Иеремиа [49]

1 Аммоны хөвгүүдийн тухай.
ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Израиль ямар ч хөвгүүдгүй юу?
Эсвэл түүнд ямар ч өв залгамжлагчид байхгүй юу?
Тэгвэл яагаад Малкам нь Гадыг эзэлж, түүний хүмүүс хотуудад нь оршин суусан юм бэ?".
2 ЭЗЭН тунхаглаж байна.
"Би Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг дайны бүрээ үлээхийг сонсогдуулах өдрүүд ирж байна.
Тэрээр зэлүүд овоо болж, хотууд нь галд шатаагдах болно.
Тэгээд Израиль өөрийг нь эзлэгчдийг эзлэх болно" гэж ЭЗЭН айлдаж байна.
3 "Ай устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун!
Раббагийн охид оо, хашхирагтун, таар бүсэлж, гашуудан, хана хэрмүүдийн дунд наашаа цаашаа гүй.
Учир нь Малкам өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.
4 Чи хөндийнүүдийн талаар ямар их сайрхана вэ!
"Миний эсрэг хэн ирэх юм бэ?" гэж өөрийн эрдэнэст найдагч, итгэлээс эргэгч охин оо, хөндий чинь урсаж байна.
5 Үзэгтүн, Би чиний эргэн тойрноос чиний дээр айдсыг авчрах гэж байна" гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.
"Та нарын хүн нэг бүр түрүүлгээ харж зайлуулагдан,
оргодлуудыг хамтад нь цуглуулах хүнгүй болно.
6 Гэхдээ үүний дараа Би Аммоны хөвгүүдийн сайн сайхныг сэргээнэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

7 Едомын талаар.
Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү?
Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу?
Тэдний мэргэн ухаан доройтсон уу?
8 Деданы оршин суугчид аа, зугт, буцаж эргэ, гүн газруудад амьдар.
Учир нь Би түүнийг шийтгэх үед түүний дээр Есавын гай гамшгийг авчрах болно.
9 Хэрэв усан үзэм хураагчид та нар дээр ирсэн бол, тэд усан үзэм үлдээхгүй гэж үү?
Хэрэв шөнөөр хулгайч нар ирсэн бол, тэд хангалттайгаар сүйтгэх байхсан.
10 Харин Би Есавыг нүцгэлсэн бөгөөд тэрээр өөрийгөө далдалж чадахгүй болтол
Би түүний нууц газруудыг сөхсөн юм.
Түүний үр удмууд садан төрөл болон хөршүүдийнх нь хамт устгагдсан бөгөөд тэр үгүй болсон.
11 Өнчрөгсдөө ардаа орхи, Би амьд үлдээнэ.
Бэлэвсэн эмэгтэйчүүд чинь Надад итгэж найдаг" хэмээв.
12 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, аяганаас уухаар яллагдаагүй хүмүүс заавал уух бөгөөд чи бүрэн шийтгэгдэхгүй нэгэн мөн гэж үү? Чи шийтгэгдэхгүй орхигдохгүй, харин чи заавал уух болно.
13 Учир нь Бозра нь айдас, зэвүүцэл, сүйрэл болон хараал болно гэж Би Өөрөөрөө тангарагласан билээ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Түүний бүх хотууд үүрдийн балгас болно" хэмээв.

14 Би ЭЗЭНээс үг сонссон бөгөөд
"Хамтдаа цуглаад, түүний эсрэг ирж, тулалдахаар босоцгоо!" гэж үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.
15 "Учир нь үзэгтүн, Би чамайг үндэстнүүдийн дунд жижиг,
хүмүүсийн дунд басамжлагдсан нэгэн болгов.
16 Чамаас айх айдсын тухайд, хадны ан цаваар амьдардаг,
толгодын өндөрлөгийг эзэгнэгч чиний зүрх сэтгэлийн сагсуу онгироо байдал чамайг мэхэлжээ.
Чи бүргэд мэт өндөрт үүрлэвч, Би чамайг тэндээс доош унагана" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
17 Едом айдас болно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр айж, шархнуудаас нь болж исгэрэх болно.
18 Содом болон Гоморра хөршүүдийнхээ хамт хөмрүүлэгдсэн шиг, тэнд хэн ч амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй" гэж ЭЗЭН айлдаж байна.
19 "Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээрийн эсрэг Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудуулах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?" хэмээв.
20 Тийм учраас, Едомын эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон Теманы оршин суугчдын эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтай яа тэднийг, сүргийн төлүүдийг чирэх болно. Тэднээс болж тэдний бэлчээрийг Тэрээр заавал зэлүүд хоосон болгоно.
21 Тэдний уналтын чимээнд газар хөдлөв. Энэ бол хашхираан байна! Түүний дуу чимээ Улаан тэнгист сонсогдов.
22 Үзэгтүн, Тэрээр өгсөж, бүргэд мэт шүүрч, Бозрагийн эсрэг Өөрийн жигүүрээ дэлгэнэ. Тэр өдөр Едомын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил байх болно.

23 Дамаскийн талаар.
"Хамат болон Арпад нар ичгүүр болов.
Учир нь тэд муу мэдээ сонссон билээ.
Тэдний зүрх мохов.
Далай тайван биш бөгөөд намдаж чадахгүй байна.
24 Дамаск дорой болжээ.
Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд тэвдэлт түүнийг барьж авав.
Хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйнх шиг зовлон болон өвдөлт түүний зуурч авав.
25 Миний баяр баясгалангийн хот болох магтаалын хот юунд орхигдоогүй юм бол!
26 Тийм учраас түүний залуус түүний гудамжнуудад унаж,
бүх дайчид тэр өдөр чимээгүй болгогдоно" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.
27 Би Дамаскийн хана хэрэм уруу гал тавих бөгөөд
тэр нь Бен-хададын бэхлэлт цамхгуудыг залгих болно.
28 Вавилоны хаан Небухаднезарын дийлсэн Кедар болон Хазорын хаанчлалуудын тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Босож, Кедар уруу явж, дорно зүгийн эрчүүдийг устга.
29 Тэд өөрсдийн майхнууд болон мал сүргээ авч явна.
Тэд өөрсөддөө зориулан майхны хөшигнүүдээ,
өөрсдийн бүх ачааг болон тэмээнүүдээ авч явах бөгөөд тэд нэг нэгэндээ
"Тал бүрээс айдас!" гэж хашхиралдах болно.
30 Гүй, зугт!
Хазорын оршин суугчид аа, гүн газруудад амьдар" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Учир нь Вавилоны хаан Небухаднезар та нарын эсрэг төлөвлөгөө зохиож, та нарын эсрэг арга сэдэв.
31 Босож, тайван байгаа, аюулгүй амьдарч байгаа үндэстний эсрэг яв" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Түүнд ямар ч үүд, түгжээ алга.
Зөвхөн тэд л амьдардаг юм.
32 Тэдний тэмээнүүд дээрмийн зүйл, үй олон үхэр сүрэг нь олз болох бөгөөд
булангуудыг огтолдог бүх хүмүүсийг Би бүх салхины зүгт тараана.
Би тал бүрээс тэдний гай гамшгийг авчрах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
33 "Хазор цөөвөр чононуудын үүр болон мөнхөд зэлүүд газар болно.
Хэн ч тэнд амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй" хэмээв.
34 Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэнд Еламын талаар эш үзүүлэгч Иеремиад ирсэн ЭЗЭНий үг

35 "Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Үзэгтүн, Би Еламын нумыг буюу тэдний хүч чадлын хамгийн сайныг хугалах гэж байна.
36 Би Еламын дээр тэнгэрийн дөрвөн хязгаараас дөрвөн салхийг авчирч,
тэднийг эдгээр бүх салхинд тараана.
Еламын цөлөгдөгсдийн очихгүй үндэстэн гэж байхгүй болно.
37 Тиймээс Би Еламыг дайснуудынх нь өмнө болон амийг нь эрэгчдийн өмнө нураана.
Би тэдний дээр гай гамшгийг,
Өөрийн ширүүн уур хилэнг ч хүртэл авчирна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Би тэднийг устгатлаа араас нь илд илгээнэ.
38 Дараа нь Би Өөрийн сэнтийг Еламд засаж,
тэндээс хаан болон түшмэдийг устгана" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
39 "Харин сүүлчийн өдрүүдэд Би Еламын сайн сайхныг сэргээх болно" хэмээв" гэж ЭЗЭН тунхаглаж байна.



[Өмнөх]                [Дараах]



Иеремиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52]