1 "Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, тэгээд харж ажигла.
Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг нэг хүнийг чи олох гэж нээлттэй талбайнуудаар хай.
Олбол Би тэр хотыг өршөөнө.
2 Тэд хэдийгээр "ЭЗЭНий амьд буйгаар тангараглая" гэдэг ч үнэндээ тэд хуурамчаар тангарагладаг.
3 Өө, ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу?
Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй.
Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан.
Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан юм.
4 Тэгэхэд Би "Тэд зөвхөн ядуус, тэд мунхаг.
Учир нь тэд ЭЗЭНий зам, өөрсдийн Бурханы тогтоолыг мэдэхгүй.
5 Би удирдагч нар дээр очиж, тэдэнтэй ярина.
Учир нь тэд ЭЗЭНий зам, өөрсдийн Бурханы тогтоолыг мэддэг" гэж хэлэв.
Гэвч тэд ч мөн адил нэгэн санаагаар буулгыг эвдэж, холбоосоо тасалсан.
6 Тийм учраас ойн арслан тэднийг алж,
цөлийн чоно тэднийг устгана.
Ирвэс хотуудыг нь харж байна.
Хотоос гарах хүн бүр тастуулах болно.
Учир нь тэдний нүглүүд их,
тэдний итгэлээс няцах явдлууд тоолшгүй олон ажээ.
7 Би чамайг яагаад уучлах ёстой билээ?
Чиний хүүхдүүд Намайг орхиж, бурхад биш болох тэдгээрээр тангарагласан шүү дээ.
Би тэднийг цадтал хооллоход тэд завхайрч, янхны гэрт бөөнөөрөө цуглацгаасан билээ.
8 Тэд нэг бүр нь хөршийнхөө эхнэрийн хойноос янцгаах тарган цатгалан цоглог морьд байсан юм.
9 Би эдгээрийг үл шийтгэх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?
10 Усан үзмийн эгнээгээр явж сүйтгэ, гэхдээ бүрмөсөн бүү устга.
Түүний мөчрүүдийг ховхол, учир нь тэд ЭЗЭНийх биш юм.
11 Учир нь Израилийн гэр болон Иудагийн гэр Надад маш итгэлгүй хандав гэж ЭЗЭН тунхаглаж байна.
12 Тэд ЭЗЭНий тухай худал хэлж,
"Энэ нь Тэр биш. Золгүй явдал бидэн дээр ирэхгүй. Бид өлсгөлөн, эсвэл илдийг үзэхгүй.
13 Эш үзүүлэгчид салхи мэт бөгөөд тэдний дотор үг алга.
Ийнхүү тэдэнд ийн үйлдэгдэх болно гэдэг.
14 Тиймээс түмэн цэргийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Чи энэ үгийг хэлсэн тул
үзэгтүн, Би чиний аманд Өөрийн үгсээ гал, энэ хүмүүсийг түлээ болгож, тэднийг шатаах болно.
15 Үзэгтүн, Би алс холоос чиний эсрэг нэгэн үндэстнийг авчирч байна, Израилийн гэр ээ!" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Энэ нь тэсвэртэй үндэстэн, эртний үндэстэн. Хэлийг нь чи үл мэдэх үндэстэн. Тэдний юу хэлж байгааг нь ч чи ойлгож чадахгүй.
16 Тэдний саадаг нь онгорхой булш мэт бөгөөд тэд бүгд хүчирхэг хүмүүс юм.
17 Тэд чиний ургац болон хоол хүнсийг залгина.
Тэд чиний хөвгүүд болон охидыг залгина.
Тэд чиний хонин сүрэг болон үхэр сүргийг залгина.
Тэд чиний усан үзэм болон инжрийн моддыг залгина.
Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг илдээр үгүй хийх болно.
18 "Гэтэл тэдгээр өдрүүдэд ч хүртэл Би чамайг бүрмөсөн устгахгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
19 Тэд "Яагаад бидний Бурхан ЭЗЭН бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?" гэж хэлэх үед нь чи тэдэнд "Та нар Намайг орхиж, өөрсдийн нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн бус нутагт харийнханд үйлчлэх болно" гэж хэлэгтүн.
20 Үүнийг Иаковын гэрт зарлаж, Иудад үүнийг тунхаглан,
21 "Нүдтэй боловч хардаггүй,
чихтэй боловч сонсдоггүй,
мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.
22 Та нар Надаас эмээдэггүй гэж үү?" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Та нар Миний өмнө чичирдэг биш үү?
Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд түүнд хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ.
Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй.
Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.
23 Харин энэ ард түмэн зөрүүд, тэрслэгч зүрхтэй юм.
Тэд хажуу тийш эргэж, холдов.
24 Тэд зүрх сэтгэлдээ "Намрын болон хаврын бороог хоёуланг нь улиралд нь өгдөг, бидэнд зориулан ургацын тогтоогдсон долоо хоногуудыг хадгалдаг ЭЗЭН Бурханаасаа одоо эмээцгээе" гэдэггүй.
25 Та нарын гэм буруу эдгээрийг эргүүлсэн бөгөөд
та нарын нүгэл өөрсдөөс чинь сайныг нуув.
26 Учир нь Миний ард түмний дундаас хорон муу хүмүүс олдсон бөгөөд
тэд хүлээж хэвтдэг шувуу баригчид шиг хардаг.
Тэд урхи тавьж, тэд хүмүүсийг барьдаг.
27 Шувуудаар дүүрэн тортой адил тэдний гэр заль мэхээр дүүрэн.
Тийм учраас тэд хүчтэй, баян болжээ.
28 Тэд тарган бөгөөд дэгжин.
Тэд бас хорон муу үйлсэд гаргууд.
Өөрсдөө өсөж цэцэглэхийн тулд тэд өнчний хэргийг өмгөөлдөггүй, ядуусын эрхийг ч хамгаалдаггүй.
29 Эдгээрийг Би шийтгэхгүй байх гэж үү?" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?" гэж хэл.
30 Энэ нутагт аймшигт муухай зүйлс тохиолдов.
31 Эш үзүүлэгчид хуурамчаар эш үзүүлж, тахилч нар өөрсдийн эрх мэдлээр удирддаг.
Миний ард түмэн үүнд маш дуртай байх юм!
Харин үүний төгсгөлд та нар яах юм бэ?
[Өмнөх] |                  | [Дараах] |
Иеремиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52]