Сургаалт үгс [29]

1 Олон зэмлүүлэвч хүзүү нь хөшсөн хэвээр байгч хүн
Нэг л өдөр эдгэшгүйгээр ойчих болно.
2 Зөв шударга хүн дэвжих тусам ард түмэн баяр жаргалтай байдаг.
Харин хар санаатай хүн удирдваас ард олон халаглана.
3 Мэргэн ухаанд дуртай хүн эцгээ баярлуулдаг.
Харин садар эмстэй нөхцөгч эд хөрөнгөө барж дуусна.
4 Шударга ёсоор дамжуулан хаан улс орныг тогтворжуулдаг.
Харин хээл хахууль авдаг хүн улс орноо нураадаг.
5 Хөршдөө бялдуучилдаг хүн өөрийгөө урхидаж буй хэрэг.
6 Хорон муу хүн нүгэл хилэнцдээ урхидуулдаг.
Харин зөв шударга хүн дуулж баясдаг.
7 Зөв шударга хүн ядуусын эрхийн төлөө санаа тавьдаг бол
Хар санаатай хүн үүнийг үл ойлгоно.
8 Жигшигчид хотод үймээн самуун дэгдээдэг.
Харин мэргэн хүмүүс уур хилэнг зайлуулна.
9 Мэргэн хүн мунхагтай маргаж байхад
Мунхаг нь хилэгнэдэг, эсвэл элэглэдэг бөгөөд зогсохгүй.
10 Цус урсгагч нар гэмгүй хүнийг үзэн яддаг бол
Цэх шулуун хүмүүс түүний аминд санаа тавина.
11 Мунхаг хүн уур уцаараа барьж үл чадна.
Харин мэргэн хүн уурыг барьдаг.
12 Удирдагч хүн худал хуурмагт анхаарлаа хандуулбаас
Бүх шадар үйлчлэгчид нь хар санаатнууд болж хувирна.
13 Ядуу хүн ба дарлагч хоёрын нийтлэг зүйл гэвэл
ЭЗЭН тэд хоёрын хоёулангийнх нь нүдэнд гэрэл тусгадаг.
14 Хэрэв хаан ядуусыг шударгаар шүүх аваас хаан ширээ нь мөнхөд тогтоно.
15 Саваа, зэмлэл хоёулаа мэргэн ухааныг өгнө.
Харин дур зоргоороо аашлагч хүүхэд эхийгээ ичгүүрт оруулна.
16 Хар санаатай хүмүүс олшрох тусам гэм нүгэл ихэснэ.
Харин зөв шударга хүн тэдний сүйрлийг үзнэ.
17 Хүүгээ сахилгажуул.
Тэгвээс хүү чинь чамд тайвшралыг өгөх агаад
Сэтгэлийг чинь баярлуулах болно.
18 Алсын хараа байхгүй бол ард түмэн дэг журамгүй байна.
Харин хуулийг сахигч нь жаргалтай билээ.
19 Зарцыг зөвхөн үгээрээ зааварлаж болохгүй.
Учир нь тэрээр ойлгосон ч хариу үйлдэл хийхгүй.
20 Хэлэх үгэндээ яаруу нэгнийг чи хардаг биз ээ?
Мунхаг нэгэнд тийм хүнээс ч илүү засрах найдвар бий.
21 Хэрэв хүн зарцаа багаас нь эрхлүүлэх юм бол
Эцэст нь тэр түүний хүү болчих вий.
22 Ууртай хүн эвдрэлцлийг өдөөнө.
Түргэн зантай хүн гэм нүгэлд автана.
23 Бардам зан нь хүнийг дорд болгоно.
Харин даруу сүнс хүндэтгэл хүлээдэг.
24 Хулгайчтай хамсагч болбоос амиа үзэн ядаж байгаа хэрэг юм.
Тэр хараал зүхлийг сонсдог ч мэдүүлэг эс өгнө.
25 Хүний айдас болбоос занга юм.
Харин ЭЗЭНд итгэдэг хүн өргөмжлөгдөнө.
26 Олон хүн удирдагчийн ивээлд багтахыг зорьдог.
Харин хүмүүнд хэрэгтэй зөв шударга ёс ЭЗЭНээс ирдэг.
27 Шударга бус хүн зөв шударга хүнд жигшигдэнэ.
Мөн шулуун шударгаар алхдаг хүн ч хар санаатанд жигшигддэг.



[Өмнөх]                [Дараах]


Сургаалт үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]