Исаиа [17]

1 Дамаскийн тухай зөн.
-Үзэгтүн, Дамаск цаашид хот гэгдэхээ больж,
эвдэрсэн нуранги болно.
2 Ароерын хотууд нь мартагдаж,
мал сүргийн хэвтэр болно.
Тэнд хэн ч тэднийг айлгахгүй.
3 Ефраимын бэхлэгдсэн хот,
Дамаскийн хэмжээлшгүй эрх мэдэл,
Арамын амьд үлдэгсэд үзэгдэхгүй.
Тэд Израилийн хөвгүүдийн цог жавхлантай адил болно гэж
түмэн цэргийн ЭЗЭН тунхаглав.

4 -Тэр өдөр, Иаковын алдар ч буурч,
түүний тарган бие туранхай болно.
5 Энэ нь тариачин тариаг хураахтай, Рефаимын хөндийд тариан түрүүг түүхтэй адил байх болно.
6 Чидун жимсний модыг цохиход,
хамгийн дээд мөчрийн оройд хоёр гурван чидун,
дөрөв таван жимстэй хамгийн сайн мөчир үлддэгийн адил тарианы хэсэг түрүү үлдэнэ гэж
Израилийн Бурхан, ЭЗЭН зарлиг болов.
7 Тэр өдөр хүн өөрийн Бүтээгч уруу хандан,
нүд нь Израилийн Ариун Нэгэн уруу харна.
8 Тэр өөрийн гарын бүтээл болох тахилын ширээнүүдээ ойшоохгүй,
өөрийн хуруугаар үйлдсэн юмс,
Ашерагийн модон шон, утлагын тавиур уруу харахгүй.
9 Тэр өдөр тэдний хүчирхэг хотууд нь ойн дундах мартагдсан газар мэт болно.
Эсвэл Израилийн хөвгүүдээс болж хаягдсан мөчир мэт болно.
Тэнд их хоосрол болно.
10 Учир нь чи өөрийн авралын Бурханаа мартаж,
хоргодох газрынхаа хадыг санасангүй.
Ийм учраас чи дур булаам ургамлуудыг тарьж,
харийн усан үзмийн нахиаг суулгалаа.
11 Тэр өдөр чи тэднийг ургуулахаар өглөө нь суулгавч,
найдлагагүй гашуудлын өдөр ургац нь юу ч биш болно.

12 Аяа, олон хүмүүсийн хөл үймээн далайн хүрхрэн шуугих дуу мэт ширүүсэж,
үндэстнүүдийн дуу чимээ их усны шуугиан мэт нүргэлж байна.
13 Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна.
Харин Тэр тэднийг зэмлэхэд л тэд алс хол зугтаж,
салхинд хийссэн уулан дахь хивэг,
шуурганд хуйлрах шороо мэт туугдах болно.
14 Үдшийн цагт аллага хядлага болж,
өглөө болохоос өмнө тэд алга болно.
Энэ бол биднийг дээрэмдэгчдийн хувь,
биднийг тоногчдын шавга байх болно.



[Өмнөх]                [Дараах]



Исаиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66]