Сургаалт үгс [16]

1 Зүрх сэтгэлийн бодол хүнд харьяалагддаг боловч,
Хэлний хариулт ЭЗЭНээс ирдэг юм.
2 Хүмүүний хамаг зам өөрийнх нь нүдэнд цэвэр харагддаг бол
ЭЗЭН учир шалтгаанаар нь цэгнэн үздэг.
3 Ажил үйлсээ ЭЗЭНд даатга тэгвэл бодсон санасан чинь биелнэ.
4 ЭЗЭН юм бүхнийг тус тусын зорилготойгоор бүтээжээ.
Тэр ч байтугай хар санаатнууд хорон муугийн өдөрт зориулагдсан аж.
5 Бардам зүрхтэй хүн бүр ЭЗЭНий хувьд жигшил юм.
Тийм нэгэн зайлшгүй шийтгүүлнэ.
6 Үнэн ба хайр энэрэл нүглийг цагаатгадаг.
ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна.
7 Хүмүүний зам ЭЗЭНий таалалд нийцэх цагт
Тэрээр түүний дайснуудыг нь хүртэл түүнтэй эв түнжинтэй байлгадаг.
8 Зүй бусаар олох үлэмж их орлогоос зөв шударгаар олох бага нь дээр.
9 Хүн оюун ухаандаа өөрийн замыг төлөвлөдөг бол
ЭЗЭН түүний алхаа гишгээг чиглүүлдэг.
10 Хааны амнаас тэнгэрлэг шийдвэр гардаг.
Шүүх цагт түүний ам алдаа гаргах ёсгүй.
11 Зөв дэнс ба хэмжүүр ЭЗЭНд харьяалагддаг.
Уутан доторх бүх туухай Түүнийх юм.
12 Хаан ширээ зөв шударгад тулгуурладаг учраас
Хорон муу явдалтай холбогдох нь хааны хувьд жигшүүртэй юм.
13 Шударга зөв уруул хаанд таалагддаг.
Үнэн ярьдаг хүнийг хаан хайрладаг.
14 Хааны уур хилэн үхлийн элч мэт буюу.
Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулдаг.
15 Хааны нүүрэнд гэрэлтэх гэрэл дотор амьдрал буй.
Түүний таалал нь хаврын борооны үүл мэт буюу.
16 Алт авснаас мэргэн ухааныг олох нь илүү дээр.
Мөн ухааныг авах нь мөнгөнөөс ч илүү үнэтэй.
17 Цэх шулуун хүмүүсийн зам бол өөрсдийгөө хорон муугаас холдуулах явдал билээ.
Өөрийн замыг анхааралтай ажигладаг хүн амиа хамгаална.
18 Сүйрлийн өмнө бардам зан явдаг бол
Бүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг.
19 Бардам хүмүүстэй олз хувааснаас,
Дорд хүмүүсийн дунд даруу сүнстэй байсан нь хавьгүй дээр.
20 Үгэнд анхаарлаа хандуулдаг хүн сайн сайхныг олно.
ЭЗЭНд итгэгч хүн ерөөлтэй!
21 Зүрхэндээ мэргэн хүн ухаалаг хэмээгдэнэ.
Амтат үг яриа ятгалгыг улам нэмэгдүүлнэ.
22 Өөрийг нь эзэмшигч хүнд ухаан бол амийн ундарга юм.
Харин мунхаг хүний сахилга нь мунхаглал юм.
23 Мэргэн хүний зүрх амаа сургадаг бөгөөд
Уруулдаа ятгалгыг нэмдэг.
24 Тааламжит үгс зөгийн балтай сархинаг ажгуу.
Тэр нь сэтгэлд амтат бурам ба ясанд эм болой.
25 Хүнд зөв мэт санагдавч,
Төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг.
26 Хөдөлмөрлөгч хүний хооллох хүсэл өөрийнх нь төлөө ажилладаг.
Түүний өлсгөлөн байдал нь түүнийг хөтөлдөг.
27 Хар санаат хүн хорон мууг ухаж гаргадаг.
Түүний үгс дүрэлзэх гал мэт болой.
28 Замаасаа гажигч хүн эвдрэлцлийг тарьдаг.
Хов жив тараагч хүн дотнын анд нөхдийг салгадаг.
29 Хүчирхийлэгч хүн хөршөө уруу татаж,
Сайн биш замаар дагуулдаг.
30 Нүдээ ирмэгч хүн гажсан зүйлсийг сэддэг.
Хөмхийгөө зуугч хүн хорон мууг гүйцэлдүүлдэг.
31 Буурал толгой бол алдрын титэм юм.
Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог.
32 Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр.
Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс дээр.
33 Шавга хаявч шийдвэр бүр нь ЭЗЭНээс ирдэг.



[Өмнөх]                [Дараах]


Сургаалт үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]