Иеремиа [4]

1 ЭЗЭН ийн тунхаглаж байна.
"Израиль аа, хэрэв чи буцаж ирвэл Над уруу буцаж ир.
Хэрэв чи жигшүүрт зүйлсээ Миний оршихуйгаас зайлуулж, ганхахгүй байж,
2 мөн үнэн, зөв, шударгаар "ЭЗЭН амьд" хэмээн тангараглах аваас,
үндэстнүүд Түүн дотор өөрсдийгөө ерөөж, Түүн дотор тэд сайрхах болно".
3 Учир нь Иудагийн хүмүүс болон Иерусалимд ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Боловсруулаагүй газраа хагалагтун, өргөст ургамлын дунд бүү тариал.
4 Иудагийн хүмүүс болон Иерусалемын оршин суугчид аа,
ЭЗЭНий төлөө өөрсдөдөө хөвч хөндүүлж, зүрхэндээ хөвч хөндүүлэгтүн.
Эс тэгвэл та нарын үйлсийн бузар булайгаас болж Миний уур хилэн гал мэт гарч шатан, хэн ч унтрааж чадахгүй.

5 Иудад зарлан, Иерусалимд тунхаглахдаа
"Нутагт бүрээ үлээ.
Чангаар хашхирч, "Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая" гэж хэл.
6 Сион тийш тугаа босго!
Хоргодох газар хай, бүү зогс.
Учир нь Би хойд зүгээс гай гамшиг болон аймшигт сүйрлийг авчирч байна.
7 Арслан ой шугуйнаасаа гарч, үндэстнүүдийг устгагч хөдөллөө.
Тэрээр газар нутгийг чинь цөлмөхөөр өөрийн газраасаа гарав.
Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно.
8 Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл.
Учир нь ЭЗЭНий ширүүн уур хилэн биднээс эргэж буцаагүй.
9 Тэр өдөр хаан болон ноёд зүрх алдаж, тахилч нар айн сүрдэж, эш үзүүлэгчид гайхах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
10 Тэгэхэд би "Аяа, Эзэн БУРХАН! Та энэ ард түмнийг болон Иерусалимыг үнэхээр хуурчээ. "Та нарт амар амгалан байх болно" гэж хэлсэн боловч хоолойнд илд хүрсэн байна" гэж хэлэв.
11 Тэр үед энэ ард түмэнд болон Иерусалимд "Миний ард түмний охины зүгт чиглэн цөлийн нүцгэн дов толгодоос бүгчим халуун салхи нь шигшин, цэвэрлэхийн тулд бус ирэх болно.
12 Үүний хувьд дэндүү хүчтэй салхи Миний тушаалаар ирнэ. Эдүгээ Би тэдний эсрэг шийтгэлүүдийг бас зарлах болно.
13 Үзэгтүн, тэрээр үүл мэт дээш гарч,
түүний тэрэгнүүд хуй салхи мэт юм.
Түүний морьд бүргэдээс илүү хурдан юм.
Бид сүйрсэн учир гаслантай яа!

14 Иерусалим аа, аврагдахын тулд бузар муугаас зүрхээ угаа.
Хэдий болтол чи хорон муу бодлоо бодох юм бэ?
15 Учир нь нэгэн дуу хоолой Данаас тунхаглаж,
Ефраим уулаас хорон мууг зарлан мэдүүлж байна.
16 Одоо үндэстнүүдэд мэдээл!
Иерусалимын дээр тунхагла.
"Бүслэгчид алс холын орноос ирж,
Иудагийн хотуудын эсрэг дуу хоолойгоо өндөрсгөдөг.
17 Талбайн харуул мэт тэд эргэн тойронд түүний эсрэг байна.
Учир нь тэрээр Миний эсрэг тэрсэлсэн билээ" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
18 Чиний зам болон чиний үйлс эдгээр зүйлсийг чам дээр авчрав.
Энэ нь чиний бузар муу байдал.
Ямар гашуун юм бэ?
Энэ нь чиний зүрх сэтгэлийг хөндсөн билээ!

19 Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна.
Зүрх минь! Миний зүрх миний дотор цохилж байна.
Би чимээгүй байж чадахгүй.
Учир нь сэтгэл минь, чи бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.
20 Гай гамшгийн дээрээс гай гамшиг тунхаглагдана.
Учир нь бүх газар нутаг үгүйрэн хоосров.
Гэнэтхэн миний майхнууд, агшин зуур миний хөшигнүүд үгүйрэн хоосров.
21 Би хэдий болтол туг харж, бүрээн дуу сонсох ёстой юм бэ?
22 "Учир нь Миний хүмүүс мунхаг юм.
Тэд Намайг мэддэггүй.
Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй.
Тэд бузар мууг үйлдэхдээ сүрхий, харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй".

23 Намайг газар дэлхийг харахад,
үзэгтүн, энэ нь хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон байв.
Тэнгэрүүд уруу харахад, тэд ямар ч гэрэлгүй байлаа.
24 Намайг уулс уруу харахад, үзэгтүн, тэд доргиж байв.
Мөн бүх дов толгод хойшоо урагшаа хөдөлж байв.
25 Намайг харахад, үзэгтүн, тэнд ямар ч хүн байсангүй.
Тэнгэрийн бүх шувууд ниссэн байв.
26 Намайг харахад, үзэгтүн, арвин жимстэй газар нь цөл бөгөөд бүх хотууд нь ЭЗЭНий өмнө, Түүний ширүүн уур хилэнгийн өмнө нураагдсан байв.

27 Учир нь ЭЗЭН ингэж тунхаглаж байна.
"Бүхэл газар нутаг хоосрох боловч Би бүрмөсөн устгахгүй.
28 Үүний төлөө газар дэлхий гашуудаж,
дээр буй тэнгэр харанхуй болно.
Учир нь Би айлдсан, Би төлөвлөсөн бөгөөд Би бодлоо өөрчлөхгүй, эргэж буцах ч үгүй".
29 Морьтон болон харваачийн дуугаар хот бүр зугтдаг.
Тэд ой шугуй уруу орж, хадаар авирдаг.
Хот бүр орхигдож, тэнд ямар ч хүн амьдардаггүй.
30 Зэлүүд болсон чи юу хийх вэ?
Чи хичнээн час улаанаар хувцаслан, алтан чимэглэлээр чимэн, нүдээ будаж томруулавч чи дэмий л өөрийгөө үзэсгэлэнтэй болгож байна.
Амрагууд чинь чамайг жигшдэг.
Тэд чиний амийг эрдэг.
31 Би төрөх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хашхирах дууг,
анхны хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг ёолох дууг,
амьсгаа давчдаж буй Сионы охины дууг сонсов.
Тэрээр гараа сунгаад, "Аа, би гаслантай яа! Учир нь би алуурчдын өмнө ухаан алдав" гэж хэлэв.



[Өмнөх]                [Дараах]



Иеремиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52]