганд оруулсан бөгөөд өөрийгөө барьж өгсөн
3 Миний хүү, чи хөршийнхөө гарт нэгэнтээ орсон тул эдгээрийг хийж, өөрийгөө авар.
Явж, өөрийгөө даруу болгож, хөршөөсөө шалан гуй.
4 Нүд чинь нойронд бүү дийлдэг.
Зовхи чинь зүүрмэглэлд бүү автаг.
5 Анчны гараас зайлагч зээр гөрөөс мэт,
Шувуу баригчийн занганаас тавигдсан жигүүртэн мэт өөрийгөө авар.

6 Залхуу минь, чи яв, шоргоолж юу хийдгийг ажиглан хар, ухаантай бай.
7 Түүнд ахлагч, харгалзагч ба удирдагч гэж байхгүй атлаа,
8 Өөрийнхөө хоол тэжээлийг зуны цагт бэлдэж,
Ургац хураах цагаар нөөцөө цуглуулдаг.
9 Залхуу минь, чи хэдий хүртэл хэвтэх юм бэ?
Нойрноосоо хэзээ сэрэх юм бэ?
10 "Жаахан унтаадахъя, жаахан дугхийгээдэхье,
Жаахан гараа хумхин амраадахъя" гэсээр байтал
11 Хоосон ядуу байдал чинь тэнүүлчин мэт,
Гачаал чинь зэвсэг агссан хүн мэт чам уруу ирнэ.

12 Хорон муу хүн амнаасаа гажсан үг унаган явж,
13 Нүдээ ирмэн, хөлөөрөө дохио өгч, хуруугаараа заан,
14 Зүрхэндээ буй хар санаагаар үргэлж хорон мууг сэдэж,
Эвдрэлцлийг тараадаг юм.
15 Тиймээс сүйрэл нь гэнэт ирж,
Тэр даруй тэрээр эдгэшгүйгээр гэмтэнэ.

16 ЭЗЭН доорх зургаан зүйлийг үзэн яддаг.
Тийм ээ, эдгээр долоон зүйл Түүнд жигшил зэвүүцэл болдог.
17 Эдгээр нь гэвээс
Ихэмсэг харц,
Худалч хэл,
Гэм зэмгүй цусыг урсгагч гар,
18 Хар буруу төлөвлөгөөг сэдэгч зүрх,
Хорон муу уруу түргэн гүйгч хөл,
19 Худал чалчдаг хуурамч гэрчлэгч болон
Ах дүүсийн дунд эвдрэлцлийг тараагч зэргүүд болой.

20 Хүү минь, эцгийнхээ тушаалуудыг сахь.
Эхийнхээ зааж сургасныг бүү огоор.
21 Тэдгээрийг зүрхнээсээ байнга уя, хүзүүндээ зангид.
22 Тэд чамайг явахад чинь удирдаж,
Нойрсоход чинь хамгаална.
Сэрэхэд чинь тэд чамтай ярина.
23 Учир нь тушаал нь дэнлүү юм.
Сургамж нь гэрэл юм.
Сахилга батын зэмлэлүүд нь амь амьдралын зам мөн.
24 Энэ нь чамайг хорон муу эмээс болон
Садар эмийн уян наалинхай хэлээс хол байлгахын тулд билээ.
25 Тэр эмийн гоо үзэсгэлэнг зүрхэндээ бүү хүс.
Түүний зовхи нь ч чиний дур хүслийг бүү булааг.
26 Учир нь садар самуун эмээс болж тэр хүн зүсэм талх болтлоо турж хорчийдог ба
Завхайрагч эм үнэт амийг авладаг ажээ.
27 Хүн хувцсаа шатаахгүйгээр гал өвөртөлж чадна гэж үү?
28 Эсвэл хөлөө түлэхгүйгээр халуун нүүрсэн дээгүүр явж чадна гэж үү?
29 Хөршийнхөө эхнэр уруу явдаг хүн тийм байна.
Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүр шийтгэгдэхгүйгээр өнгөрөхгүй.
30 Өлсгөлөнгөө дарахын тулд хулгай хийдэг хулгайчийг хүмүүс харсан ч жигшихгүй.
31 Харин баригдахдаа тэр долоо дахин нугалан төлж,
Гэр орныхоо хамаг эд хогшлоо өгөх ёстой.
32 Эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухааны гачаалд автдаг нэгэн байх бөгөөд
Завхайрснаараа өөрийгөө хөнөөдөг.
33 Тэрээр шарх болон гутамшгийг амсах ба ичгүүр нь хэзээ ч арилахгүй.
34 Учир нь хардалт нь эр хүний хилэнг бадраадаг бөгөөд
Өс хонзон авах өдрөө тэр үл өршөөнө.
35 Тэр эр ямар ч төлөөсийг хүлээж авахгүй,
Мөн хичнээн бэлэг сэлт өглөө ч сэтгэлийг нь засаж эс чадна.



[Өмнөх]                [Дараах]


Сургаалт үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]