Сургаалт үгс [31]

1 Хаан Лемуелийн үгс буюу эх нь түүнд айлдсан сургаал.

2 Хүү минь, хэвлийн үр минь, миний амлалтын хүү,
3 Эмэгтэй хүний төлөө хүчээ барж үл болно.
Хаадыг сүйтгэгч нарт хүсэл зоригоо эзэмдүүлж үл болно.
4 Лемуел минь, хаан хүн дарс уух нь зохисгүй зүйл мөн.
Удирдагч хүн сархдыг хүсэн тэмүүлэх нь зохисгүй.
5 Учир нь тэд ууж согтууран тогтоолыг умартаж,
Зовж зүдэрсэн олны эрх ашгийг уландаа гишгэх вий.
6 Ядарч туйлдсан хүмүүст сархдыг барь.
Гашуун амьдралтай хүмүүст дарсыг барь.
7 Тэр ууж, ядуу зүдүү байдлаа мартан,
Зовлон зүдгүүрээ дахиж бүү санаг.
8 Хэлгүй хүмүүс болон золгүй бүх хүмүүсийн төлөө амаа нээ.
9 Амаа нээж, зөв шударгаар шүүж,
Ядуус ба гай зовлонд унагсдын эрхийг хамгаал.

10 Хэн арван хуруу тэгш эхнэр олж чадах вэ?
Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй.
11 Нөхөр нь түүнд бүрэн итгэх бөгөөд юугаар ч үл дутна.
12 Тэр бүх л амьдралынхаа турш нөхөртөө мууг бус, зөвхөн сайныг л үйлддэг.
13 Ноос ба маалинган даавууг тэр сонгон авч, гараа хумхилгүй ажилладаг.
14 Худалдаачны хөлөг онгоцнууд мэт тэр хоол хүнсээ хол газраас зөөдөг.
15 Тэр үүр цайхаас өмнө босож, гэр бүлдээ унд цайг бэлтгэж,
Шивэгчин бүсгүйчүүлдээ хийх ёстойг нь хуваарилдаг.
16 Тэр газрыг үзээд, худалдан авч,
Орлогоороо усан үзмийн мод тариалдаг.
17 Тэр ажилдаа хичээнгүй, шаламгай бөгөөд
Түүний гар улам хүчтэй болно.
18 Ажил үйлс нь бүтэмжтэй байгаад тэр урамшина.
Дэнлүү нь шөнөжингөө асдаг.
19 Гартаа ээрүүл барьж, хуруугаараа шаламгай ажиллана.
20 Ядуу хүнд гараа сунгадаг.
Гачигдаж дутагдсан хүмүүст тусалдаг.
21 Цас хаялахад гэр бүлийнхээ төлөө санаа зовох зүйлгүй байдаг.
Учир нь гэрийнхэн нь дулаан хувцсаар хангагдсан билээ.
22 Тэр орондоо бүтээлэг урлаж,
Ёрог даавуун ба нил ягаан өнгөтэй хувцас өмссөн байдаг.
23 Нөхөр нь хотын дааман хаалган дээр нутгийн ахлагч нарын дунд сууж байхдаа хүндлэгддэг.
24 Тэр ёрог даавуун дээл хийж, худалддаг бөгөөд
Бөс даавууг худалдаачдад нийлүүлдэг.
25 Тэр хүч чадал ба хүндэтгэлээр хувцасласан бөгөөд
Инээмсэглэлээр ирээдүйгээ угтана.
26 Тэр мэргэн үгээр ярьж, энэрлийг сургадаг.
27 Тэр гэр орондоо санаа тавих бөгөөд залхуурахыг үл мэднэ.
28 Үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд, түүнийг ерөөнө.
Эр нөхөр нь ч гэсэн түүнийг магтан
29 "Олон эмэгтэйчүүд сайн үйл хийдэг ч чи тэднээс илүү билээ" хэмээнэ.
30 Дур булаам байдал хуурамч бөгөөд гоо үзэсгэлэн ч хоосон.
Харин ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай.
31 Ажил үйлсийнх нь үр жимсийг түүнд өг.
Ажил үйлс нь дааман хаалган дээр түүнд хүндэтгэлийг авчрах болтугай.



[Өмнөх]                [Дараах]


Сургаалт үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31]