Иеремиа [21]

1 ЭЗЭНээс Иеремиад үг ирэхэд Зедекиа хаан түүн уруу Малхиагийн хүү Пашхур болон Маасеиагийн хүү, тахилч Зефаниаг илгээн
2 "Вавилоны хаан Небухаднезар бидний эсрэг дайтаж байгаа тул бидний өмнөөс ЭЗЭНээс асууж өгөөч. ЭЗЭН бидэнд Өөрийн гайхамшигт үйлсийн дагуу хандаж магадгүй. Тэгээд дайсан биднээс ухарч магад" гэв.
3 Тэгтэл Иеремиа тэдэнд "Та нар Зедекиад дараахыг хэлтүгэй.
4 "Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, хэрмийн гадна талд чамайг бүсэлж байгаа Вавилоны хаан болон халдеичуудын эсрэг дайтахад чиний ашиглаж байгаа, чиний гарт буй зэр зэвсгийг Би эргүүлэх гэж байна. Би тэднийг энэ хотын төвд цуглуулах болно.
5 Би Өөрөө сунгасан гар, хүчит мутраар та нарын эсрэг уурлан, хилэгнэн, дургүйцэн тулалдана.
6 Би мөн энэ хотын оршин суугчдыг, хүн болон араатан амьтдыг ялгаагүй цохиж, тэд их тахлаас болж үхнэ.
7 Тэгээд дараа нь Иудагийн хаан Зедекиа, түүний зарц нар болон ард түмнийг буюу энэ хотод тахал, илд болон өлсгөлөнгөөс амьд үлдсэн хүмүүсийг хүртэл Би Вавилоны хаан Небухаднезарын гарт, тэдний дайснуудын гарт, мөн тэдний амийг эрэн хайгчдын гарт тушаана. Тэрээр тэднийг илдний ирээр цохино. Тэрээр тэднийг амьд үлдээхгүй, өрөвдөх ч үгүй, энэрэх ч үгүй" гэж ЭЗЭН айлдаж байна"".
8 Та нар мөн энэ хүмүүст "ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Би та нарын өмнө амь болон үхлийн замыг тогтоодог.
9 Энэ хотод суусан нэгэн илд, өлсгөлөн, тахлаар үхнэ. Харин гадагш гарч яван, та нарыг бүсэлж байгаа халдеичуудад бууж өгсөн нэгэн амьдарч, өөрийнхөө амиар төлөөсийг төлнө.
10 Учир нь Би сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Өөрийн нүүрийг энэ хотыг эсэргүүцэхээр чиглүүлэв" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Энэ хот Вавилоны хааны гарт өгөгдөх бөгөөд тэрээр түүнийг галдан шатаана" хэмээв"
11 Тэгээд Иудагийн хааны гэрийнхэнд "ЭЗЭНий үгийг сонсогтун,
12 Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Өглөө бүр шударга ёсыг үйлд.
Тэдний үйлсийн бузар муугаас болж Миний уур хилэн гал мэт гарч,
юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд
дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар"

13 ЭЗЭН тунхаглаж байна.
"Үзэгтүн, хөндийд амьдрагч, чулуурхаг тал аа,
Би та нарын эсрэг байна.
"Хэн бидний эсрэг бууж ирэх юм бэ?
Хэн бидний сууцанд орж ирэх юм бэ?" гэж хэлэгч хүмүүс та нар аа,
14 Би та нарыг өөрсдийн чинь үйлсийн үр дүнгийн дагуу шийтгэнэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Бүх орчин тойрныг нь залгиулахын тулд
Би ойд нь гал асаана" хэмээв" гэж хэл гэв.



[Өмнөх]                [Дараах]



Иеремиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52]