Сургаалт үгс [21]

1 Хааны зүрх ЭЗЭНий мутарт атгаастай байгаа усны урсгал мэт юм.
Тэр хүссэн цагтаа урсгалыг өөрчилдөг.
2 Хүн бүрийн зам өөрийнх нь нүдэнд зөв харагддаг,
Харин ЭЗЭН хүмүүний зүрхийг дэнсэлнэ.
3 Шударга хийгээд зөвийг үйлдэх нь ЭЗЭНд өргөлөөс ч илүү таалагддаг.
4 Ихэмсэг харц болон бардам зүрх болбоос хар санаатай хүмүүсийн дэнлүү бөгөөд нүгэл ажээ.
5 Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө.
Харин адгуу хүн үнэхээр ядууралд хүрнэ.
6 Худалч хэлээр эрдэнэсийг олж авах явдал нь
Нүүгээд өнгөрөх үүл ба үхлийн занга мэт буюу.
7 Хар санаатнууд шударга үйлдлээс татгалздаг тул
Тэдний хүчирхийлэл өөрсдийг нь үгүй хийнэ.
8 Гэмт хүний зам тахир байдаг.
Харин гэмгүй хүний хувьд гэвэл түүний хандлага нь
зөв шулуун.
9 Хэрүүлч эхнэрийн хамт байшинг хуваалцан сууснаас
Дээврийн буланд амьдарсан нь дээр.
10 Хар санаатны сэтгэл хорон мууг маш их хүснэ.
Хөрш нь түүний нүднээс энэрлийг олж харахгүй.
11 Басамжлагч хүн шийтгэгдэхэд гэнэн нэгэн мэргэн болдог.
Харин мэргэн нэгнийг сургамжлавал тэр мэдлэгийг олж авна.
12 Шударга зөв нэгэн нь хар санаатай хүний гэрийг ажигладаг бөгөөд
Хар санаатныг мөхөл уруу авчирна.
13 Ядуугийн хашхирахыг эс сонсогч нь
Нэгэн цагт өөрөө хашхирах боловч хариуг эс сонсоно.
14 Сэм өгсөн бэлэг уур хилэнг дарна.
Өвөрт нь хийсэн хээл хахууль хилэн хорслыг дарна.
15 Зөвийг үйлдэх нь зөв шударга хүнд баяр хөөр бол
Гэм бурууг хийгчдэд энэ нь айдас болдог.
16 Ухааны замаас төөрсөн хүн үхэгсдийн цуглаанд байраа эзэлнэ.
17 Зугаа цэнгэлд дурлагч хүн ядуурна.
Дарс ба тосонд дурлагч хүн баян болохгүй.
18 Хар санаатай хүн зөв шударга нэгний төлөөх золиос бөгөөд
Зальхай хүн цэх шулуун нэгний оронд байх болно.
19 Хэрүүлч, уур уцаартай эмэгтэйтэй хамт байснаас цөлд амьдарсан нь дээр.
20 Мэргэн хүний гэрт үнэт эрдэнэс ба тос бий.
Харин мунхаг хүн эдгээрийг залгидаг.
21 Зөв шударга ба үнэнийг хайдаг хүн нь
Амь, зөв шударга, хүндэтгэлийг олдог.
22 Мэргэн хүн хүчтэнүүдийн хот уруу ч дайрч,
Тэдний найдаж байсан бат хэрмийг ч нураана.
23 Ам хэлээ захирдаг хүн аюулаас сэтгэлээ хамгаална.
24 Ичгүүргүй бардам зангаар үйлдэгч нэгний нэр гэвээс
"Бардам", "Их зант", "Басамжлагч" зэрэг нь аж.
25 Залхуугийн хүслэн түүнийг үхэлд хүргэнэ.
Учир нь түүний гар ажиллахаас татгалздаг.
26 Тэрээр бүхэл өдөржингөө шунахайран хүснэ.
Харин шударга зөв хүн гар таталгүй өгдөг.
27 Хар санаатны өргөл нь ч бузар бол
Хорон муу санаа өвөрлөн өгсөн түүний өргөл ямар их бузар зүйл байх билээ!
28 Хуурамч гэрч мөхөх болно.
Харин үнэнийг сонсогч хүн мөнхөд ярих болно.
29 Хар санаатай хүн догшин дүр эсгэнэ.
Харин шударга шулуун хүн замаа цэх байлгахыг хичээнэ.
30 ЭЗЭНийг эсэргүүцдэг мэргэн ухаан, оюун ухаан, зөвлөгөө гэж ер байхгүй.
31 Хүлэг морьдыг тулаанд мордоход бэлэн болгосон ч
Ялалт нь ЭЗЭНий гарт байдаг.



[Өмнөх]                [Дараах]


Сургаалт үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]