Сургаалт үгс [11]

1 Алдаатай дэнслэх нь ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг.
Харин зөв дэнслэх нь Түүнд тааламжтай ажээ.
2 Бардам зан нэр хугална.
Даруу зан болбоос мэргэн ухаан.
3 Цэх шулуун хүмүүсийг үнэнч шударга байдал нь удирддаг бол
Итгэлгүй хүмүүсийг худал хуурмаг байдал нь хөнөөдөг аж.
4 Эд баялаг нь уур хилэнгийн өдөр ямар ч тус болохгүй.
Харин зөв шударга байдал нь үхлээс чөлөөлнө.
5 Гэмгүй хүний зөв шударга байдал өөрийнх нь замыг тэгш болгодог.
Харин хар санаатан өөрийнхөө хар санаанд ойчдог.
6 Цэх шулуун хүнийг зөв шударга байдал нь аварна.
Харин итгэлгүй хүн сувдаг сэтгэлдээ баригдана.
7 Хар санаатан үхэхэд итгэл найдвар нь ор мөргүй алга болдог.
Тийм хүний хүч чадалдаа найдсан горьдлого нь ч тасарна.
8 Шударга зөв нэгэн хүнд байдлаас гардаг бол
Хар санаатай хүн оронд нь ордог.
9 Бурхангүй хүн амаараа хөршөө хөнөөнө.
Харин зөв шударга хүн мэдлэгээр аврагдана.
10 Шударга зөв хүмүүс дэвжин дээшлэх цагт хотол олноороо баярлана.
Хорон санаатан мөхөх цагт тэнд баяр хөөр болно.
11 Шулуун шударга хүмүүсийн ерөөлөөр хот нь дэвжин дээшилдэг бол
Хар санаатны ам түүнийг доош нураадаг.
12 Хөршдөө зэвүүцэгч нь ухаанаар дутмаг байгаа хэрэг.
Харин ухаалаг нэгэн дуугүй байна.
13 Задгай амтай хүн нууцыг задруулдаг бол
Итгэл хүлээсэн хүн үйл хэргийг нууцалдаг юм.
14 Удирдамжгүй аваас ард түмэн нь мөхнө.
Харин олон зөвлөгчтэй аваас ялалтанд хүрнэ.
15 Харь хүний төлөө батлан даагч нь үүнийхээ төлөө үнэхээр зовно.
Харин даалт гаргахыг үл хүсэгч нь аюулгүй байна.
16 Нигүүлсэнгүй эмэгтэй хүндэтгэлийг хүлээнэ.
Шаргуу дайчин эр баялгийг олно.
17 Энэрэнгүй хүн сэтгэлээ тэтгэдэг бол
Хэрцгий ширүүн хүн сэтгэлдээ гай зовлон хураана.
18 Хорон санаатай хүн хуурамч хөлсөө хүртэнэ.
Харин шударга зөвийг таригч нэгэн жинхэнэ шагналыг хүртэнэ.
19 Шударга зөвийг тууштай дагагч нь аминд хүрнэ.
Хорон мууг даган мөшгөгч нь өөрийн үхэл уруугаа тэмүүлнэ.
20 Зоргоороо авирлагч хүн ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг бол
Гэмгүйгээр алхдаг нэгэн Түүний таалалд нийцдэг.
21 Хар санаатан зайлшгүй шийтгүүлнэ.
Харин шударга зөв хүний үр удам нь чөлөөлөгдөнө.
22 Үзэсгэлэнтэй атлаа хөнгөн хуумгай эмэгтэй нь
Гахайн хоншоорт зүүсэн алтан гархи мэт ажгуу.
23 Шударга зөв хүний хүсэл нь үргэлж сайн сайхан юм.
Харин хорон хүний хүсэл уур хилэн аж.
24 Харамгүйгээр өгдөг атлаа илүүг хүртдэг хүн бий.
Харин нарийлагч хүн тэр хэрээрээ хоосордог.
25 Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг.
Бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхрэх болно.
26 Үр буудайгаа нууж нөөцөлдөг нэгнийг хүмүүс зүхнэ.
Харин түүнийгээ зарж худалддаг нэгэнд ерөөл оршино.
27 Сайныг хайгч нэгэн ивээл өмгөөллийг олно.
Харин хорон муу нь түүнийг хайгч нэгэн дээр ирнэ.
28 Өөрийнхөө баялагт найдагч нэгэн унана.
Харин шударга зөв хүн ногоон навч лугаа адил хөгжин дэвжинэ.
29 Өөрийн гэртээ гай тотгор учруулдаг хүн салхийг өвлөнө.
Мөхөс хүн мэргэн хүний зарц болно.
30 Шударга зөв хүний үр жимс нь амийн мод юм.
Мэргэн хүн сэтгэлийг байлдан дагуулна.
31 Шударга зөв хүн хүртэх ёстойгоо газар дээр хүртдэг бол
Хар санаатан хийгээд нүгэлтэн нь хэд дахин илүү хариугаа хүртэх бол доо!



[Өмнөх]                [Дараах]


Сургаалт үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]