Сургаалт үгс [28]

1 Хэн ч мөрдөж мөшгөөгүй байхад хар санаатан зугтдаг бол
Зөв шударга хүн арслан мэт зоригтой.
2 Хууль захирамжийг биелүүлэхээс татгалздаг улс орон олон захирагчидтай байдаг.
Харин ухаалаг агаад мэдлэгтэй хүний хүчинд улс орон удаан тогтоно.
3 Эгэл дорд хүмүүсийг зовоодог ядуу хүн хоол хүнс үлдээлгүй тариаланг усанд автуулах аадар бороотой адил ажээ.
4 Хуулийг орхигдуулдаг хүмүүс хар санаатныг магтдаг.
Харин хуулийг сахигсад хар санаатныг эсэргүүцдэг.
5 Хар санаатнууд шударга ёсыг ойлгохгүй.
Харин ЭЗЭНийг хайгч нар бүх юмыг ойлгодог.
6 Замаас гажсан баян байснаас үнэнч шударга дотор алхагч ядуу байсан нь дээр.
7 Хуулийг сахигч нь хэрсүү хүү мөн.
Харин ховдог хүмүүстэй нөхөрлөгч нь өөрийнхөө эцгийг гутаадаг.
8 Мөнгө хүүлэх замаар өмч хөрөнгөө арвижуулагч нь
Ядуусыг нигүүлсдэг нэгний төлөө үүнийг хурааж буй хэрэг.
9 Хуулийг үл сонсдог хүний залбирал нь ч хүртэл жигшүүртэй.
10 Цэх шулуун явагсдыг хорон муу замд хөтлөгч этгээд нь өөрийнхөө ухсан нүхэнд өөрөө унана.
Харин гэм зэмгүй хүн сайныг өвлөнө.
11 Баян хүн өөрийгөө мэргэнд тооцдог бол ухаантай ядуу хүн түүнийг шалгадаг.
12 Шударга зөв хүмүүс ялахад, агуу алдар суу байна.
Харин хар санаатнууд гарч ирэх цагт хүмүүс нуугдана.
13 Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй.
Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ.
14 ЭЗЭНээс ямагт эмээдэг хүнд ерөөл оршино.
Харин зүрхээ хатууруулдаг хүн гай гамшигт орооцолдоно.
15 Хорон санаатай захирагч ядууст хандахдаа архирах арслан ба дайрах баавгай мэт юм.
16 Хавчин дарладаг захирагч ухаанаар дутмаг байдаг.
Харин шударга бусаар олсныг үзэн яддаг хүний өдөр хоног уртсана.
17 Хүний цусыг урсгасан хэрэгт буруутгагдсан хүн үхэн үхтэлээ оргодол босуул байна.
Тийм хүнийг бүү дэмж.
18 Гэм зэмгүй алхдаг хүн аврагдах болно.
Харин замаасаа гажсан хүн нэгмөсөн унана.
19 Өөрийнхөө газрыг хагалагч хүн талх тариагаар арвин байх болно.
Харин хоосон мөрөөдлүүдийг мөшгөгч хүн ядуурлаар арвин байх болно.
20 Итгэлтэй хүн ерөөлөөр бялхах болно.
Харин баяжих гэж яарч тэвддэг хүнд заавал шийтгэл ирнэ.
21 Тал засах нь сайн зүйл биш.
Учир нь хүн зүсэм талхны төлөө нүгэл үйлддэг.
22 Хорон муу нүдтэй хүн эд баялгийн араас яаравчилдаг боловч
Ядуурал гадаа нь ирчихээд буйг үл анзаардаг.
23 Хэлээрээ зусарддаг хүнээс зэмлэгч хүн илүү их магтаалыг эцэст нь хүртдэг.
24 Эцэг эхээ цөлөмчихөөд, "Энэ бол нүгэл биш" хэмээн хэлэгч болбоос
Сүйтгэгч хүний хамсаатан юм.
25 Омог бардам хүн эвдрэлцлийг өдөөдөг.
Харин ЭЗЭНд итгэгч хүн хөгжин дэвших болно.
26 Өөрийн зүрхэндээ итгэдэг хүн мунхаг.
Харин мэргэн хүн аюулаас зайлдаг.
27 Ядууст өгдөг хүн хэзээ ч, юугаар ч дутагдахгүй.
Харин ядуу хүнээс нүдээ буруулагч хүн зүхэгдэнэ.
28 Хар санаатай хүмүүс гарч ирэх цагт хүмүүс нуугдана.
Харин тэднийг унах цагт шударга зөв хүмүүс олширно.



[Өмнөх]                [Дараах]


Сургаалт үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]