Исаиа [2]

1 Иуда, Иерусалимын талаар үзсэн Амозын хүү Исаиагийн үг.

2 Эцсийн өдрүүдэд
ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон,
толгодын дээгүүр өргөгдөнө.
Бүх үндэстнүүд түүн уруу цутган ирнэ.
3 Олон ард түмнүүд ирээд
"Ирцгээ,
ЭЗЭНий уул уруу,
Иаковын Бурханы өргөө уруу явцгаая.
Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замыг зааж,
бид Түүний жимээр алхах юм" гэцгээнэ.
Учир нь хууль Сионоос гарч,
ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.
4 Тэр үндэстнүүдийн хоорондхыг шүүж,
олон ард түмнүүдэд шийдвэр гаргах болно.
Тэд илдээ анжисны хошуу,
жадаа хадуур болгон давтана.
Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд
дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.

5 Иаковын гэр ээ, ирцгээ.
ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая.
6 Та Өөрийн ард түмнийг буюу Иаковын гэрийг хаялаа.
Юу гэвэл тэд дорнын нөлөөг авч,
филистчүүд шиг мэргэч төлөгчдөөр дүүрэн болж,
харийнхны хүүхдүүдтэй наймаалцаж байна.
7 Тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж,
тэдний эрдэнэсийн санд эцэс төгсгөл алга.
Тэдний нутаг морьдоор дүүрч,
тэдний тэрэгнүүд эцэс төгсгөлгүй аж.
8 Тэдний нутаг мөн шүтээнүүдээр дүүрэн,
тэд өөрсдийн хуруугаар хийсэн гарынхаа бүтээлийг шүтдэг.
9 Тиймээс хүн номхтгогдож,
хүн басамжлагдсан ч гэсэн тэднийг бүү уучил.
10 ЭЗЭНий аймшиг,
Түүний жавхлант сүр хүчнээс зугтаж,
хавцалд шургаж,
шороонд нуугдагтун.
11 Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж,
хүний ихэмсэг зан номхтгогдож,
ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.

12 Бардам ба ихэмсэг,
өргөгдсөн хүн бүрийг басамжлах өдөр түмэн цэргийн ЭЗЭНд бий.
13 Энэ нь Ливаны ихэмсэг,
өргөгдсөн бүх Башаны бүх царс болон,
14 бүх ихэмсэг уул,
бүх өргөмжлөгдсөн толгод,
15 аливаа өндөр цамхаг,
аливаа бэхлэгдсэн хэрэм,
16 Таршишийн бүх усан онгоц,
бүх үзэсгэлэнт гар урлалын эсрэг байх юм.
17 Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож,
хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад,
ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.
18 Шүтээнүүд оргүй алга болно.
19 ЭЗЭН газрыг донсолгохоор босоход,
Түүний жавхлант сүр хүч,
болон аймшгийн өмнө хүмүүс хадны агуй,
газрын гав уруу орно.
20 Тэр өдөр хүмүүс мөргөхөөр өөрсдөдөө зориулан бүтээсэн мөнгөн шүтээнүүд болон
алтан шүтээнүүдээ сохор номин,
сарьсан багваахайнууд уруу шидэлцгээнэ.
21 Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход,
Түүний жавхлант сүр хүч,
аймшгийн өмнө хүмүүс хадны агуй,
хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.
22 Хамраараа амьсгалдаг хүнийг хүндлэхээ боль.
Учир нь тэр хир үнэтэй юм бэ?



[Өмнөх]                [Дараах]



Исаиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66]