1 Моабын тухай.
Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна.
"Небо золгүй еэ. Учир нь тэрээр сүйрчээ.
Кириатаим ичгүүр болж, олзлогдсон юм.
Өндөр бэхлэлт ичгүүр болж, нураагдсан.
2 Моаб дахин магтагдахгүй.
Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдэв.
"Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!"
Галзуу хүмүүс ээ, та нар ч гэсэн дуугүй болгогдоно.
Та нарын араас илд дагах болно.
3 Хоронаимаас гарах хашхирааны дуу, "Сүйрэл, агуу их сүйрэл!"
4 Моаб хугарч, түүний жижиг хүүхдүүд хашхирцгаав.
5 Учир нь Лухитийн өгсүүрээр тэд уйлсаар өгсөнө.
Учир нь Хоронаимын уруудах замд тэд сүйрлийн зовж шаналсан хашхирааныг сонсоцгоолоо.
6 Зугт, амиа авар, ингэснээр та нар цөл дэх арц мод мэт болно.
7 Учир нь өөрийн ололт болон эрдэнэст тавьсан итгэл найдвараасаа болж чи өөрөө олзлогдох болно.
Хемош ч өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.
8 Хот бүрд устгагч ирэх бөгөөд ямар ч хот зугтахгүй.
ЭЗЭНий айлдсаны дагуу хөндий ч бас сүйтгэгдэж, тэгш тал ч сүйрэх болно.
9 Моабт далавчнуудыг өг. Учир нь тэрээр зугтаана.
Түүний хотууд дотроо оршин суугчидгүй зэлүүд газар болно.
10 ЭЗЭНий ажлыг хайнга хийдэг нэгэн хараагдах болтугай.
Цуснаас илдээ баригч нэгэн хараагдах болтугай.
11 Моаб залуу үеэсээ тайван байжээ.
Тэрээр бас шавар саван дотроо үймүүлэгдээгүй байв.
Тэрээр савнаас сав уруу уудлуулаагүй, цөллөгт ч яваагүй.
Тийм учраас тэрээр амтаа хадгалсан бөгөөд түүний тааламжит үнэр өөрчлөгдөөгүй.
12 Тийм учраас, үзэгтүн, Би түүн уруу юүлэгч хүмүүсийг илгээх бөгөөд тэд түүнийг юүлэн асгаж, түүний сав суулгуудыг хоослон, вааруудыг нь эвдлэх өдрүүд ирж байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
13 Израилийн гэр өөрсдийн итгэл найдвар болсон Бетелээс ичсэн шиг Моаб нь Хемошоос ичих болно.
14 Та нар "Бид хүчирхэг дайчид, тулалдаанд зоригтой эрчүүд билээ" гэж яаж хэлж чадна вэ?
15 Моаб устгагдсан бөгөөд эрчүүд түүний хотууд уруу явжээ.
Түүний шилдэг залуус ч бас хядуулахаар явжээ" гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг нэртэй Хаан тунхаглаж байна.
16 "Моабын зовлон удахгүй ирж, түүний гай гамшиг шаламгайлан яаравчлав.
17 Түүний эргэн тойронд амьдрагч та бүхэн,
түүний нэрийг мэддэг та бүхэн ч гэсэн түүний төлөө гашуудаж,
"Хүчирхэг очирт таяг, сүр жавхлант таяг хэрхэн хугарав аа!" гээрэй.
18 Дибонд оршин суугч охин оо, алдраасаа буун ирж, хатаж хагарсан газар дээр суу.
Учир нь Моабыг устгагч нь чиний эсрэг ирж, бат цайзуудыг чинь нураав.
19 Ароерын оршин суугч аа, замын дэргэд зогсож, харуулдсаар бай.
"Юу болсон бэ?" гэж оргож буй эрэгтэйгээс болон зугтаж буй эмэгтэйгээс асуу.
20 Моаб нураагдсан тул, ичгүүр болжээ.
Уйлан, хашхир. Моаб устгагдсан гэж Арнон хавиар тунхагла.
21 Шүүлт нь бас тал газар дээр, Холон, Иахза нарын дээр болон Мефаатын эсрэг ирсэн бөгөөд
22 Дибон, Небо болон Бет-диблатаимын эсрэг,
23 Кириатаим, Бет-гамул болон Бет-меоны эсрэг,
24 Кериот, Бозра болон Моабын нутгийн хол ойрын бүх хотуудын эсрэг ирэв.
25 Моабын эвэр тастуулж, гар нь хугарав" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
26 "Тэр ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул түүнийг согтууруул. Ингээд Моаб бөөлжсөн дотроо хөлбөрч, доог тохуу болох болно.
27 Израиль чамд доог тохуу байсан биш гэж үү? Эсвэл тэрээр хулгайчдын дунд баригдаж байсан уу? Учир нь чи түүний тухай ярих болгондоо чичирдэг.
28 Моабын оршин суугчид аа, хотуудыг орхиж, хадны дунд амьдар.
Ангалын аман дээр үүрлэгч тагтаа мэт бай.
29 Бид Моабын бардам зангийн талаар буюу тэрээр их бардам гэдгийг,
түүний ихэмсэг, бардам, сагсуу онгироо, өөрийгөө өргөмжилдөг зангуудын тухай сонссон.
30 Би түүний уур хилэнг мэднэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Гэвч энэ нь хоосон.
Түүний дэмий сайрхал юуг ч бүтээгээгүй.
31 Тийм учраас Би Моабын төлөө орь дуу тавих болно,
бүх Моабын төлөө Би хашхирах болно.
Би Кир-хересийн хүмүүсийн төлөө ёолох болно.
32 Иазерын төлөө уйлахаас илүүгээр, Сибмагийн усан үзэм ээ, Би чиний төлөө уйлах болно!
Чиний мөчрүүд далайн цаанатаа хүртэл сунаж, Иазерын тэнгист хүрэв.
Сүйтгэгч нь чиний зуны жимснүүд болон усан үзмийн ургац дээр чинь буув.
33 Тиймээс үржил шимтэй талбайнууд буюу Моабын нутгаас баяр хөөр болон баяр баясгалан зайлуулагдав. Дарсны шахуургуудаас Би дарсыг зогсоолоо. Хэн ч хашхиран гишгэлэхгүй, хашхираан нь ч хашхираан биш байх юм.
34 Хешбон дахь хашхираанаас Елеалег хүртэл, Иахазыг ч хүртэл буюу Зоараас Хоронаим, Еглат-шелишиа хүртэл тэд дуу хоолойнуудаа өндөрсгөв. Учир нь Нимримийн ус ч хүртэл эзгүйрнэ.
35 Мөргөлийн өндөрлөгүүд дээр өргөдөг бөгөөд өөрийн бурхдад утлага уугиулдаг Моабыг Би төгсгөх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
36 "Тийм учраас Миний зүрх сэтгэл Моабын төлөө лимбэ мэт уйлна. Мөн Кир-хересийн хүмүүсийн төлөө ч Миний зүрх сэтгэл лимбэ мэт уйлна. Тийм учраас тэд түүний олж бүтээсэн баялгийг алдсан.
37 Учир нь толгой бүр халзан, сахал бүр богино хайчлагдсан. Бүх гарууд дээр гүн огтлоос, ууц нуруунууд дээр таар байна.
38 Моабын бүх байшингийн дээврүүд дээр болон түүний гудамжнуудад газар бүр гашуудал байна. Учир нь Би Моабыг хүсэшгүй сав мэт эвдлэв" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
39 "Энэ нь ямар их нурав аа! Тэд гашуудав! Моаб ичгүүртэйгээр хэрхэн нуруугаа харуулж байна вэ! Тиймээс өөрийн эргэн тойрон дахь бүхэнд Моаб доог тохуу болон айдас болно" хэмээв.
40 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, нэгэн нь бүргэд мэт хурдан шаламгай нисэж, Моабын эсрэг жигүүрээ дэлгэнэ.
41 Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж,
тиймээс тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.
42 Моаб ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул тэрээр хүмүүсээс устгагдана.
43 Моабын оршин суугч аа,
айдас, нүх болон урхи чиний дээр байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
44 "Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж, нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно.
Учир нь Би түүний дээр, Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
45 "Хешбоны сүүдэрт оргодлууд хүчгүй зогсоно.
Учир нь гал Хешбоноос, галын дөлнүүд Сихоны дундаас гарч,
Моабын духыг болон үймээн дэгдээгчдийн хуйхыг залгилав.
46 Моаб аа, чи золгүй еэ!
Хемошийн хүмүүс устав.
Учир нь чиний хөвгүүд олзлогдож, чиний охид цөлөгдөн явсан.
47 Гэсэн хэдий ч хожмын өдрүүдэд Би Моабын сайн сайхныг сэргээнэ" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Моаб дээр ирэх шүүлт ингэж дуусаж байна.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Иеремиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52]