Исаиа [29]

1 Ариел аа. Ариел аа.
Нэгэн цагт Давидын хуарагнаж байсан хот гаслантай яа.
Жил дээр жилийг нэмэгтүн.
Та нарын найрын дугараа тойрох болтугай.
2 Би Ариел дээр зовлон авчрахад чи уй гашуу, шаналлын хот болно.
Миний хувьд чи Ариел шиг байна.
3 Би чамайг хүрээлэх мэт байрлаж, чамайг бүслэн,
чиний эсрэг бэхлэлт босгоно.
Би чиний эсрэг дайтах цамхаг босгоно.
4 Дараа нь чамайг доош буулгана.
Чи газраас ярьж,

чиний үг шороон дотроос бувтнах мэт сонсогдон,
дуу хоолой чинь газраас гарах сүнсний дуу мэт байж,
яриа чинь шорооноос шивнэх мэт байна.

5 Гэвч гэнэт нэгэн агшинд л чиний үй түмэн дайснууд нарийн тоос мэт болж,
үй олон харгис хүмүүс хийсэн одох хальс, сүрэл мэт болно.
6 Түмэн цэргийн ЭЗЭН чамайг аянга, газар хөдлөлт, их дуу чимээ, хуй салхи, шуурга, түймэрдэгч галаар шийтгэнэ.
7 Ариелын болон бэхлэлтийнх нь эсрэг байлдагч бүх үндэстний цугласан үй олон болон түүнийг зовоогчид нь зүүд мэт,
шөнийн үзэгдэл мэт болох болно.
8 Өлссөн хүн идэж байна гэж зүүдлэвч,
сэрэхэд сэтгэл нь цадаагүй байдаг.
Цангасан хүн ууж байна гэж зүүдлэвч,
сэрэхдээ тэр тамиргүй болж,
сэтгэл нь ундаассан хэвээр байдаг.
Үүнчлэн Сион уулын эсрэг байлдагч бүх үндэстний үй олон хүмүүс тийм болно.

9 Саатагтун, хүлээгтүн.
Өөрсдийгөө сохолж, хараагүй бол!
Тэд дарснаас биш мөртлөө согтуу болж,
архидаагүй мөртлөө гуйвж байна.
10 Учир нь ЭЗЭН та нарын дээр гүн нойрны сүнсийг цутгаж,
та нарын нүд буюу эш үзүүлэгчдийг хааж,
та нарын тэргүүн буюу үзмэрчдийг бүтээв.
11 Зөгнөл нь бүхэлдээ та нарын хувьд лацдуулсан номын үгс мэт болно. Тэд үүнийг номч хүнд өгч, "Үүнийг уншиж хайрла" гэхэд тэр "Би чадахгүй. Яагаад гэвэл энэ нь лацдуулсан" гэж өгүүлнэ.
12 Дараа нь тэр номыг бичиг мэдэхгүй нэгэнд өгч, "Үүнийг уншиж хайрла" гэхэд тэр "Би уншиж мэдэхгүй" гэж хариулна.

13 Эзэн "Энэ ард түмэн амаараа ойртон,
уруулаараа Намайг хүндлэвч,
зүрхээрээ Надаас хол байна.
Тэд Намайг эмээн хүндлэхэд захирагчдын тушаалаар суралцжээ.
14 Тийм учраас үзэгтүн.
Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт,
гайхалтай зүйлийг дахин бүтээнэ.
Тэдний мэргэдийн мэргэн ухаан нь мөхөж,
гярхай хүмүүсийн ялгах чадвар нь алга болно" гэв.

15 Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж,
үйлсээ харанхуй газарт хийж,
"Хэн биднийг харах юм бэ?"
"Хэн биднийг мэдэх вэ?" гэж хэлдэг хүмүүс гаслантай яа.
16 Та орвонгоор нь эргүүлжээ!
Ваарчинг шавартай адилтган үзэж болох уу?
Бүтээгдсэн зүйл нь бүтээгчдээ хандан
"Тэр намайг хийгээгүй" гэх юм гэж үү?
Ваар нь ваарчиндаа хандан
"Тэр мулгуу хүн" гэж өгүүлэх үү?
17 Өчүүхэн хугацааны дараа
Ливан нь үржил шимтэй талбай болон хувирч,
үржил шимтэй талбай нь ой хэмээн тооцогдоно.
18 Тэр өдөр дүлий нь номын үгсийг сонсож,
бүрэнхий харанхуйгаас сохруудын нүд нь харах болно.
19 Даруу нэгний баяр хөөр ЭЗЭНий дотор өсөн нэмэгдэж,
хүн төрөлхтний үгээгүйчүүд Израилийн Ариун Нэгэн дотор баясна.
20 Учир нь харгислагчдын төгсгөл ирж,
элэглэгчид алга болж,
бузар мууг үйлдэхийг санаархагч бүхэн таслагдана.
21 Үгээр хүнийг буруутгагчид,
дааман хаалган дээр шүүгч нэгнийг занганд оруулагчид,
худал баримтаар зөвтнийг буруутан болгогчид таслагдана.
22 Ийм учраас Абрахамыг аварсан ЭЗЭН Иаковын гэрийн тухай айлдахдаа
"Одоо Иаков ичихгүй, нүүр нь улайхгүй болов.
23 Харин Миний мутрын бүтээл болох хүүхдүүдээ тэр өөрийнхөө дотор харахдаа,
тэд Миний нэрийг нандигнана.
Үнэхээр тэд Иаковын Ариун Нэгэнийг нандигнан,
Израилийн Бурханы аймшиг дотор зогсоно.
24 Сүнсээр төөрөгчид үнэнийг мэдэж,
шүүмжлэгчид зааврыг хүлээн авна" гэв.



[Өмнөх]                [Дараах]



Исаиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66]