1 Иакены хөвгүүн Агурын айлдсан үгс буюу эш үзүүллэг.
Тэрээр эдгээрийг Итиел ба Укалд уламжилжээ.
2 Хүмүүнээс хамгийн мунхаг нь гэвэл би л байж таарна.
Хүний ухаан надад байхгүй.
3 Би мэргэн ухаанд ч суралцсангүй.
Ариун Нэгэний тухай мэдлэг ч надад алга.
4 Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв ээ?
Хэн салхийг гартаа атгаж байв аа?
Хэн усыг дээлэндээ ороож чадав аа?
Хэн дэлхийн хамаг хязгаарыг бүтээв ээ?
Түүний нэр болон Хүүгийнх нь нэр хэн бэ?
Та мэдэх үү?
5 Бурханы үг бүр соригдсон.
Тэрээр Өөрийнх нь дотор хоргодогсдод бамбай юм.
6 Түүний үгэн дээр бүү нэм.
Тэгвээс Тэр чамайг буруутгаж, чи худалч болох вий.
7 Хоёр зүйлийг би Танаас гуйж байна.
Намайг амьд сэрүүн байх зуур надад бүү татгалзаарай.
8 Заль мэх болон худлыг надаас хол байлгаач.
Намайг хоосон ядуу ч бус, баян тарган ч бус байлгаач.
Надад оногдох хувь болох хүнсийг өгч хайрлаач.
9 Учир нь би оногдох ёстойгоосоо илүүг хүртэж,
"ЭЗЭН гэж хэн юм бэ?" гээд,
Танаас няцаж буцахгүй байхын тулд,
Эсвэл ядууран, хулгай хийж,
Бурханыхаа нэрийг бузарлахгүй байхын тулд билээ.
10 Эзнийх нь нүүрэн дээр зарцыг нь бүү гүтгэ.
Тэгвээс эзэн нь чамайг хараан зүхэж, чи буруутан болох вий.
11 Эцгийгээ зүхэж, эхийгээ үл ерөөдөг хүмүүс байдаг.
12 Өөрийнхөө нүдэнд цэвэр хэмээдэг атлаа
Хир буртгаасаа цэвэрлэгдээгүй хүмүүс ч бас бий.
13 Басамжилсан нүдтэй ба дээгүүр харцтай ч нэгэн бий.
14 Газар дээрээс зовж шаналагсдыг,
Хүмүүсийн дундаас ядуусыг залгихаар шүд нь илд шиг агаад
Эрүүнүүдэд нь хутга шиг шүдтэй хүн ч бий.
15 Шуналын тулам хоёр охинтой бөгөөд
Тэд байнга л "Өг, Өг" гэцгээдэг.
Ханаж цаддаггүй гурван зүйл
"Одоо боллоо" гэж хэлдэггүй дөрөв дэх зүйл бий.
16 Эдгээр нь
Үхэгсдийн орон,
Үр хүүхэдгүй хэвлий,
Ус ууж ханадаггүй газар хийгээд
"Одоо болсон" хэмээн хэлдэггүй гал зэрэг юм.
17 Эцгийгээ басамжилж,
Эхдээ зэвүүцэгчийн нүдийг хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.
18 Миний хувьд ухааршгүй гайхамшигтай гурван зүйл байна.
Дөрөв дэхийг нь бүр ч ойлгохгүй юм.
19 Эдгээр нь
Тэнгэрт халин нисэх бүргэдийн зам,
Хадан дээгүүр мурилзах могойн зам,
Тэнгисийн дунд хөвөх хөлөг онгоцны зам,
Бүсгүй хүнтэй ханилсан эрийн хувь тавилан болой.
20 Садар самуун эмийн зам нь гэвээс тэр идэж,
Амаа арчаад "Би ямар ч буруугүй" гэдэг.
21 Гурван зүйлийн дор дэлхий чичирч,
Дөрөв дэхийг нь даадаггүй.
22 Эдгээр нь
Хаан ширээнд заларсан зарц,
Хоолоор хангалуун мунхаг,
23 Хайр сэтгэлгүйгээр нөхөрт гарсан ба
Эзэгтэйнхээ оронд эзэгтэй болох шивэгчин зэрэг ажгуу.
24 Дэлхий дээр өчүүхэн атлаа үнэнхүү мэргэн дөрвөн зүйл бий.
25 Шоргоолж бол том амьтан биш ч гэсэн зуны турш хоол хүнсээ базаана.
26 Дорго бол хүчтэй амьтан биш ч гэсэн хад чулуун дотор үүрээ засна.
27 Царцаанд хаан байхгүй ч тэд бүгд дэг журамтай.
28 Гүрвэлийг гараараа барьж чадах ч тэр нь хааны ордонд байх ажээ.
29 Алхах гишгэхдээ сүрлэг гурав буюу бүр дөрөв бий.
30 Хэний ч өмнөөс ухардаггүй араатны дунд хүчирхэг арслан,
31 Азарган тахиа, ухна ба дайчин баатруудтайгаа хамт буй хаан болой.
32 Өөрийгөө өргөмжилж мунхаг зан гаргасан, эсвэл хорон мууг сэдсэн бол гараа аман дээрээ тавь.
33 Сүүнээс цөцгий, дараа нь цөцгийн тос ялгардаг.
Хамар дундуур дэлсвээс цус гоожно.
Түүнчлэн уурандаа автах явдал эвдрэлцлийг бий болгодог.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Сургаалт үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]