1 Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ.
2 Энэ нь цэцэглэн сагсайж, цэнгэн баясаж, баяр хөөртэйгөөр хашхирна.
Ливаны алдар, Кармел ба Шароны сүр хүч түүнд өгөгдөнө.
Тэд ЭЗЭНий алдар, бидний Бурханы цог жавхланг харна.
3 Тэнхэлгүй гарыг хүчтэй болгон,
суларсан өвдгийг бататгагтун.
4 Хулчгар зүрхтнүүдэд
"Зоригтой бай. Бүү ай.
Үзэгтүн, та нарын Бурхан өшөө авахаар ирнэ.
Бурхан хариуг нь өгөхийн тулд ирэхдээ та нарыг аварна" гэж хэлэгтүн.
5 Тэгээд сохрын нүд нээгдэж,
дүлийгийн чих нь онгойно.
6 Тэгээд доголон хүн буга мэт дүүлж,
хэлгүй нь баяртайгаар хашхирна.
Учир нь цөлөөс ус гарч, Арабад урсана.
7 Хатсан газар цөөрөм болж,
цангасан газарт ус ундран,
цөөвөр чонын үүр хоноглох газруудад өвс ургамал хулс, зэгснүүд ургана.
8 Тэнд нэгэн их зам харгуй буй болж,
Ариун Их Зам гэж нэрлэгдэнэ.
Түүгээр бузар нь явахгүй,
тэнэг хүмүүс түүгээр алхсан ч тэд замаасаа үл төөрнө.
9 Тэнд нэг ч арслан алга,
ямар ч махчин араатан гарч ирэхгүй.
Тэнд тэд олдохгүй.
Харин золигдогсод л түүгээр алхана.
10 ЭЗЭНий золин авсан хүмүүс буцаж,
баяр хөөртэй хашхиралдан Сион уруу ирнэ.
Тэдний толгой дээр үүрдийн баясгалан байна.
Уй гашуу, санаа алдалт зугтан одож,
тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Исаиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66]