Сургаалт үгс [18]

1 Адайр хүн хувийн хүслээ эрж хайдаг ба
Хамаг саруул ухааны эсрэг тэрсэлнэ.
2 Мунхаг хүн ухаанд баярладаггүй.
Харин бодол санаагаа харуулахыг л эрмэлздэг.
3 Хар санаатан ирэхэд жигшүүр бас ирнэ.
Гутамшгийн хамт ичгүүр ирнэ.
4 Хүмүүний амнаас гарах үгс гүний ус мэт бөгөөд
Мэргэн ухааны ундарга нь шоржигнон урсах горхи мэт буюу.
5 Хар санаатай нэгэнд тал засах ба
Зөв нэгнийг түлхэхийн аль аль нь сайнгүй аж.
6 Мунхгийн уруул нь эвдрэлцлийг авчирна.
Түүний ам нь цохилтыг урьдаг.
7 Мунхгийн ам өөрийг нь сүйтгэнэ.
Түүний уруул сэтгэлийг нь урхидна.
8 Ам хэлээ билүүдэгчийн үгс амтат идээ будаа мэт ба
Тэдгээр үгс ходоодны мухарт ч хүрнэ.
9 Ажилдаа хичээл зүтгэл гаргадаггүй хүн
Үрэн таран хийгч нэгний ах дүү нь мөн.
10 ЭЗЭНий нэр бат бөх цамхаг бөгөөд
Шударга зөв хүн тийшээ гүйгээд, тэнд аюулгүй байна.
11 Баян хүний эд хөрөнгө нь түүнд бэхлэлт бүхий хот ба
Өөрийнх нь төсөөлдгөөр өндөр хана мэт ажээ.
12 Сүйрлийн өмнө хүмүүний зүрх ихэмсэг байдаг бол
Хүндлэлийн өмнө даруу зан байдаг.
13 Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь
Хүнд өөрт нь мунхаг хэрэг ба ичгүүр билээ.
14 Хүмүүний сүнс өвчнийг ч тэсвэрлэдэг.
Харин цөхөрсөн сүнсийг хэн тэнхрүүлж чадах билээ?
15 Хэрсүү хүний оюун бодол мэдлэгийг эзэмшдэг.
Мэргэн хүний чих мэдлэгийг эрж хайдаг.
16 Бэлэг өгсөн хүний өмнө боломж нээгдэж,
Тэр нь түүнийг эрхэм нэгэнтэй учруулна.
17 Өөр нэгэн ирж, түүнийг шалгаахаас нааш хэрэг явдлаа түрүүлж хэлсэн хүний л зөв шиг байдаг.
18 Шавга хаях нь зөрчилдөөнийг эцэслэх бөгөөд
Эрх мэдэлтнүүдийн хоорондохыг шийддэг.
19 Гомдсон ах дүүг буцаж эргүүлэх нь
Хүчирхэг хотыг эзлэн авахаас ч илүү хэцүү.
Хэрүүл маргаан нь шилтгээний түгжээтэй хаалга мэт ажээ.
20 Амныхаа үр жимсээр хүмүүний ходоод дүүрэх бөгөөд
Тэрээр уруулаасаа гаргах бүтээгдэхүүнээр цадна.
21 Амь ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг.
Түүнд дуртай хүн эдгээрийн үр жимсийг хүртдэг.
22 Эхнэрийг олдог хүн сайныг олж,
ЭЗЭНээс тааллыг хүлээн авдаг.
23 Ядуу хүн өршөөл гуйдаг бол
Баян хүн таагүй хариулт өгдөг.
24 Дэндүү олон найзтай хүн сүйрэлд өртдөг ч,
Ах дүүгээс чинь ч дотно байж чадах анд нөхөр бий шүү.



[Өмнөх]                [Дараах]


Сургаалт үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]