Иеремиа [51]

1 ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Үзэгтүн, Би Вавилоны эсрэг болон Леб-камаин оршин суугчдын эсрэг устгагчийн сүнсийг босгох болно.
2 Түүнийг шигшүүлж, газар нутгийг нь сүйтгүүлэхийн тулд
Би Вавилон уруу харийнхныг явуулах болно.
Учир нь гай гамшгийнх нь өдөр тэд тал бүрээс түүнийг эсэргүүцнэ.
3 Нумаа татдаг нэгэн бүү татаг, хайрст хуяг дуулгаа ч өмсөн бүү босож ирэг.
Түүний залуусыг бүү амьд үлдээ.
Түүний бүх цэргүүдийг устга.
4 Тэд халдеичуудын нутагт алагдаж,
гудамжнуудад нь цоо хатгуулж унана" хэмээв.

5 Хэдийгээр тэдний газар нутаг Израилийн Ариун Нэгэний өмнө гэм буруугаар дүүрэн ч гэсэн
Израиль ч, Иуда ч түмэн цэргийн ЭЗЭН, өөрсдийн Бурханд орхигдоогүй юм.
6 Вавилоны дундаас зугт, хүн бүр амиа аварцгаа!
Энэ бол ЭЗЭНий өшөө авах цаг учир түүний шийтгэл дотор бүү сүйр.
Тэрээр түүнд шанг нь өгөх гэж байна.
7 Бүх дэлхийг согтоон Вавилон нь ЭЗЭНий гарт алтан аяга байв.
Үндэстнүүд түүний дарснаас уусан билээ.
Тийм учраас үндэстнүүд галзуурцгааж байна.
8 Вавилон гэнэтхэн унаж нурав.
Түүний дээр уйл!
Өвчин шаналалд нь зориулж гавар авчир.
Тэрээр эдгэрч магад.
9 Бид Вавилоныг эдгээх л байсан, гэвч тэрээр эдгээгүй.
Түүнийг орхиод, бүгдээрээ өөрсдийн нутаг уруу явцгаая.
Учир нь түүний шүүлт тэнгэрт хүрч, үүлс уруу өргөгдөв.
10 ЭЗЭН бидний зөвтгөлийг авчрав.
Ирцгээ, өөрсдийн Бурхан ЭЗЭНий үйлсийг Сионд хэлцгээе!

11 Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ!
Түүний зорилго нь Вавилоныг устгахаар түүний эсрэг байгаа тул ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов.
Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Түүний сүмийн төлөөх өшөө авалт юм.
12 Вавилоны хэрмүүдийн эсрэг дохио өргө.
Харуулыг бэхжүүлж, манаа тавьж, хүмүүсийг отуул!
Учир нь Вавилоны оршин суугчдын талаар айлдсанаа ЭЗЭН зорьж, биелүүлэв.
13 Эрдэнэсээр элбэг, их усны дэргэд амьдрагч аа, чиний төгсгөл, төгсгөлийн чинь хэмжээ ирэв.
14 Түмэн цэргийн ЭЗЭН Өөрөөрөө тангараглав.
"Би чамайг царцаа мэт хүмүүсээр лавтай яа дүүргэх бөгөөд
тэд чамайг ялсан ялалтын дуугаар хашхирах болно".

15 Өөрийн хүч чадлаар газар дэлхийг бий болгож,
Өөрийн мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон Нэгэн нь Өөрийн оюун ухаанаар тэнгэрүүдийг тэлсэн билээ.
16 Түүнийг дуугарахад тэнгэрүүд дээр ус хүржигнэх бөгөөд
Тэрээр газар дэлхийн адгаас үүлсийг хөөргөдөг.
Тэрээр бороонд зориулж аянга цахилгааныг бий болгож,
Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.
17 Бүх хүн төрөлхтөн мунхаг ба мэдлэггүй.
Алтны дархан бүр өөрийн шүтээнээр ичгүүр болно.
Учир нь түүний цутгамал хөргүүд худал хуурмаг бөгөөд
тэдний дотор амьсгал байдаггүй.
18 Тэд дэмий хоосон, доог тохууны бүтээл.
Шийтгэлийнхээ цагт тэд устана.
19 Иаковын хувь нь эдгээртэй адил биш.
Учир нь Өөрийн өвийн овгийг болон бүгдийг Бүтээгч нь Тэр юм.
Түүний нэрийг түмэн цэргийн ЭЗЭН гэдэг.
20 "Чи миний тулалдааны шийдэм, дайны зэвсэг.
Чамаар Би үндэстнүүдийг нураадаг,
чамаар Би хаанчлалуудыг устгадаг.
21 Чамаар Би морь болон түүнийг унагчийг нураадаг,
22 чамаар Би тэрэг болон түүнийг хөлөглөгчийг нураадаг,
чамаар Би эрэгтэй болон эмэгтэй хүнийг нураадаг,
чамаар Би хөгшин хүн болон залуусыг нураадаг,
чамаар Би залуу хүн болон онгон охиныг нураадаг,
23 чамаар Би хоньчин болон хонин сүргийг нь нураадаг,
чамаар Би тариачин болон буулгатай үхрийг нь нураадаг бөгөөд
чамаар Би захирагчдыг болон удирдагчдыг нураадаг юм.
24 Харин нүдний чинь өмнө Сионд тэдний үйлдсэн бүх бузар муу үйлдлийнх нь төлөө Вавилон болон Халдеин бүх оршин суугчдад Би нөхөн төлөх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
25 "Бүхий л дэлхийг устгадаг устгаач уул аа,
үзэгтүн, Би чиний эсрэг байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Би чиний эсрэг мутраа сунгаж, чамайг хаднуудаас доошоо өнхрүүлэн, чамайг шатсан уул болгоно.
26 Тэд чамаас буланд зориулаад ч, сууринд зориулаад ч чулуу авахгүй.
Харин чи мөнхөд зэлүүд хоосон байх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
27 Нутагт дохио тэмдэг босгож,
үндэстнүүдийн дунд бүрээ үлээ!
Түүний эсрэг үндэстнүүдийг ариусга,
түүний эсрэг Арарат, Минни болон Ашкеназын хаанчлалуудыг дуудан цуглуул.
Түүний эсрэг өрлөг жанжинг томилж, морьдыг өрөвгөр царцаанууд мэт авчир.
28 Түүний эсрэг үндэстнүүдийг,
медечүүдийн хаадыг, тэдний захирагчдыг,
тэдний удирдагчдыг болон тэдний эзэгнэдэг нутаг бүрийг ариусга.
29 Ийнхүү газар хөдөлж, тарчилж байна.
Учир нь Вавилоны газар нутгийг оршин суугчгүй зэлүүд газар болгох гэсэн Вавилоны эсрэг буй ЭЗЭНий зорилгууд байсаар байна.
30 Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж, бат цайзууддаа үлдэв.
Тэдний хүч доройтож, тэд эмэгтэйчүүдтэй адил болж байна.
Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж, түүний түгжээнүүд эвдрэв.
31 Хот нь хязгаараас эзлэгдсэн гэдгийг Вавилоны хаанд айлтгахаар нэг зарлага нөгөөтэй уулзахаар,
нэг элч нөгөөтэй уулзахаар гүйдэг.
32 Гармууд ч гэсэн эзлэгдсэн бөгөөд
тэд намаг балчгуудыг галдан шатаав.
Дайчид айцгаав.

33 Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна.
"Вавилоны охин нь дэвслүүлж байгаа үеийн үтрэмтэй адил юм.
Жаахан азнаад түүний хувьд ургац хураах цаг ирнэ" хэмээв.

34 "Вавилоны хаан Небухаднезар намайг залгиж, бяцалсан.
Тэр намайг хоосон сав болгон доошоо тавив.
Тэр намайг мангас мэт залгив.
Тэр ходоодоо миний амттанаар дүүргэв.
Тэр намайг бөөлжиж гаргав.
35 Надад болон махан биед минь үйлдсэн хүчирхийлэл Вавилон дээр байх болтугай" гэж Сионы оршин суугч хэлэх болно.
"Миний цус Халдеин оршин суугчид дээр байх болтугай" гэж Иерусалим хэлэх болно.
36 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Үзэгтүн, Би чиний хэргийг өмгөөлж, чиний төлөө бүрэн өшөө авна.
Би түүний тэнгисийг хатааж, оргилох булгийг нь хуурай болгоно.
37 Вавилон нь овоо, цөөвөр чононуудын үүр,
оршин суугчидгүй айх, исгэрэх шалтгаан болно.
38 Тэд хамтдаа залуу арслангууд мэт архирч, арслангийн гүег мэт хүрхэрнэ.
39 Тэд халсан хойно Би тэдний найрыг хийж,
тэднийг баярлуулан хөөргөж,
үүрдийн нойроор нойрсуулж,
сэрээхгүйн тулд тэднийг согтооно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
40 "Би тэднийг хурганууд мэт,
хуцнууд ба ухнанууд мэт нядалгаанд авчирна.

41 Шешак олзлогдож, бүх газар дэлхийн магтаал хэрхэн зогсов оо!
Вавилон нь үндэстнүүдийн дунд юутай айдас болов оо!
42 Далай тэнгис Вавилоны дээгүүр гарчээ.
Тэрээр шуурган давалгаануудад нь нөмрүүлжээ.
43 Түүний хотууд айдас, хатаж хагарсан нутаг болон цөл буюу ямар ч хүн амьдардаггүй бөгөөд
ямар ч хүний хүү түүгээр дамжин өнгөрдөггүй нутаг болжээ.
44 Би Вавилонд Белийг шийтгэж, түүний залгисан зүйлийг Би амаар нь гаргана.
Үндэстнүүд ч түүн уруу цутгахаа болино.
Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!

45 Миний хүмүүс ээ, түүний дундаас гарч ирцгээж,
хүн нэг бүр чинь ЭЗЭНий ширүүн уураас өөрсдийгөө авар.
46 Газар нутагт сонсогдох мэдээнд зүрх чинь бүү мохож, бүү айгтун.
Учир нь нэг жил мэдээ ирж, үүний дараа ондоо жилд ондоо мэдээ,
удирдагч нь удирдагчийнхаа эсрэг, газар нутагт хүчирхийлэл ирнэ.
47 Тийм учраас үзэгтүн, Би Вавилоны шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байна.
Түүний бүх газар нутаг ичгүүр болж,
бүх алагдагсад нь түүний дунд унах болно.
48 Тэгэхэд тэнгэр, газар болон тэдэн дотор буй бүхэн Вавилон дээгүүр баярлан хөөрч хашхирах болно.
Учир нь устгагчид түүн уруу умардаас ирнэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

49 Вавилоны төлөө бүх дэлхийн алагдагсад унасан шиг Вавилон Израилийн алагдагсдын төлөө үнэхээр унах ёстой.
50 Илднээс зугтагчид аа, та нар явцгаа!
Бүү үлд! Алс газраас ЭЗЭНийг сана,
Иерусалим чиний бодол санаанд орог.
51 Бид жигшүүрт зүйлс сонссон учир бид ичиж байна.
Бидний нүүр царайнуудыг шившиг бүтээв.
Учир нь харийнхан ЭЗЭНий өргөөний ариун газрууд уруу оржээ.

52 "Тийм учраас, үзэгтүн, Би түүний шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байгаа бөгөөд
үхлийн шархтай нэгэн газар нутаг даяараа ёолох болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
53 "Вавилон хичнээн тэнгэр уруу өгссөн ч,
тэрээр хичнээн өөрийн өндөр бат цайзуудаа бэхэлсэн ч,
Надаас устгагчид түүн уруу ирэх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

54 Вавилоноос хашхирааны,
халдеичуудын нутгаас их сүйрлийн дуу чимээ гарч байна!
55 Учир нь ЭЗЭН Вавилоныг устгах гэж байгаа бөгөөд
Тэрээр түүнээс чанга дуу хоолойг үгүй болгоно.
Давалгаанууд нь их ус мэт хүрхэрнэ.
Дуу хоолойнуудын хүржигнэх нь сонсогдоно.
56 Учир нь устгагч нь түүний эсрэг, Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөд
түүний хүчит эрс олзлогдож, тэдний нумууд хугалагдах болно.
Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан, Тэрээр бүрэн хариулна.
57 "Би түүний ноёд, түүний мэргэд,
түүний захирагчид, түүний удирдагчид болон хүчит эрсийг нь согтооно.
Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй" гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг Хаан тунхаглаж байна.
58 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Вавилоны өргөн хана хэрэм бүрэн гүйцэд нурж, түүний өндөр дааман хаалганууд шатна.
Тиймээс хүмүүс юу ч биш юмны төлөө ажиллан, үндэстнүүд галын төлөө сульдах болно".
59 Иудагийн хаан Зедекиатай хамт, түүний хаанчлалын дөрөв дэх жилд Вавилон уруу явах үедээ Махсеиагийн ач, Нериагийн хүү Сераиад эш үзүүлэгч Иеремиагийн тушаасан үг энэ юм. (Сераиа нь хангамжийн ахмад байв)
60 Иймээс Иеремиа нэг хуйлмал номон дээр Вавилон дээр ирэх бүх гай гамшгийг буюу Вавилоны талаар бичигдсэн эдгээр бүх үгсийг бичив.
61 Тэгээд Иеремиа Сераиад
-Чи Вавилонд очмогцоо эдгээр бүх үгсийг чангаар уншиж,
62 "ЭЗЭН, Та энэ газрын талаар үүнийг тасална гэж амласан билээ. Ингэснээр хүн ч, араатан амьтан ч, ямар ч зүйл тэнд амьдрахгүй, харин энэ нь мөнхийн зэлүүд газар болно" гэж хэлэгтүн.
63 Чи энэ хуйлмал номыг уншиж дуусангуутаа түүнд чулуу уяад, түүнийг Евфрат мөрний гол уруу шидээд,
64 "Яг үүн шиг түүний дээр Миний авчрах гэж байгаа гай гамшгаас болж Вавилон живж, дахин босохгүй. Тэд сульдах болно" гэж хэл гэжээ. Эдгээр нь Иеремиагийн үгс юм.



[Өмнөх]                [Дараах]



Иеремиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52]