Иеремиа [15]

1 Тэгээд ЭЗЭН надад айлдахдаа Мосе, Самуел нар хүртэл Миний өмнө зогсож байсан ч Миний зүрх энэ хүмүүстэй хамт байхгүй. Тэднийг Миний оршихуйгаас зайлуулан, тэднийг явуул!
2 Тэд чамд "Бид хаашаа явах юм бэ?" гэх үед чи тэдэнд "ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Үхэх нь үхэл уруу,
илдэнд унах нь илд уруу,
өлсөж үхэх нь өлсгөлөн уруу,
олзлогдох нь олзлогдол уруу яв" хэмээв" гэж хэл.
3 "Би тэдний дээр дөрвөн төрлийн гамшгийг буулгана" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Тэр нь алах илд, чирэх ноход, тэнгэрийн шувууд болон залгиж, сүйтгэхээр газрын араатан амьтад юм.
4 Хезекиагийн хүү Иудагийн хаан Манассегаас болж, Иерусалимд үйлдсэн зүйлсийнх нь төлөө газар дэлхийн бүх хаанчлалуудын дунд Би тэднийг айдсын зүйл болгоно.

5 Иерусалим аа, үнэндээ хэн чамайг өрөвдөх юм бэ?
Хэн чиний төлөө гашуудах вэ?
Эсвэл чиний сайн сайхны талаар асуух гэж хэн эргэх вэ?".
6 ЭЗЭН тунхаглаж байна.
"Намайг орхисон чи арагшаа явсаар л байна.
Тиймээс Би чиний эсрэг гараа сунгаж, чамайг устгана.
Би зөөлөн хандсаар байгаад залхжээ.
7 Би тэднийг газар нутгийн дааман хаалганы дэргэд шигшигч сэрээгээр шигшинэ.
Би хүүхдүүдээс нь хагацааж, Өөрийн ард түмнийг Би устгана.
8 Тэдний бэлэвсрэгсэд нь Миний өмнө далайн эргийн элснээс ч илүү олон болно.
Бид тэдний эсрэг буюу залуу хүний эхийн эсрэг үд дунд сүйтгэгчийг авчирна.
Би түүн дээр айдас, зовлонг гэнэт авчирна.
9 Долоон хөвгүүн төрүүлсэн эх бэтгэрдэг.
Амьсгалах нь ч хүндрэлтэй.
Хэдийгээр өдөр байвч, түүний нар нь жаргажээ.
Тэрээр ичгүүр болж, басамжлагдав.
Тиймээс Би тэдний амьд үлдэгсдийг дайснуудынх нь өмнө илдэнд тушаана" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

10 Ээж минь, та намайг бүх газар нутагт хэрүүл маргааны хүн болгож төрүүлсэн тул би гаслантай яа!
Би зээлдүүлээгүй, хүнээс мөнгө зээлээгүй, гэтэл хүн бүр намайг хараах юм.
11 ЭЗЭН айлдахдаа
"Би сайн сайхны төлөө чамайг лавтай чөлөөлнө.
Гай гамшиг, зовлонгийн үед Би дайснаар чинь чамайг хангуулах болно.

12 Хэн нэгэн нь төмрийг, хойд зүгээс ирэх төмрийг, эсвэл хүрлийг хагалж чадах уу?
13 Чиний бүх нүглийн төлөө бүх хязгаар нутагт чинь Би чиний эд баялаг болон эрдэнэсийг үнэгүйгээр олз болгон өгнө.
14 Тэгээд Би дайснуудаар чинь чиний мэдэхгүй нутагт авчруулна.
Учир нь Миний уур хилэнд гал ноцоогдсон бөгөөд тэр нь чиний дээр шатах болно" гэв.

15 Та бол мэддэг билээ, ЭЗЭН, намайг санан ажиглаж,
миний өмнөөс хавчигчдаас минь өшөө аваач.
Өөрийн тэсвэр тэвчээрээ харгалзан намайг бүү зайлуулаач.
Таны төлөө би зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч.
16 Таны үгс олдсон бөгөөд би тэднийг идсэн билээ.
Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ.
Учир нь түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, би Таны нэрээр дуудагдсан билээ.
17 Наргин баясагчдын дунд би суугаагүй, би цэнгэсэн ч үгүй.
Таны мутрын улмаас би ганцаараа суусан.
Учир нь Та намайг эгдүүцлээр дүүргэсэн билээ.
18 Яагаад миний өвдөлт дуусашгүй, миний шарх эдгэршгүй байна вэ?
Та миний хувьд үнэхээр итгэж болохгүй устай хуурамч горхи адил байх юм уу?

19 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Хэрэв чи буцаж ирвэл, Би чамайг сэргээх болно.
Чи Миний өмнө зогсох болно.
Хэрэв чи үнэгүйгээс үнэтэйг гаргаж авбал,
Чи Миний төлөө яригч байх болно.
Тэдний зүгээс тэд чам уруу эргэж магадгүй,
харин чиний хувьд чи тэдэн уруу эргэж болохгүй.
20 Тэгээд Би чамайг энэ ард түмэнд бэхлэгдсэн хүрэл хэрэм болгоно.
Тэд чиний эсрэг хичнээн тулалдавч, чамайг дийлэхгүй.
Учир нь чамайг аварч чөлөөлөхөөр Би чамтай хамт байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
21 "Тиймээс Би чамайг хорон муугийн гараас чөлөөлж,
хүчирхийлэгчийн барьцнаас золино".



[Өмнөх]                [Дараах]



Иеремиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52]