Сургаалт үгс [12]

1 Журамт байдалд дуртай хүн мэдлэгт дуртай.
Харин зэмлэлийг үзэн ядагч нь мунхаг болой.
2 Сайн хүн ЭЗЭНээс тааллыг хүртэнэ.
Ов мэхтэнг Тэр шийтгэнэ.
3 Хар санаа хүний оршихуйн тулгуур болж чадаагүй юм.
Харин шударга зөвийн үндэс хэзээд хэвээр үлдэнэ.
4 Сайн эхнэр нөхөртөө титэм юм.
Харин нөхрөө ичгүүрт оруулдаг эхнэр түүний ясан дахь идээ бээр мэт буюу.
5 Шударга зөв хүний бодол санаа зөв байдаг.
Харин хар санаатны зөвлөгөө нь хуурамч аж.
6 Хар санаатны үгс нь цус урсгахаар бүгдэг.
Харин цэх шулуун хүмүүсийн ам тэднийг аварна.
7 Хорон санаатнууд үлдэхгүй сүйрч устана.
Харин шударга зөв хүний орон гэр нь бат зогсоно.
8 Хүн билиг ухааны хэрээр хүндэтгүүлэн магтуулдаг бол
Гуйвуулагч нэгэн гадуурхагдана.
9 Талхаар тарчиг атлаа өөрийгөө өргөмжилснөөс,
Хэн ч биш атлаа зарцтай байсан нь хавьгүй дээр.
10 Зөв шударга хүн малынхаа төлөө санаа тавьдаг бол
Хар санаатны нинжин сэтгэл нь ч хахир аж.
11 Өөрийн газар дээр хөдөлмөрлөгч нь талх тариагаар элбэг дэлбэг байх болно.
Харин утгагүй юмны араас хөөцөлдөгч нь эрүүл ухааны гачаалд орсон хэрэг.
12 Хорон санаа бол өөдгүй хүний олз омог юм.
Харин шударга зөв хүний үндэс нь үр жимс ургуулна.
13 Хорон муу хүн уруулынхаа нүгэлд урхидуулдаг бол
Шударга зөв хүн зовлонгоос зайлдаг.
14 Хэлсэн үгсийнхээ үр жимсний улмаас хүн сайн сайхнаар цадна.
Хүний гараас гарах үйлс буцаж өөрт нь ирнэ.
15 Мунхгийн зам өөрийнх нүдэнд нь зөв харагддаг.
Харин мэргэн нэгэн зөвлөгөөг сонсдог юм.
16 Мунхгийн уцаар тэр дороо мэдэгдэнэ.
Харин хэрсүү нэгэн доромжлолыг өнгөрөөнө.
17 Үнэнийг ярьдаг хүн зөв юмыг хэлж буй хэрэг.
Харин хуурамч гэрчлэлд заль мэх байдаг.
18 Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол
Мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг.
19 Үнэнч ам мөнх настай бол худалч хэл агшин зуурын настай.
20 Хар санаа нь хорон мууг сэдэгсдийн зүрхэнд оршдог.
Харин амар тайвныг дэлгэрүүлэгчдэд баяр баясгалан байдаг.
21 Зөв шударга хүнд хор хөнөөл тохиолдохгүй.
Харин хорон санаатан гай тотгороор дүүрдэг.
22 Худалч уруул ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг бол
Итгэлтэйгээр үйлдэгсэд Түүний таалалд нийцдэг.
23 Хэрсүү хүн мэдлэгээ үзүүлэн болгодоггүй.
Харин мунхаг хүмүүсийн зүрх мунхаг явдлаа зарлан тунхагладаг.
24 Хичээл зүтгэлтэй хүний гар удирдан дагуулдаг бол
Лазан гар албадлагын ажилчин болгож орхино.
25 Зүрхэн дэх шаналал хүнийг дарамталдаг бол
Эелдэг үг түүнийг баярлуулдаг.
26 Зөв шударга хүн өөрийн хөршдөө газарчин болдог бол
Хар санаатай хүмүүсийн зам бусдыг төөрүүлдэг.
27 Залхуу хүн ангийн махаа шарахгүй.
Харин хүний үнэт өмч хөрөнгө бол хичээнгүй байх явдал билээ.
28 Зөв шударга хүний зам дээр амь бий.
Түүний зам дээр үхэл байхгүй.



[Өмнөх]                [Дараах]


Сургаалт үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]