Иеремиа [7]

1 Иеремиад ЭЗЭНээс ирж, айлдсан үг нь
2 "ЭЗЭНий гэрийн дааман хаалганы дэргэд зогсож, тэнд энэ үгийг тунхаглан хэлэхдээ "ЭЗЭНд мөргөхөөр энэ дааман хаалгаар орж ирэгч Иудагийнхан бүгд ЭЗЭНий үгийг сонсоцгоо" гээрэй".
3 Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж хэлж байна. "Өөрсдийн зам болон үйлсээ залруул. Тэгээд Би та нарыг энэ газарт оршин суулгах болно.
4 "Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм" гэх хуурамч үгэнд бүү итгэ.
5 Учир нь хэрэв та нар замаа болон үйлсээ үнэхээр залруулбал, хэрэв та нар хүн болон хөршийнх нь хооронд үнэхээр шударга ёсыг хэрэгжүүлбэл,
6 та нар харийнхныг, өнчид, бэлэвсрэгсдийг дарлахгүй, энэ нутагт гэмгүй цусыг урсгахгүй, өөр бурхад уруу өөрсдийн сүйрэл уруугаа явахгүй бол
7 та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд Миний өгсөн нутагт буюу энэ газарт Би та нарыг оршин суулгана.
8 Үзэгтүн, та нар ямар ч хэрэггүй хуурамч үгэнд найдаж байна.
9 Та нар хулгай хийж, алж, завхайран, хуурамчаар тангараглаж, Баалд тахил өргөн, өөрсдийн мэддэггүй өөр бурхдын араас яваад,
10 дараа нь ирж, Миний нэрээр нэрлэгддэг энэ өргөөнд Миний өмнө зогсоод, эдгээр бүх жигшүүрт зүйлсийг хийхийн тулд "Бид аврагдсан билээ!" гэж хэлэх нь үү?
11 Миний нэрээр нэрлэгддэг энэ өргөө та нарын нүдэнд дээрэмчдийн үүр болсон уу? Үзэгтүн, Би, Би хүртэл харсан юм гэж ЭЗЭН тунхаглаж байна.
12 "Би нэрээ эхэнд оршоосон Шилод байсан Миний газар уруу одоо очиж, Миний ард түмэн Израилийн хорон муу явдлаас болж Миний түүнд юу хийснийг хар.
13 Эдүгээ та нар эдгээр бүх зүйлсийг үйлдсэн тул" гэж ЭЗЭН ингэж тунхаглаж байна, "Мөн эрт босож ярин Би та нарт хэлсэн боловч та нар сонсоогүй, Би та нарыг дуудсан боловч та нар хариулаагүй тул,
14 тиймээс та нарын итгэдэг, Миний нэрээр нэрлэгддэг өргөөд болон та нарт болон та нарын эцэг өвгөдөд Миний өгсөн газарт Би Шилод үйлдсэн шигээ үйлдэнэ.
15 Та нарын бүх ах дүүс болох Ефраимын бүх үр удмыг гарган хаясан шигээ Би та нарыг Өөрийн мэлмийнээс гарган хаяна.
16 Чиний хувьд, энэ ард түмний төлөө бүү залбир, тэдний төлөө хашхиралт, залбирлыг бүү өргө. Надад зуучлан бүү залбир. Учир нь Би чамайг сонсохгүй.
17 Иудагийн хотууд болон Иерусалимын гудамжинд юу хийж байгааг нь чи харахгүй байна уу?
18 Хүүхдүүд нь түлээ түүж, эцгүүд нь гал ноцоож, эмэгтэйчүүд нь тэнгэрийн хатанд боов хийхийн тулд зуурсан гурил нухдаг бөгөөд Намайг уурлуулахын тулд ондоо бурхдад ундаан өргөлийг асгадаг.
19 Тэд Намайг уурлуулдаг уу?" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Тэд өөрсдийгөө шившиглэн, өөрсдийгөө уурлуулж байгаа биш үү?"
20 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Миний уур ба хилэн энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй".
21 Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Шатаалт тахилуудаа өргөлүүд дээрээ нэмж, мах ид.
22 Учир нь Би та нарын эцэг өвгөдийг Египет нутгаас гаргасан өдөр тэдэнд шатаалт тахил болон өргөлүүдийн талаар хэлээгүй, эсвэл тушаагаагүй юм.
23 Харин Миний тэдэнд тушаан хэлсэн нь энэ юм. "Миний дуу хоолойг дагагтун. Тэгээд Би та нарын Бурхан болж, та нар Миний хүмүүс болно. Та нар сайн байхын тулд Миний та нарт тушаасан бүх замаар алхах болно".
24 Гэтэл тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин өөрсдийн бузар муу зүрхний зөвлөгөө ба зөрүүд байдал дотор урагшаа бус, хойшоо явав.
25 Та нарын эцэг өвгөд Египетийн нутгаас гарч ирсэн тэр өдрөөс хойш өнөөг хүртэл Би та нарт Өөрийн бүх зарц нар болох эш үзүүлэгчдийг илгээн, өдөр бүр эрт босож илгээсэн билээ.
26 Гэтэл тэд Намайг сонсоогүй, чихээ тавиагүй, харин хүзүүгээ хатууруулав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү бузар мууг үйлджээ.
27 Чи эдгээр бүх үгсийг тэдэнд хэлэх боловч тэд чамайг сонсохгүй. Чи тэднийг дуудах боловч тэд чамд хариулахгүй.
28 Чи тэдэнд "Энэ бол өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, эсвэл залруулгыг хүлээж аваагүй үндэстэн юм. Үнэн тэдний амнаас устаж, таслагдсан билээ.
29 Үсээ тайрч хаяад,
нүцгэн дов толгод дээр гашууд.
Учир нь ЭЗЭН Өөрийн уур хилэнгийн үе удмыг голж, орхисон".
30 "Учир нь Иудагийн хөвгүүд Миний мэлмийд бузар мууг үйлджээ" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Миний нэрээр нэрлэгддэг гэрт түүнийг бузарлахын тулд тэд өөрсдийн жигшүүрт зүйлсээ тавьсан билээ.
31 Тэд өөрсдийн охид, хөвгүүдийг галд шатаахаар Хинномын хөвгүүний хөндийд буй Тофетын мөргөлийн өндөрлөгүүдийг барив. Би үүнийг тушаагаагүй бөгөөд энэ нь Миний санаанд орсонгүй юм.
32 Тиймээс үзэгтүн, энэ нь Тофет, эсвэл Хинномын хөвгүүний хөндий гэж дахин нэрлэгдэхгүй, харин Хядлагын хөндий гэж нэрлэгдэх өдрүүд ирж байна. Учир нь газар байхгүй тул тэд Тофетэд булшлах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
33 "Энэ хүмүүсийн хүүрүүд тэнгэрийн шувууд болон газрын араатан амьтдын идэш болно. Тэднийг хэн ч үргээхгүй.
34 Тэгэхэд Би Иудагийн хотуудаас болон Иерусалимын гудамжнуудаас хөөр, баяр баясгалангийн дууг, мөн сүйт залуу болон сүйт бүсгүйн дууг зогсооно. Учир нь газар нутаг нуранги болно".



[Өмнөх]                [Дараах]



Иеремиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52]