1 Үндэстнүүд ээ, сонсохын тулд ойртогтун.
Ард түмнүүд ээ, чагнагтун.
Газар ба түүнийг дүүргэгч бүхэн сонсогтун.
Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсох болтугай.
2 Учир нь ЭЗЭНий зэвүүцэл бүх үндэстний эсрэг байж,
уур хилэнгээ тэдний бүх цэргийн эсрэг гаргаж,
тэднийг бүрмөсөн устгалаа.
Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.
3 Тэдний алагдагсдыг гаргаж хаяхад хүүр нь өмхийрч,
тэдний цус нь ууланд нэвчив.
4 Тэнгэрийн бүх эрхэс устаж,
тэнгэрүүд ч хуйлмал ном мэт хуйлагдах болно.
Тэдний бүх эрхэс усан үзмийн ороонгын навч,
инжрийн модны инжир хатан унадаг шиг унана.
5 Учир нь Миний илд тэнгэрт согтоод,
Миний бүрмөсөн устгасан ард түмний дээр Едомыг шүүхээр бууна.
6 ЭЗЭНий илд цусаар бялхсан байна.
Илд нь хурга ямааны цусаар дүүрч,
хуцын бөөрний өөхөнд цадав.
Учир нь ЭЗЭН Бозрад тахилтай,
Едомын газарт их аллагатай ажээ.
7 Бас зэрлэг шар тэдэнтэй,
залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж,
тэдний газар нь цусаар нэвчиж,
тоос шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.
8 Учир нь Сионд хариуг нь өгөх жил,
өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.
9 Едомын урсгалууд нь давирхай болж,
хөрс нь шатаж буй хүхэр болон хувирах бөгөөд
газар нь шатаж буй давирхай болно.
10 Тэр нь өдөр ч, шөнө ч унтрахгүй,
утаа нь мөнхөд суунаглана.
Энэ нь үеийн үед эзгүйрэн, үүрд мөнхөд түүгээр хэн ч өнгөрөхгүй.
11 Харин тэнд ятуу, зараа нутаглан, шар шувуу, хэрээ үүрлэнэ.
Тэр Едомын дээгүүр эзгүйрлийн шугам болон хоосролын хүндрүүлэгч татна.
12 Едомын язгууртнуудын дотроос хаан гэж дуудагдах хүнгүй болж,
тэдний ноёд нь бүгдээрээ юу ч биш болно.
13 Бэхлэгдсэн цамхгууд болон хотуудынх нь дотор үүргэнийн бут, өргөст халгай ургаж,
цөөвөр чонын орогнох газар, тэмээн хяруулын нутаг болно.
14 Тэнд цөлийн араатнууд чононцортой тааралдаж,
мөн үсэрхэг ямаа ижлээ дуудан орилно.
Тийм ээ, шөнийн мангас тэнд суурьшиж, амрах газраа олно.
15 Тэнд суман могой үүрээ засаж хэвтэн, өндгөө дарж, тэднийгээ нөмөр дороо цуглуулна.
Тийм ээ, шонхрууд төрөл төрлөөрөө цуглана.
16 ЭЗЭНий номноос олоод уншигтун.
Тэдгээрийн нэг нь ч алга болохгүй,
нэг нь ч ижлээ алдахгүй.
Учир нь Түүний ам айлдаж,
Түүний Сүнс тэднийг цуглуулсан юм.
17 Тэр тэдний төлөө шавга хаясан.
Түүний мутар үүнийг тэдэнд хэмжээгээр нь хувааж өгсөн.
Тэд энэ газрыг мөнхөд эзэмшиж,
үеийн үед энд орших болно.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Исаиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66]