1 Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл.
2 Аяа, тэнгэр минь, сонсогтун.
Газар минь, чих тавигтун.
ЭЗЭН айлдаж байна.
"Миний өсгөж,
торниулсан хөвгүүд Миний эсрэг бослоо.
3 Шар өөрийн эзнээ таньдаг.
Илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг.
Харин Израиль мэддэггүй.
Миний хүмүүс ойлгодоггүй".
4 Ээ халаг,
нүгэлт үндэстэн,
гэмд дарагдсан ард түмэн,
хорлогчдын үр удам,
ялзарсан хөвгүүд.
Тэд ЭЗЭНийг орхилоо.
Тэд Израилийн Ариун Нэгэнийг жигшин,
Түүнээс гэдрэг эргэлээ.
5 Та нар урваж шарвасаар дахин хаанаа цохиулмаар байна?
Толгой нь бүхэлдээ өвчтэй,
зүрх нь бүхэлдээ ядруу байна.
6 Хөлийн улнаас толгой хүртлээ эрүүл газар алга.
Шахаагүй, боогоогүй,
тосоор зөөллөөгүй шарх, сорви, өмхий яр л байна.
7 Та нарын газар эзгүйрч,
та нарын хотууд галд шатаж,
тариан талбайг чинь та нарын нүүрэн дээр харийнхан залгиж байна.
Харийнхнаар устгагдсан хоосрол.
8 Усан үзмийн талбай дахь нуувч,
өргөст хэмхний талбай дахь манаачийн овоохой болон
бүслэгдсэн хот мэт Сионы охин орхигдов.
9 Хэрэв түмэн цэргийн ЭЗЭН цөөн хүмүүсийг бидэнд амьд үлдээгээгүй бол
бид Содомтой адил болж,
Гоморратай төстэй байцгаах байсан.
10 Содомын захирагчид аа!
ЭЗЭНий үгийг сонсогтун.
Гоморрагийн хүмүүс ээ!
Бидний Бурханы зааварт чих тавигтун.
11 ЭЗЭН айлдаж байна.
"Та нарын олон тахил Надад юу юм бэ?
Би хуцын шатаалт тахилд,
бордсон үхрийн өөхөнд бүр цадлаа.
Надад бух, хурга, ямааны цус ч таалагдсангүй.
12 Та нар Миний өмнө үзэгдэхээр ирэхдээ
Миний хашааг дэвслэхийг хэн шаардсан бэ?
13 Зохисгүй өргөлөө цаашид бүү авчрагтун.
Утлага чинь Надад жигшүүртэй байна.
Шинэ сар, амралтын өдөр,
цугларалтын дуудлага болох
бузар гэм болон ёслолын чуулганыг Би тэвчиж чадахгүй.
14 Та нарын шинэ сарын баяр,
тогтоосон найруудыг Би үзэн ядаж байна.
Тэдгээр нь Надад дарамт болж,
тэднийг үүрснээс болж Би ядарч байна.
15 Та нар гараа өргөх үед,
Би та нараас мэлмийгээ нууна.
Тийм ээ,
та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй.
Та нарын гар цусаар бялджээ.
16 Биесээ угаагтун.
Өөрсдийгөө цэвэрлэ.
Миний хараанаас бузар муу үйлсээ зайлуул.
Нүгэл хийхээ болигтун.
17 Сайныг үйлдэхэд суралц.
Шударга ёсыг эр.
Хэрцгий догшинийг зэмлэ.
Өнчнийг хамгаал.
Бэлэвсэнг өмгөөлөгтүн".
18 "Нааш ир. Хамт хэлэлцье" гэж ЭЗЭН айлдаж байна.
"Та нарын нүглүүд час улаан мэт боловч
цас шиг цагаан болно.
Тэдгээр нь хүрэн улаан боловч
ноос шиг болох болно.
19 Хэрэв та нар зөвшөөрч,
дуулгавартай дагавал,
энэ газрын хамгийн сайныг иднэ.
20 Харин та нар эсэргүүцэж босвол,
илдээр цавчигдана" гэж ЭЗЭНий ам айлдаж байна.
21 Итгэмжит хот яаж янхан болсон бэ?
Зөв шударгаар дүүрэн,
энд үнэн зөв хоноглодог байсан атал,
харин одоо алуурчдаар л дүүрчээ.
22 Чиний мөнгө хог болсон.
Чиний дарс усаар шингэлэгдсэн.
23 Чиний ноёд бол бослого гаргагчид,
хулгайчдын найзууд.
Хүн бүр хахуульд дуртай бөгөөд
шан харамж хөөцөлддөг.
Тэд өнчнийг хамгаалдаггүй,
бэлэвсний өргөдлийг хүлээн авдаггүй.
24 Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн,
Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна.
"Аяа,
Намайг эсэргүүцэгчдээс Би чөлөөлөгдөж,
дайснуудаас Өөрийнхөө өшөөг авна.
25 Би бас мутраа чиний эсрэг эргүүлж,
чиний хогийг бүхэлд нь шүлтэд хийх мэт цэвэршүүлж,
бүх хольцыг чинь зайлуулна.
26 Би танай шүүгчдийг анхных шиг нь,
мөн зөвлөхүүдийг чинь эхнийх шиг нь сэргээнэ.
Үүний дараа чи шударга хот,
итгэлт хот гэж нэрлэгдэнэ".
27 Сион үнэн шударгаар аврагдахад,
Түүний гэмшсэн нэгэн зөвт байдлаар аврагдана.
28 Харин гэмт хэрэгтнүүд,
нүгэлтнүүд хамтдаа бяцлагдан,
ЭЗЭНийг умартагчдад төгсгөл ирнэ.
29 Та нар өөрсдийн хүссэн царснаас болж ичнэ.
Та нар өөрсдийн сонгосон цэцэрлэгээс болж гутамшиг болно.
30 Учир нь та нар навчис нь хийсэх царс мэт,
ямар ч усгүй цэцэрлэг мэт болно.
31 Хүчтэн нь хуурайшсан мод болж,
түүний үйлс нь оч болно.
Тэд хоёул хамтдаа шатах бөгөөд
түүнийг хэн ч унтраахгүй.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Исаиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66]