Сургаалт үгс [5]

1 Хүү минь, миний мэргэн ухаанд анхаарлаа хандуул.
Миний ухааныг чих тавин сонс.
2 Ингэх нь чи хэрсүү ухааныг ажиглаж,
Уруул чинь мэдлэгийг нөөцлөхийн тулд юм.
3 Учир нь садар эмийн уруул зөгийн балыг дуслуулдаг ба
Түүний яриа тосноос ч илүү зөөлөн байдаг юм.
4 Харин төгсгөлд нь тэр агь мэт гашуун агаад
Хоёр талдаа иртэй илд мэт хурц аж.
5 Тэр эмийн хөл үхэл уруу уруудан явдаг.
Түүний алхаа Үхэгсдийн оронд аваачна.
6 Тэр эм амийн жимийг бодож цэгнэдэггүй.
Түүний зам мурийсан боловч тэр үүнийгээ ч эс мэднэ.

7 Иймд, хөвгүүд минь, намайг сонс.
Миний амнаас гарах үгнээс бүү зөр.
8 Тэр эмээс хол бай.
Гэрийнх нь үүдэнд ч ойрхон явж болохгүй.
9 Эс тэгвэл чи өөрийн хүч тэнхээгээ бусдад өгөх болж,
Он жилүүдээ харгис нэгэнд алдах вий.
10 Чиний хүчийг гаднын хүмүүс завшиж,
Нөр их зүтгэлээр олсон эд хөрөнгө чинь харь хүний орон гэрт очих болно.
11 Эцэст нь бие махбод чинь тамир тэнхээгээ барахын цагт чи гаслан,
12 "Би сургамжийг ямар их үзэн яддаг байв аа!
Миний зүрх зэмлэлийг үл ойшоодог байв.
13 Би багш нарынхаа дуу хоолойг сонсож байгаагүй,
Мөн сургагч хүмүүсээ ч чих тавин сонсоогүй!
14 Би цуглаан болон чуулганы дунд сүйрлийн ирмэг дээр ирчихээд байна" гэж хэлнэ.

15 Өөрийнхөө усан сангаас уу.
Өөрийнхөө худгаас ундрах цэвэр усыг уу.
16 Чиний ундарга гудамж уруу хальж,
Усны чинь урсгал талбайгаар нэг урсах ёстой гэж үү?
17 Энэ бүхэн нь ганцхан чинийх байг!
Үүнийг гаднын хүмүүстэй бүү хуваалц.
18 Булгийн чинь ундарга ерөөгдөх болтугай!
Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс.
19 Энхрийхэн марал болон нигүүлсэлт согоотой адил,
эхнэрийн чинь хөх ямар ч үед сэтгэлийг чинь хангах болтугай.
Түүний хайранд үргэлж сэргэн хөгж.
20 Учир нь хүү минь, чи садар эмтэй биеийн жаргалыг эдэлж,
Харь хүний цээжийг тэврэх ёстой гэж үү?
21 Учир нь хүмүүний амьдралын зам ЭЗЭНий мэлмийн өмнө ил байдаг юм.
Хүмүүний замыг Тэр ширтэн харж байдаг.
22 Өөрийнх нь зүй бус үйлдэл нь хар санаатныг баривчилдаг бөгөөд
Тэрээр өөрийнхөө нүгэл хилэнцийн уяанд хүлээстэй байх аж.
23 Сургамж дутсанаас болж тэр үхнэ.
Мөн өөрийн олон мунхаглалаас болж тэр төөрөн одох болно.



[Өмнөх]                [Дараах]


Сургаалт үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]