1 Хорон муу хүмүүст бүү атаарх.
Тэдэнтэй хамт байхыг бүү хүс.
2 Учир нь тэд хүчирхийллийг сэддэг бөгөөд
Тэдний уруул нь гай зовлонгийн үгсийг л ярина.
3 Гэр орон мэргэн ухаанаар сүндэрлэж, оюун ухаанаар тогтдог.
4 Мэдлэгийн хүчээр өрөөнүүд чинь эрхэм нандин баялгаар дүүрнэ.
5 Мэргэн хүн чадалтай.
Ухаантай хүн хүчээ бататгана.
6 Мэргэн удирдамжийн дагуу чи дайт.
Олон зөвлөгчийн дотор ялалт бий.
7 Мэргэн ухаан нь мунхагт дэндүү өндөр юм.
Тэрээр хаалганы дэргэд амаа нээхгүй.
8 Хорон мууг хийхээр төлөвлөдөг нэгнийг хүмүүс хорлогч гэж дуудна.
9 Мунхаглалыг сэдэх нь нүгэл.
Басамжлагч нэгэнд хүмүүс дургүйцдэг.
10 Хэрэв чи бэрх цагт сул дорой байваас хүч тэнхээ чинь сул аж.
11 Үхэлд баригдсан хүмүүсийг авар.
Алагдах газрынхаа зүг гэлдрэх хүмүүсийг буцааж авчир.
12 "Бид энэ талаар мэдээгүй" гэж чи хэлж байгаа бол
Зүрхийг Дэнслэгч үүнийг анхааралдаа авахгүй гэж үү?
Сүнсийг чинь хамгаалагч энэ бүхнийг мэдэхгүй гэж үү?
Мөн хийсэн үйлийнх нь хариуг Тэр хүмүүнд өгөхгүй гэж үү?
13 Зөгийн бал ид, учир нь тэр сайн юм.
Сархинагийн бал тун амттай шүү.
14 Мэргэн ухаан нь сэтгэлд чинь үүнтэй адил гэдгийг мэд.
Хэрэв түүнийг олох аваас чамд ирээдүй байгаа бөгөөд
Итгэл найдвар чинь ор тас мартагдахгүй.
15 Хар санаатан чи,
Зөв шударга хүний гэр орны эсрэг санаа өвөрлөөд бүү отож хэвт.
Алжаалаа тайлдаг газрыг нь бүү сүйтгэ.
16 Учир нь зөв шударга хүн долоо бүдрэвч сэхнэ.
Харин хар санаатай хүн гай тохиох цагт нэгмөсөн бүдэрнэ.
17 Чиний дайсан унахад баярлах хэрэггүй.
Бүдрэхэд нь зүрх чинь бүү баярлаг.
18 Эс тэгвээс ЭЗЭН үүнийг хараад, таалахгүй тул,
Дайснаас чинь уур хилэнгээ буцаан авч юу магад.
19 Хорон мууг үйлдэгсдээс болж сэтгэлдээ бүү тавгүйрх.
Хар санаатанд бүү атаарх.
20 Учир нь хорон муу хүн ирээдүйгүй.
Хар санаатны дэнлүү бөхнө.
21 Хүү минь, ЭЗЭНээс болон хаанаас эмээгтүн.
Тэднийг эсэргүүцэгч нартай бүү нийл.
22 Учир нь тэдний гамшгууд гэнэт гарч ирнэ.
Хэн хэнээс нь ирэх эвдрэл сүйрлийг хэн мэдэх билээ?
23 Эдгээр нь ч гэсэн мэргэн хүмүүсийн үгс юм.
Шүүх дээр тал засах нь сайн зүйл биш.
24 Хар санаатай хүнд
"Чинийх зөв шударга" гэж хэлэгчийг хүмүүс зүхэх бөгөөд
Улс үндэстнээрээ түүнд зэвүүцнэ.
25 Харин хар санаатныг зэмлэгчдэд талархал байх болно.
Тэдний дээр сайн ерөөл оршино.
26 Зөв хариулт өгсөн хүн уруул дээр үнсэж буй хэрэг.
27 Байшин барихаасаа өмнө гаднах ажлаа цэгцэлж,
Хээр талд буй юмсаа бэлэн болго.
28 Шалтгаангүйгээр хөршийнхөө эсрэг гэрчилж болохгүй.
Уруулаараа бүү мэхэл.
29 "Тэр надад яаж хандсан шиг би мөн түүнд тэгж хандана.
Тэр шангаа хүртэнэ дээ" гэж бүү хэл.
30 Залхуугийн тариан талбай болон ухаангүй хүний усан үзмийн цэцэрлэгийн дэргэдүүр би өнгөрөв.
31 Тэгтэл бүх талбай нь хогийн ургамалд баригдсан,
Халгайгаар дүүрсэн ба чулуун хашаа нь нурсан байлаа.
32 Би харуутаа л энэ дүр зургийг өөр дээрээ тусгаж үзээд, эндээс сургамж авав.
33 "Жаахан унтчихъя.
Жаахан дугхийчихье.
Жаахан гараа хумхин амраадахъя" гэсээр байтал
34 ядуурал чинь хулгайч мэт ирж, хүслэн чинь зэвсэглэсэн хүн мэт болох вий.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Сургаалт үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]