1 Иудагийн хаан, Уззиагийн ач, Иотамын хүү Ахазын үед Арамын хаан Резин, Израилийн хаан Ремалиагийн хүү Пека нар Иерусалимын эсрэг дайтахаар явсан боловч, эзлэн авч чадсангүй.
2 "Арамейчууд Ефраимд хуарагнан буулаа" хэмээн Давидын гэрт мэдэгдсэнд Ахаз болон түүний хүмүүсийн зүрх салхинд найгах ойн мод шиг чичрэв.
3 ЭЗЭН Исаиад айлдан
-Чи одоо өөрийн хүү Шеар-иашубын хамт гарч яван, дээд цөөрмийн ус түгээгүүрийн эцэс дэх угаалгын газар уруу явдаг төв зам дээр Ахазтай уулзаад,
4 түүнд ингэж хэл! "Болгоомжтой, тайван бай. Уугин буй модны хоёр хожуул болох Резин, Арам болон Ремалиагийн хүүгийн догшин уур хилэнгээс бүү ай, бүү зүрх алд.
5 Учир нь Арам, Ефраим, Ремалиагийн хүү чиний эсрэг мууг төлөвлөж,
6 "Иудагийн эсрэг очиж, тэднийг айлган сүрдүүлж, өөрсдөдөө хуваан аваад тэдний голд Табеелийн хүүг хаан болгон тавья" гэж хэлэлцэв.
7 Тиймээс Эзэн БУРХАН айлдаж байна. "Ийм юм болохгүй, бүтэхгүй.
8 Учир нь Арамын тэргүүн бол Дамаск, Дамаскийн тэргүүн бол Резин юм. (Жаран таван жилийн дотор Ефраим бутарч, цаашид ард түмэн гэгдэхгүй.)
9 Ефраимын тэргүүн нь Самари бөгөөд Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү юм. Хэрэв чи итгэхгүй бол, чи үнэхээр цаашид тогтохгүй"" гэж хэл гэв.
10 Дараа нь ЭЗЭН Ахазтай дахин ярьж, ийнхүү айлдав.
11 -Өөртөө Бурхан ЭЗЭНээсээ тэмдэг гуйгтун. Үхэгсдийн орон шиг гүн, эсвэл тэнгэр шиг өндөр хүсэлт тавь.
12 Харин Ахаз
-Би гуйхгүй, ЭЗЭНийг ч сорихгүй гэжээ.
13 Исаиа
-Одоо сонсогтун. Давидын гэр ээ! Хүмүүсийн тэвчээрийг сорих нь чамд багадаад, одоо миний Бурханы тэвчээрийг мөн сорих гэж байна уу?
14 Тийм учраас Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ "Иммануел" гэж нэрлэнэ.
15 Тэр хүү муугаас татгалзаж, сайныг сонгохоо мэдэх үедээ ээдэм болон зөгийн бал иднэ.
16 Учир нь хүүг муугаас татгалзан, сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг мартагдах болно.
17 ЭЗЭН Ассирийн хааныг чам дээр, чиний ард түмэн дээр, чиний эцгийн гэр дээр авчрах бөгөөд Ефраим нь Иудагаас тусгаарлагдсан тэр өдрөөс хойш хэзээ ч тийм өдрүүд тохиолдож байгаагүй гэв.
18 Тэр өдөр ЭЗЭН Египетийн голын аманд байгаа ялаа уруу, Ассирийн нутагт байгаа зөгий уруу исгэрнэ.
19 Тэд бүгдээрээ ирж, эзгүй хөндий, хавцал цохионы өнцөг, бүх л үүргэнийн бут болон устай бүх газарт сууна.
20 Тэр өдөр Эзэн Евфратын чанадад орших нутгаас хөлсөлж авсан тонгоргоороо толгойн болон хөлийн үсийг хусаж, мөн сахлыг авна. Тэр тонгорог нь Ассирийн хаан юм.
21 Тэр өдөр хүн охин бяруу болон хоёр хонь амьд байлгах болно.
22 Тиймээс сүү элбэг болсноос тэр ээдэм идэх болно. Учир нь нутгийн дунд үлдсэн хүн бүр ээдэм болон зөгийн бал идэх болно.
23 Мянган мөнгөн шекелээр үнэлэгдсэн мянган усан үзмийн ороонго ургаж байсан газар бүрд тэр өдөр өргөст халгай, үүргэнийн бут ургана.
24 Бүх газар өргөст халгай, үүргэнийн бутаар дүүрсэн байх учир хүмүүс энд нум сумтайгаа ирэх болно.
25 Хүрзээр боловсруулдаг байсан бүх толгодын хувьд гэвэл, өргөст халгай хийгээд үүргэнээс нь айж та нар тэнд очихгүй. Харин тэр нь үхрийн бэлчээрлэх, хоньдын талхлах газар болно.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Исаиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66]