Исаиа [24]

1 Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан, түүнийг хөмрөх гэж байна. Газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана.
2 Хүмүүс тахилч шиг, боол эзэн шигээ, шивэгчин хатагтай шигээ, худалдан авагч нь худалдагч шиг, зээлдэгч нь мөнгө хүүлэгч шиг, өртөн нь авлагатан мэт байх болно.
3 Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдоно. Учир нь ЭЗЭН энэ үгийг айлдсан юм.
4 Дэлхий гашуудан хувхайрна. Ертөнц гаслан хувхайрна. Дэлхийн хүмүүст өргөмжлөгдсөн нь алга болно.
5 Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв.
6 Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөн хүмүүс л үлдэв.

7 Шинэ дарс гашуудаж,
усан үзмийн мод нь гандана.
Бүх наргианч хүн санаа алдана.
8 Бөмбөрийн хөгжөөнт дуу тасраад,
наргигчдын шуугиан зогсож,
ятгын баясгалант эгшиг тасарна.
9 Тэд дарс ууж дуулахаа болино.
Хатуу архийг уугчдад энэ нь гашуун болно.
10 Эмх замбараагүй хот нурж,
байшин бүр хаагдаж, хэн ч үл орно.
11 Гудамжинд усан үзмийн дарсны төлөө орилолдон,
бүх баяр баясгалан уйтгар гуниг болов.
Дэлхийн зугаа цэнгэл арилав.
12 Хотын дотор хоосрол үлдэж,
дааман хаалга нь эвдэрчээ.
13 Тэгээд энэ нь чидун модод найгах шиг,
усан үзэм хураалтын дараах хаягдал дэлхийн төвд,
хүмүүсийн дунд байх болно.
14 Тэд дуугаа өргөж, баяр хөөрийн төлөө хашхирна.
Тэд тэнгисээс ЭЗЭНий сүр жавхланг бахдан хашхирна.
15 Ийм учраас дорно зүгт ЭЗЭНийг алдаршуулж,
далайн эргийн нутагт Израилийн Бурхан ЭЗЭНий нэрийг алдаршуулагтун.
16 Дэлхийн хязгаараас "Зөвт Нэгэнд алдар нь байг" гэсэн дуунуудыг бид сонсож байна.
Гэвч би "Би харамсаж байна. Би харамсаж байна.
Ээ халаг минь. Урвагч урваж, урвагч нь дэндүү урваж байна" гэж хэлэв.
17 Дэлхийн оршин суугч аа.
Аймшиг, нүх, занга нь чиний дээр байна.
18 Аймшгийн дуунаас зугтагч нь нүхэнд унана.
Нүхнээс авиран гарагч нь занганд орно.
Учир нь орой дээрх цонхнууд нээгдэж,
дэлхийн сууриуд ганхаж байна.
19 Газар бутран эвдэрч, газар хагарч, газар хүчтэй донсолно.
20 Дэлхий архичин шиг гуйвж, овоохой шиг ганхдаг.
Учир нь түүний нүгэл хилэнц улам хүнд болж байгаа учир тэр унаж, дахин хэзээ ч босохгүй.
21 Тэр өдөр өндөрт буй тэнгэрийн дайчид,
дэлхий дээрх газрын хаадыг ЭЗЭН шийтгэнэ.
22 Тэд гяндан дахь хоригдлууд мэт хамтдаа бөөгнөрөөд шоронд хоригдоно.
Олон хоногийн дараа тэд шийтгэгдэнэ.
23 Тэгэхэд сар ичиж, нар гутна.
Учир нь түмэн цэргийн ЭЗЭН Сион уулан дээр Иерусалимын дотор хаанчилж,
Өөрийн ахмадуудын өмнө сүр жавхлангаа байлгана.



[Өмнөх]                [Дараах]



Исаиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66]