Иеремиа [19]

1 ЭЗЭН ингэж айлдав. "Явж, ваарчны шавар ваар савыг худалдан ав. Ард түмний ахмадуудаас заримыг, ахлах тахилч нараас заримыг авч яв.
2 Тэгээд Потшерт дааман хаалганы орох үүдний дэргэдэх Бен-хинномын хөндийд очиж, Миний чамд хэлдэг үгсийг тэнд тунхагла.
3 "Иудагийн хаад болон Иерусалимын оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонс. Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, сонссон хүн бүрийн чих чичрэхээр тийм гамшгийг Би энэ газар дээр авчрах гэж байна.
4 Учир нь тэд Намайг орхиж, үүнийг харь газар болгож, өөрсдөө ч, эцэг өвгөдийн ч, Иудагийн хаадын ч мэдээгүй өөр бурхдад энэ газар тахилуудыг шатаасан бөгөөд гэмгүй хүмүүсийн цусаар энэ газрыг дүүргэж,
5 Баалд шатаалт тахил болгон өөрсдийн хөвгүүдийг галд шатаахын тулд Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьсан юм. Энэ нь Миний хэзээ ч тушаагаагүй, яриагүй, Миний санаанд ч ороогүй зүйл юм.
6 Тийм учраас, үзэгтүн, энэ газар Тофет буюу Бен-хинномын хөндий гэж дахин нэрлэгдэхээ больж, харин Аллагын хөндий гэж нэрлэгдэх өдрүүд ирж байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
7 "Би Иуда болон Иерусалимын зөвлөгөөг энэ газарт хоосон болгож, Би тэднийг дайснуудынх нь өмнө болон өөрсдийнх нь амийг эрэгчдийн гараар унагаах болно. Би тэдний хүүрүүдийг тэнгэрийн шувууд болон газрын араатан амьтдад хоол болгон өгнө.
8 Би мөн энэ хотыг балгас, харууслын шалтгаан болгоно. Үүгээр өнгөрөгч хүн бүр гайхаж, гай гамшгуудынх нь төлөө харуусах болно.
9 Би тэднээр хөвгүүд, охидынх нь махыг идүүлж, тэд бүслэлтэнд болон дайснууд нь ба өөрсдийнх нь амийг хайгчдын учруулсан зовлон дотор бие биеийнхээ махыг идэх болно" хэмээв" гэж хэл.
10 Тэгээд чамайг дагалдан явах хүмүүсийн нүдэн дээр чи ваарыг хагалж,
11 тэдэнд "Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна "Дахин дахин засаж болохгүйгээр ваарчны савыг хагалахтай яг адил Би энэ хүмүүс болон энэ хотыг хагална. Оршуулах газар байхгүй тул тэд Тофетэд оршуулна.
12 Энэ газар болон түүний оршин суугчдад Би ингэж хандах нь энэ хотыг Тофет шиг болгохын тулд юм" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
13 "Дээвэр дээр нь тэнгэрийн бүх эрхэст тахил өргөж, өөр бурхдад ундаан өргөлийг цутгасан бүх гэрүүдээс болж Иерусалимын болон Иудагийн хаадын гэрүүд Тофет газар шиг бузарлагдана" хэмээв" гэж хэл гэв.
14 Дараа нь ЭЗЭНий өөрийг нь эш үзүүлэхээр илгээсэн Тофетоос Иеремиа ирэв. Тэрээр ЭЗЭНий өргөөний хашаан дотор зогсож, бүх ард түмэнд хандан
15 "Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. "Үзэгтүн, Миний үгийг сонсохгүй гэж тэд хүзүүнүүдээ хатуу болгосон тул Би тэдний эсрэг тунхагласан бүхий л гамшгийг энэ хот болон түүний суурингууд дээр авчрах гэж байна" хэмээв" гэж хэлжээ.



[Өмнөх]                [Дараах]



Иеремиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52]