1 Харин одоо Иаков оо, чамайг Бүтээгч ЭЗЭН ингэж айлдаж байна.
Израиль аа, чамайг буй болгогч ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Бүү айгтун. Учир нь Би чамайг аварсан.
Би чамайг нэрээр чинь дуудсан.
Чи бол Минийх.
2 Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна.
Голоор туулахдаа чи живэхгүй.
Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй,
дөл нь ч чамайг шатаахгүй.
3 Учир нь Би бол чиний Бурхан ЭЗЭН,
Израилийн Ариун Нэгэн бөгөөд чиний Аврагч мөн.
Би чиний төлөө Египетийг золиослон,
Куш ба Шебаг чиний оронд өгөв.
4 Чи Миний нүдэнд үнэтэй,
хүндтэй бөгөөд Би чамд хайртай учраас Би чиний оронд өөр хүнийг өгч,
чиний амийн оронд өөр хүмүүсийг солино.
5 Бүү айгтун, учир нь Би чамтай хамт байна.
Би чиний үр удмыг дорно зүгээс авчран,
чамайг өрнө зүгээс цуглуулна.
6 Би умардад хандан "Тэднийг гаргаж өг" гээд,
өмнө зүгт хандан "Тэднийг буцахад нь бүү саатуулагтун" гэж айлдана.
Миний хөвгүүдийг алс холоос,
Миний охидыг газрын хязгаараас,
7 Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун.
Учир нь Би тэднийг Өөрийн алдрын төлөө бүтээж,
буй болгож, хийсэн юм".
8 Хэдийгээр нүдтэй боловч сохор,
чихтэй боловч дүлий хүмүүсийг авчрагтун.
9 Ард түмнүүд хуран чуулж бүх үндэстэн хамт цуглалаа.
Тэдний дундаас хэн үүнийг зарлаж,
урьдын юмсыг бидэнд тунхаглаж чадах юм бэ?
Тэд зөвтгөгдөж болохоор өөрсдийн гэрч нарыг авчраг.
Тэд сонсоод "Энэ бол үнэн" гэдгийг хэлэг.
10 "Та нар бол Миний гэрч нар" гэж ЭЗЭН айлдаж байна.
"Та нар бол Миний зарц нар.
Та нар мэдэж, Надад итгэж, Намайг Тэр мөн гэж таниасай гэсэндээ Би та нарыг сонгосон.
Надаас өмнө бий болсон Бурхан байгаагүй бөгөөд Миний дараа ч байхгүй.
11 Би, зөвхөн Би бол ЭЗЭН мөн бөгөөд Надаас өөр аврагч байхгүй.
12 Зарлан хэлж, аварсан, тунхагласан нь Би билээ.
Та нарын дунд ямар ч харийн бурхад байхгүй.
Иймээс та нар Миний гэрч мөн" гэж ЭЗЭН айлдаж байна.
"Би бол Бурхан.
13 Өнө мөнхөөс Би бол Тэр юм.
Миний гараас аварч чадах хэн ч байхгүй.
Би үйлдвэл, хэн үүнийг зогсоож чадах вэ?".
14 Израилийн ариун Нэгэн,
та нарын Аврагч ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
"Та нарын тусын тулд Би Вавилон уруу илгээн,
тэднийг бүгдийг нь төдийгүй,
усан онгоцон дотроо баясацгааж байсан халдеичуудыг оргодлууд мэт буулгана.
15 Би бол ЭЗЭН,
та нарын Ариун Нэгэн,
Израилийн Бүтээгч,
та нарын Хаан".
16 Тэнгис дундуур зам,
хүчит их усан дундуур харгуй гаргагч ЭЗЭН ийнхүү айлдав.
17 Тэр тэрэг ба морьд,
их цэрэг ба хүчит эрийг гаргаж ирдэг.
(Тэд хамтдаа тэнд хэвтэж, дахин босохгүй.
Тэд зул мэт унтарч замхарна.)
18 "Урьдын юмыг бүү дурсагтун.
Өнгөрсөн юмыг бүү бодогтун.
19 Үзэгтүн, Би шинэ зүйл хийнэ.
Одоо тэр нь бий болно.
Та нар үүнийг мэдээгүй гэж үү?
Би хээр талд зам тавьж, цөлд гол урсгана.
20 Хээрийн араатнууд, цөөвөр чоно,
тэмээн хяруулууд Намайг алдаршуулна.
Учир нь Би Өөрийнхөө сонгосон хүмүүсийг ундаалахын тулд зэлүүд нутагт ус өгч,
цөлөөр гол урсгав.
21 Өөрийнхөө төлөө Миний бий болгосон ард түмэн нь Миний алдрыг тунхаглана.
22 Харин Иаков оо, чи Намайг дуудсангүй.
Израиль аа, чи Миний төлөө ядраагүй.
23 Чи шатаалт тахилынхаа хонийг Надад авчраагүй,
тахилаараа Намайг хүндэтгээгүй.
Би чамайг өргөл барьцаар дарамтлаагүй,
утлагаар ядраагаагүй.
24 Чи Надад зориулан амтат чихрийн нишингэ мөнгөөр худалдан аваагүй,
тахилынхаа өөхөөр ч Намайг цатгаагүй.
Харин чи нүглээрээ Намайг дарамталж,
хууль бус үйлдлээрээ Намайг ядраасан.
25 Би, зөвхөн Би Өөрийнхөө төлөө чиний хилэнцийг арилган, чиний нүглийг дурсахгүй.
26 Надад сануулагтун.
Өөрсдийн хэргээ хамтран шүүн хэлэлцье.
Зөв гэдгээ батлахын тулд чи учир шалтгаанаа хэлэгтүн.
27 Чиний анхны эцэг нүгэл үйлдэж,
чиний зуучлагч нар Миний эсрэг хилэнц үйлдэв.
28 Тийм учраас Би ариун газрын чинь тэргүүлэгчдийг бузарлаж,
Иаковыг хараагдахаар,
Израилийг дооглуулахаар өгнө".
[Өмнөх] |                  | [Дараах] |
Исаиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58][59][60][61][62][63][64][65][66]