Иеремиа [23]

1 "Миний бэлчээрийн хоньдыг тараан бутрааж, сүйтгэж байгаа хоньчид гаслантай яа!" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
2 Тийм учраас Миний ард түмнийг хариулж байгаа хоньчдын тухайд Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Та нар Миний хонин сүргийг тарааж, хөөж зайлуулан, тэднийг халамжилсангүй. Үзэгтүн, Би та нарын үйлсийн бузар муугийн улмаас та нарыг шийтгэх гэж байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
3 "Тэгээд Би Өөрөө хонин сүргийнхээ үлдэгсдийг Өөрийн хөөн зайлуулсан нутгаас цуглуулж, тэднийг бэлчээрт нь буцааж авчрах бөгөөд тэд үр жимс гаргаж, үржинэ.
4 Би бас тэдний дээр байх, тэднийг хариулах хоньчдыг томилох бөгөөд тэд цаашид айхгүй, түгшихгүй, хэн нь ч дутагдахгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

5 "Харагтун, Би Давидад зөв шударга Мөчир ургуулах өдрүүд ирж байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Тэрээр хаан мэт захирч, мэргэн ухаанаар үйлдэж,
энэ газар нутагт шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэнэ.
6 Түүний өдрүүдэд Иуда аврагдаж,
Израиль аюулгүй амьдарна.
Түүний дуудагдах нэр нь "ЭЗЭН бол бидний зөв шударга" юм".
7 ЭЗЭН тунхаглаж байна "Тийм учраас үзэгтүн, тэд "Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гаргасан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая" гэж хэлэхээ больж,
8 харин "Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон Миний тэднийг зайлуулсан бүх орнуудаас авчирч, удирдсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая" гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгэхэд тэд өөрсдийн хөрсөн дээр амьдарна".

9 Эш үзүүлэгчдийн тухайд,
зүрх минь миний дотор эмтэрч,
бүх яс минь чичирнэ.
ЭЗЭНээс болон Түүний ариун үгсээс болж би согтуу хүн мэт,
дарсанд дийлдсэн хүн мэт болов.
10 Учир нь энэ нутаг садар самууныг үйлдэгчдээр дүүрэв.
Учир нь энэ нутаг хараалаас болж гашууддаг.
Цөлийн бэлчээрүүд ганджээ.
Тэдний зам бас бузар муу бөгөөд тэдний хүч чадал зөв бус юм.
11 "Учир нь эш үзүүлэгч, тахилчийн аль аль нь бузарлагдав.
Өөрийн өргөөнд хүртэл Би тэдний хорон муу зүйлсийг оллоо" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
12 "Тийм учраас тэдний зам өөрсдөд нь халтиргаатай зам мэт байх болно.
Тэд түнэр харанхуй уруу зайлуулагдаж, тийшээ унана.
Учир нь Би тэдэн дээр гамшгийг буюу шийтгэлийнх нь жилийг авчирна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

13 "Үүнээс гадна, Самарийн эш үзүүлэгчдийн дунд Би эвгүй муухай зүйл харав.
Тэд Баалаар эш үзүүлж, Миний ард түмэн болох Израилийг төөрүүлж байв.
14 Би мөн Иерусалимын эш үзүүлэгчдийн дунд аймшигтай муухай зүйл харав.
Тэр нь садар самуун болоод худал хуурмагаар алхах нь юм.
Тэд бузар мууг үйлдэгчдийн гарыг бэхжүүлдэг.
Иймээс хэн нь ч өөрийн муу муухайгаасаа эргэсэнгүй.
Тэд бүгд Надад Содом мэт буюу оршин суугчид нь Гоморра мэт болов.
15 Тийм учраас эш үзүүлэгчдийн тухайд түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Үзэгтүн, Би тэднийг агиар тэжээж,
тэдэнд хортой ус уулгах гэж байна.
Учир нь Иерусалимын эш үзүүлэгчдээс бүх газар нутагт бузар тарав" хэмээв".

16 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Та нарт эш үзүүлж байгаа эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс.
Тэд та нарыг хоосон дэмий юманд удирдаж байна.
Тэд ЭЗЭНий амаас бус, өөрсдийн төсөөлсөн үзэгдлийг ярьдаг.
17 Намайг басамжилдаг хүмүүст тэд
"ЭЗЭН "Та нар амар амгалан байх болно" гэж айлдав" гэж хэлсээр байдаг.
Зүрхнийхээ гөжүүд байдлын дагуу явагч бүрд тэд "Та нар дээр гай гамшиг ирэхгүй" гэдэг.
18 Харин Түүний үгийг харж, сонсохын тулд хэн ЭЗЭНий зөвлөл дотор зогссон юм бэ?
Хэн Түүний үгийг анхаарч, сонссон бэ?
19 Үзэгтүн, ЭЗЭНий шуурга буюу хуйлрах хар шуурга уур хилэнгээр гарчээ.
Тэр нь хорон муугийн толгой дээр хуйлран эргэлдэнэ.
20 Тэрээр Өөрийн зүрхний зорилгуудыг биелүүлэн үйлдэхээс нааш ЭЗЭНий уур буцахгүй.
Сүүлчийн өдрүүдэд та нар үүнийг тодорхой ойлгох болно.
21 Би эш үзүүлэгчдийг илгээгээгүй, гэвч тэд гүйдэг.
Би тэдэнд яриагүй боловч тэд эш үзүүлэв.
22 Харин хэрэв тэд Миний зөвлөгөө дотор зогссон бол,
тэд Миний үгсийг Миний ард түмэнд тунхаглаж,
тэднийг бузар муу замаас нь болон үйлдлийнх нь бузар муугаас буцаан эргүүлэх байсан.

23 Би алс холын Бурхан биш,
харин ойрхон байх Бурхан уу?" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
24 "Би түүнийг харахгүйгээр хүн өөрийгөө хоргодох газар нууж чадах уу?" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Би тэнгэрүүд болон газрыг дүүргэдэггүй гэж үү?" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
25 "Миний нэрээр хуурамчаар эш үзүүлдэг эш үзүүлэгчид "Би зүүд зүүдэллээ, би зүүд зүүдэллээ!" гэж юу хэлснийг Би сонссон билээ.
26 Хэдий болтол вэ? Хуурмагийг эш үзүүлдэг эш үзүүлэгчдийн буюу өөрсдийн зүрхний төөрөгдлийн эш үзүүлэгчдийн зүрхэнд юм байна уу?
27 Тэдний эцэг өвгөд Баалаас болж Миний нэрийг мартсантай адил тэд бие биендээ хэлдэг өөрсдийн зүүдээрээ Миний хүмүүст Миний нэрийг мартуулахыг боддог.
28 Зүүд зүүдэлсэн эш үзүүлэгч зүүдээ хэлж болно. Харин Миний үгтэй нэгэн Миний үгийг үнэнээр хэлэг. Сүрэл нь үр тариатай юугаараа адил вэ?" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
29 "Миний үг галтай адил биш гэж үү?" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Чулууг бутлах алхтай адил биш гэж үү?
30 Тийм учраас үзэгтүн, Миний үгсийг бие биенээсээ хулгайлдаг эш үзүүлэгчдийн эсрэг Би байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
31 "Үзэгтүн, Би өөрсдийнхөө хэлийг ашиглан, "ЭЗЭН тунхаглаж байна" гэж тунхагладаг эш үзүүлэгчдийн эсрэг байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
32 "Үзэгтүн, Би хуурамч зүүдийг эш үзүүлэн, тэднийг хэлж, өөрсдийн худал хуурмаг болон болчимгүй сайрхлаараа Миний хүмүүсийг төөрүүлсэн тэдний эсрэг байна" гэж ЭЗЭН тунхаглаж байна. "Гэтэл Би тэднийг илгээгээгүй, тэдэнд тушаал ч өгөөгүй бөгөөд тэд энэ хүмүүст огтхон ч ашиг тус өгдөггүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
33 "Эдгээр хүмүүс, эсвэл эш үзүүлэгч, эсвэл тахилч чамаас "ЭЗЭНий зөн гэж юу вэ?" гэж асуухад чи тэдэнд "Ямар зөн?" гэж хэлэх ёстой. ЭЗЭН "Би та нарыг хаяна" гэж тунхаглаж байна.
34 Тэгээд "ЭЗЭНий зөн" гэж хэлдэг эш үзүүлэгч, эсвэл тахилч, эсвэл хүмүүсийн хувьд, Би тэр хүнд болон түүний гэрийнхэн дээр шийтгэл буулгана.
35 Та нарын хүн нэг бүр өөрийн хөрш болон өөрийн ах дүүд ингэж хэлэх болно. "ЭЗЭН юу гэж хариулав?", эсвэл "ЭЗЭН юу гэж айлдсан бэ?".
36 Учир нь та нар ЭЗЭНий зөнг дахин санахгүй. Яагаад гэвэл хүн бүрийн өөрийнх нь үг зөн болно. Та нар бидний Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН, амьд Бурханы үгсийг гуйвуулсан билээ.
37 Чи эш үзүүлэгчид "ЭЗЭН чамд юу гэж хариулав?" болон "ЭЗЭН юу гэж айлдав?" гэж хэлэх болно.
38 Учир нь хэрэв чи "ЭЗЭНий зөн" гэж хэлбэл, үнэхээр ЭЗЭН ингэж айлдаж байна. "Та нар "ЭЗЭНий зөн" гэсэн энэ үгийг хэлсэн тул" Би ч гэсэн та нарт "Та нар "ЭЗЭНий үг" гэж бүү хэл" хэмээн илгээсэн".
39 Тийм учраас үзэгтүн, Би та нарыг үнэхээр мартаж, та нарт болон та нарын эцэг өвгөдөд Өөрийн өгсөн хотын хамт Өөрийн оршихуйгаас зайлуулна.
40 Би та нарын дээр үүрдийн шившигт болон үл мартагдах үүрдийн доромжлолыг тавина.



[Өмнөх]                [Дараах]



Иеремиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45][46][47][48][49][50][51][52]