Исаиа [38]

1 Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болов. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн уруу ирээд,
-ЭЗЭН ингэж айлдаж байна. "Гэрээ засагтун. Учир нь чи амьдрахгүй, үхнэ" гэсэн.
2 Тэгэхэд Хезекиа нүүрээ хана уруу эргүүлэн, ЭЗЭНд залбиран,
3 "Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач" гэж хэлээд, цурхиран уйлав.
4 Тэгэхэд ЭЗЭНий үг Исаиад ирж,
5 -Явж, Хезекиад "Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ.
6 Би чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Би энэ хотыг хамгаална"" гэж хэл.
7 ЭЗЭН Өөрийн амласнаа биелүүлнэ. ЭЗЭН энэ тэмдгийг чамд үзүүлнэ.
8 Үзэгтүн, Би Ахазын шатан дээгүүр өнгөрсөн нарны сүүдрийг арван алхмаар ухраана гэв. Тэгэхэд шатан дээгүүр өнгөрсөн нар арван алхмаар буцав.
9 Иудагийн хаан Хезекиа илааршсаныхаа дараа ийнхүү бичив.
10 "Би амьдралынхаа дунд үед Үхэгсдийн орны дааман хаалгаар орж,
өөрийнхөө он жилүүдийн үлдэгдлийг алдах ёстой боллоо" гэж би хэлсэн.
11 "Би амьдын газарт ЭЗЭНийг, ЭЗЭНийг харахгүй.
Би ертөнцийн оршин суугчдын дотор хүмүүнийг дахин харахгүй" гэж би хэлсэн.
12 "Хоньчны майхан мэт миний гэр орныг буулган авч надаас зайлуулав.
Нэхмэлчин шиг би амьдралаа хуйлав.
Тэр намайг нэхмэлийн сууринаас тастав.
Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг.
13 Өглөө болтол би тэвчивч,
Тэр миний бүх ясыг арслан мэт хэмхчинэ.
Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг.
14 Би хараацай мэт, тогоруу мэт дуугаран,
тагтаа мэт гашуудаж байна.
Өөдөө ширтсээр миний нүд чилжээ.
Эзэн, би шаналж байна.
Миний хамгаалалт байгаач.

15 Би юу хэлэх вэ?
Учир нь Тэр надад айлдсанаа Өөрөө хийж байна.
Сэтгэлийнхээ гашуудлаас болж
би бүх он жилүүддээ төлөв даруу явна.
16 Эзэн минь. Хүмүүс эдгээрээр амьдраг.
Энэ бүхэнд миний сүнс бий.
Намайг эдгээж, амьдруулаач.
17 Би өөрийн жаргалын төлөө их зовлон амссан.
Та миний сүнсийг сүйрлийн нүхнээс хамгаалав.
Учир нь миний бүх нүглийг Та нурууныхаа араар хаясан.
18 Учир нь Үхэгсдийн орон Танд талархаж чадахгүй,
үхэл Таныг магтаж чадахгүй.
Нүхэнд орогчид нь Таны итгэмжит байдалд найдаж чадахгүй юм.
19 Өнөөдөр миний үйлдэж байгаачлан амьд буй нь Танд талархал өргөнө.
Эцэг нь хөвгүүддээ Таны итгэмжит байдлын тухай сургамжилна.
20 ЭЗЭН намайг заавал аварна.
Тэгээд ЭЗЭНий өргөөнд бүх амьдралынхаа өдрүүдийн турш
бид чавхдаст хөгжмөөр миний дууг тоглоно".
21 Одоо Исаиа
-Инжрийн хатаамлыг авч, хатиг дээр наагтун. Тийнхүү тэр эдгэнэ гэж хэлэв.
22 Тэгэхэд Хезекиа
-Би ЭЗЭНий өргөө уруу очино гэсэн ямар тэмдэг байх вэ? гэв.



[Өмнөх]                [Дараах]



Исаиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66]