Иеремиа [8]

1 ЭЗЭН ингэж тунхаглаж байна. "Тэр үед хүмүүс Иудагийн хаад, түүний захирагч нар, тахилч нар, эш үзүүлэгчид, Иерусалимын оршин суугчдын ясыг булшнаас нь гаргана.
2 Тэд тэдгээрийг өөрсдийнхөө хайрлан, үйлчлэн, араас нь явж, эрэлхийлэн, мөргөж байсан нар, сар болон тэнгэрийн бүх эрхэсийн дор тарааж тавина. Тэр яс цуглуулагдаж, булшлагдахгүй, тэд газрын хөрсөн дээр ялгадас мэт болно.
3 Энэ бузар муу ургаас үлдсэн үлдэгсэд Миний тэднийг хөөн гаргасан газар бүрд аминаас илүүгээр үхлийг сонгох болно" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.
4 Чи тэдэнд "ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Унаад, дахин босдоггүй юм уу?
Хэн нэгэн эргэн буцаад, гэмшдэггүй юм уу?
5 Тэгвэл яагаад Иерусалимийн энэ хүмүүс, байнга итгэлээс няцан эргэсэн бэ?
6 Би чагнаад сонсов. Тэд зөв бусыг ярьсан юм.
Нэг ч хүн "Би юу хийчихэв?" гэж хорон муугаа гэмшээгүй.
Хүн бүр тулаан уруу давхин орж буй морьтой адил өөрийн чиглэл уруу эргэжээ.
7 Тэнгэрийн өрөвтас хүртэл улирлаа мэддэг.
Хүүрзгэнэ, хараацай болон хөөндэй нүүдэллэх цагаа ажигладаг.
Харин Миний хүмүүс ЭЗЭНий тогтоолыг мэддэггүй.

8 "Бид мэргэн, ЭЗЭНий хууль бидэнтэй хамт байна" гэж та нар яаж хэлж чадна вэ?
Харин үзэгтүн, гүүш нарын худалч үзэг худал болгожээ.
9 Мэргэн хүмүүс ичгүүр болж, зүрх алдан, баригджээ.
Үзэгтүн, тэд ЭЗЭНий үгийг эсэргүүцсэн бөгөөд
тэд ямар янзын мэргэн ухаантай билээ?
10 Тийм учраас Би тэдний эхнэрүүдийг бусдад,
тэдний талбайнуудыг шинэ эзэмшигчдэд өгнө.
Учир нь хамгийн багаас хамгийн том хүртэл нь хүн бүр ашиг олох гэж шунах юм.
Эш үзүүлэгчээс тахилч хүртэл хүн бүр залилан мэхэлдэг.
11 Тэд "Амар амгалан, амар амгалан" гэж хэлэн Миний ард түмний охины хугарлыг хуурамчаар эдгээдэг.
Гэвч амар амгалан нь үгүй.
12 Тэд үйлдсэн жигшүүрээсээ болж ичсэн үү?
Тэд үнэхээр ичээгүй.
Тэд яаж улайхыг ч мэдээгүй.
Тийм учраас тэд унадаг хүмүүсийн дунд унах болно.
Шийтгэлийнхээ цагт тэд дорд болгогдох болно" гэж ЭЗЭН айлддаг".

13 "Би тэднийг заавал булаан авах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Усан үзмийн модон дээр ямар ч усан үзэм,
инжрийн модон дээр ямар ч инжир байхгүй болж, навч хагдарна.
Миний тэдэнд өгсөн юмс үгүй болно" хэмээсэн" гэж хэл".
14 Яагаад бид тайван сууж байна вэ?
Цуглараад, бэхлэлт хотууд уруу явцгааж, тэнд сөнөцгөөе.
Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул
бидний Бурхан ЭЗЭН биднийг яллаж, бидэнд хортой ус уулгахаар өгчээ.
15 Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн зүйл ирсэнгүй.
Эдгэрлийн үеийг хүлээсэн боловч үзэгтүн, аймшиг ирэв!
16 Данаас түүний морьдын тургих нь сонсогдлоо.
Адууных нь янцгаах чимээнд бүх нутаг доргидог.
Учир нь тэд ирж, газар нутаг болон түүний бүхнийг,
хот болон түүний оршин суугчдыг залгидаг.
17 "Үзэгтүн, Би та нарын эсрэг могойнуудыг,
ямар ч ид шидгүй хорт могойнуудыг илгээж байгаа бөгөөд
тэд та нарыг хатгах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

18 Миний уй гашуу эдгэршгүй бөгөөд Миний зүрх дорой байна.
19 Үзэгтүн, сонсоцгоо!
Миний ард түмний охины алсын орноос
"ЭЗЭН Сионд байхгүй юм уу?
Түүний Хаан түүний дотор алга уу?" гэж хашхирахыг сонс.
"Яагаад тэд Намайг өөрсдийн сийлмэл хөргүүдээр,
харийн шүтээнүүдээр өдөөн хатгаж байна вэ?".
20 Ургац хураалт өнгөрч, зун дууссан бөгөөд бид аврагдаагүй байна.
21 Миний ард түмний охины хугарлын төлөө би хугарсан байна.
Би гашуудаж, айдас намайг нөмрөв.
22 Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү?
Тэнд ямар ч эмч байхгүй гэж үү?
Тэгвэл яагаад миний ард түмний охин эдгэрсэнгүй вэ?



[Өмнөх]                [Дараах]



Иеремиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52]