Иеремиа [43]

1 Гэвч, тэдний Бурхан ЭЗЭНий илгээсэн Иеремиа бүх ард түмэнд тэдний Бурхан ЭЗЭНий бүх үгсийг буюу эдгээр бүх үгсийг хэлж дуусмагц,
2 Хошаиагийн хүү Азариа, Кареагийн хүү Иоханан болон бүх сагсуу хүмүүс Иеремиад хандан
-Та худал ярьж байна! Бидний Бурхан ЭЗЭН "Та нар Египетэд амьдрах гэж тийшээ явж болохгүй" гэж хэлүүлэхээр таныг илгээгээгүй.
3 Харин Нериагийн хүү Барух биднийг халдеичуудын гарт өгөн, тэд биднийг алж, эсвэл Вавилон уруу цөлөхийн тулд таныг бидний эсрэг өдөөж байна гэж хэлэв.
4 Ингээд Кареагийн хүү Иоханан, цэргийн бүх ахмадууд болон бүх ард түмэн Иудагийн нутагт үлдэхээр ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй.
5 Харин Кареагийн хүү Иоханан болон цэргийн бүх ахмадууд нь Иудагийн нутагт амьдрахын тулд зайлуулагдсан байсан бүх үндэстнүүдээс буцаж ирсэн Иудагийн бүхий л үлдэгсдийг буюу
6 эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хааны охидыг болон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиатай хийгээд эш үзүүлэгч Иеремиа болон Нериагийн хүү Барухтай хамт харуулын дарга Небузараданы үлдээсэн хүн бүрийг авсан бөгөөд
7 тэд Египетийн нутаг уруу орж (учир нь тэд ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй), Тахпанхес хүртэл явав.
8 Тэгтэл Тахпанхест ЭЗЭНий үг Иеремиад ирж,
9 "Гартаа том чулуунууд аваад, зарим иудейчүүдийн нүдэн дээр, Тахпанхес дахь Фараоны ордны үүдэн дэх тоосгонуудын зуурмаг шавар дотор тэднийг нуу.
10 Тэдэнд "Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Миний зарц болох Вавилоны хаан Небухаднезарыг дуудан авчирч, Өөрийн нуусан эдгээр чулуунуудын дээр түүний сэнтийг тогтоох гэж байна. Тэрээр өөрийн бүхээгийг тэдний дээгүүр дэлгэнэ.
11 Тэрээр мөн ирж, Египетийн нутгийг цохино. Үхэлд зориулагдсан хүмүүс үхэлд, олзлолд зориулагдсан нь олзлолд бөгөөд илдэнд зориулагдсан нь илдэнд.
12 Би Египетийн бурхдын сүмүүдэд гал тавьж, тэрээр тэднийг шатааж, тэднийг олзлох болно. Хоньчин өөрийгөө хувцсаараа ороохтой адил тэрээр өөрийгөө Египетийн нутгаар орооно. Тэр тэндээс амар тайван явах болно.
13 Тэрээр бас Египетийн нутагт орших Хелиополисын чулуун хөшөөнүүдийг хэмхлэх болно. Египетийн бурхдын сүмүүдийг тэрээр галдан шатаана"" гэж хэл" гэж айлджээ.



[Өмнөх]                [Дараах]



Иеремиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52]