1 Соломоны сургаалт үгс.
Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг бол мунхаг хүү эхдээ сэтгэлийн зовлон болдог.
2 Шударга бусаар олж авсан юмс ашгийг эс авчирна.
Харин шударга зөв байдал үхлээс гэтэлгэдэг юм.
3 Шударга зөв хүний өлсөхийг ЭЗЭН эс тэвчдэг,
Харин хар санаатны хүслэнг цааш түлхдэг.
4 Лазан гар ядуу зүдүүг авчирна,
Хичээнгүй гар баян болгоно.
5 Ухаант хүү ургацаа цагт нь хураана,
Харин ургац хураах цагаар нойрсогч хүү ичгүүрт автана.
6 Ерөөл нь шударга зөв хүний тэргүүн дээр оршино,
Харин хүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.
7 Шударга зөв хүний тухай дурсамж нь ерөөлтэй бол
Хар санаатны нэр ой гутаана.
8 Мэргэн зүрхтэй хүн зөвлөгөөг хүлээж авдаг бол
Чалчаа мунхаг нь сүйрэх болно.
9 Үнэнч шударга замаар алхагч нь аюулаас ангид явдаг бол
Замаасаа гаждаг хүн баригдах болно.
10 Нүдээ ирмэгч нь гай тотгорыг авчирдаг.
Чалчаа мунхаг нь сүйрэх болно.
11 Шударга зөв хүний ам амьдралын ундарга бол
Хүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.
12 Үзэн ядалт нь эвдрэлцлийг төрүүлдэг бол
Хайр бүх нүгэл хилэнцийг далдалдаг.
13 Гярхай нэгний амнаас мэргэн ухаан олдоно.
Харин ухаан дутсан нэгэнд нуруун дундуураа татуулах саваа олдоно.
14 Мэргэн хүмүүс мэдлэгийг хуримтлуулдаг.
Харин мунхгийн ам нь сүйрэл авчирдаг.
15 Баян хүний хөрөнгө өөрт нь бэхлэгдсэн цайз болдог бол
Ядуусын гачаал зүдгүүр нь тэдэнд балгас болдог.
16 Шударга зөв хүний ацаг хөлс нь амьдрал бол
Хар санаатны орлого нь шийтгэл.
17 Сургамжийг сахидаг хүн амийн зам дээр байна.
Харин зэмлэлийг хэрэгсдэггүй хүн төөрч оддог.
18 Үзэн ядалтаа нууцалдаг хүн худалч мөн.
Хов тараагч хүн мунхаг нэгэн мөн.
19 Үг олшроход нүгэл зайлшгүй,
Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм.
20 Шударга зөв хүний хэл цалин цагаан мөнгө мэт бол
Хар санаатны зүрх өчүүхэн үнэ цэнэтэй аж.
21 Шударга зөв нэгний яриа олон хүнийг тэжээдэг бол
Мунхаг хүмүүс ухаан дутсанаас үхдэг.
22 ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд
Тэр харууслыг эс авчирна.
23 Муу үйлдэл нь мунхаг нэгэнд зугаа болдог бол
Ухаант нэгэн мэргэн ухаанд баярладаг.
24 Хар санаатан айдаг зүйлтэйгээ дайралдана.
Шударга зөв хүний хүсэл биелэгдэнэ.
25 Хуй салхи шуураад өнгөрөхөд, муу хүн алга болно.
Харин шударга зөв хүнд мөнхийн суурь байдаг.
26 Залхуу хүн ажилд зарагсдын хувьд хумсны завсар шаасан хулс,
Нүд уруу суунаглах утаа мэт буюу.
27 ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгадаг бол
Хар санаатны он жилүүд богиносдог.
28 Шударга зөв хүний итгэл найдвар нь баяр баясгалан бол
Хар санаатны найдвар мөхдөг.
29 ЭЗЭНий зам нь шударга зөв нэгэнд өмөг түшиг,
Харин зүй бусыг үйлдэгсдэд сүйрэл ажээ.
30 Шударга зөв хүн хэзээ ч ганхдаггүй.
Харин хар санаатай хүн дэлхийг өвлөхгүй.
31 Шударга зөв хүний ам мэргэн ухааныг анхилуулна.
Харин хорлогчийн хэл огтлогдоно.
32 Шударга зөв нэгний ам зөвшөөрөхүйц зүйлийг гаргадаг бол
Хорон нэгний ам хор хөнөөлийг гаргадаг.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Сургаалт үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]